“БИ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ БҮТЭЭЖ ЧАДАХ ВЭ ” эссэ бичлэгийн уралдааны удирдамж

UB Info

Эссэ тэмцээний танилцуулга: 

Энэхүү тэмцээнийг Гоотийзийн Батшүрийн санаачилгаар Sorazi сан болон Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв /EARC/ хамтран зохион байгуулж байна. Тэмцээний гол зорилго нь хүүхэд залуучуудад ирээдүйдээ юу бүтээж чадахаа мөрөөдөх, тодорхой зорилт тавьж түүндээ тууштайгаар зүтгэх урам зориг өгөх явдал юм. Ингэснээр хүүхдүүд авъяас чадвараа эрт нээн илрүүлж, нийгэм орчин тойрондоо тулгарч байгаа асуудлыг хэн нэгэн шийдэж өгөхийг хүлээдэг биш өөрөө бүтээлчээр шийдэл олж чадах манлайлагч сэтгэлгээтэй болно. Шалгарсан хүүхдүүдэд мөнгөн шагнал өгөөд зогсохгүй тэдний хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь зөвлөж туслахыг зорьж байна. Дэлхийн шилдэг сургуулиудад тэтгэлэгтэй тэнцэхэд сайн эссэ бичиж сурах нь маш чухал юм. Энэхүү эссэгээр дамжуулан хүүхэд залуучууд ирээдүйд сурах сургуульдаа зориулсан эссэнийхээ суурийг тавих боломжтой.

Монголоос 100-хан доллартай гараад дэлхийн гурван шилдэг сургуулийг дүүргэсэн Гоотийзийн Батшүр нь одоогоор АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд хүн хүсэж мөрөөдөөд түүнийхээ төлөө тууштай суралцаж, хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл байхгүй гэдгийг залуу үедээ ойлгуулах чин хүсэлтэй. Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөөд, Хүмүүнлэгийн ухааны их сургууль цаашлаад Америкийн Cornell College, Johns Hopkins University and Carnegie Mellon University зэрэг сургуулиудад тэтгэлэгтэй суралцаж, Дэлхийн банк, аудитын 4 том фирм болох PWC-д ажиллаж байгаа тэрээр тэтгэлэг авахад эссэгээ сайн бичиж, өөрийгөө таниулж чадах нь хамгийн чухал гэдгийг онцлон хэлэх дуртай. Тиймээс ч хүүхэд залуусыг мөрөөдөлдөө ганц алхам ойртохын тулд сайн эссэ бичиж энэхүү тэмцээнд өөрийгөө сорьж үзэхийг уриалж байна.

Г. Батшүр тус уралдааныг зохион байгуулах санхүүжилт болох 2000 ам долларыг АНУ-д амьдарч буй монголчууд болон Монголд амьдарч байсан гадаад иргэдээс бүрдүүлсэн. Шалгарсан эссэгээ эдгээр донорууд болон дэлхийн банк зарим олон улсын байгууллагууд руу явуулж хүүхэд залуусын дуу хоолойг олон улсад хүргэх төлөвлөгөөтэй байна. Эссэг 5 хүний бүрэлдэхүүнтэй баг уншиж, эссэний оноо дүгнэх шалгуурын дагуу тус бүр оноо өгч, хамгийн өндөр оноо авсан 10 хүүхдийг шалгаруулна. Тиймээс эссэ дүгнэх шалгуур үзүүлэлттэй сайтар танилцаарай.

Хамтран зохион байгуулагчид:

Sorazi сан: Sorazi Foundation

EARC: https: www.earc.org

Хэн оролцох боломжтой вэ?

  • 14-18 насны хүүхдүүд
  • Улсын, хувийн сургуулиуд, хөдөө орон нутагт суралцаж байгаа бүх хүүдүүд

Тэмцээнд оролцох тухай заавар:

  • Эссэ бичихдээ Монгол, Англи хэлний аль нэгийг сонгож болно
  • Нийт үгийн тоо 750-1000-д багтсан байх
  • Эссэгээ 2021 оны 1 сарын 15-ны дотор илгээнэ үү.

Эссэг илгээж болох хэлбэрүүд:

Имэйл: Word document дээр бичээд soraziessay@gmail.com гэсэн имэйл хаягаар явуулах

Фэйсбүүк: Гараараа цаасан дээр бичээд зургийг нь аваад Sorazi Foundation хаягаар явуулах

Google маягт: ЭНД ДАРЖ маягтыг бөглөж явуулна уу. 

Эссэгээ имэйл-ээр явуулахдаа файл-аа дараах байдлаар нэрлэх

  • Нэр_сургууль_анги
  • Жишээ нь: Khulan_77school_11class

Эссэ явуулахдаа доорхи мэдээллийг зайлшгүй оруулсан байх шаардлагатай.

Жишээ нь:

  • Өөрийн овог, нэр: Ганболдын Хулан
  • Нас: 16
  • Анги: 11-р анги
  • Сургуулийн нэр, хаяг: 77-р сургууль
  • Гэрийн хаяг: Баянгол дүүргийн, 45-р байрны 56 тоот
  • Өөрийн холбоо барих утасны дугаар: 99883532
  • Гэрийнхний холбоо барих утасны дугаар: 95953356
  • Facebook хаяг: www.facebook.com/khulan

Эссэг шалгаруулахдаа дараах 5 шалгуураар оноо өгнө. 

Сэдэв:

  • Монголын өнөөгийн нийгэм, гэр бүл, анги хамт олон, эргэн тойронд чинь маш олон асуудлууд байгаа ч хамгийн чухал НЭГ асуудлыг сонгож авна.
  • Тухайн асуудал чамд яагаад чухал болох, түүнийг шийдэх ямар шийдэл байгааг мөн өөрийн оролцоог нарийн сайн тайлбарлана.
  • Эссэ нь эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн ерөнхий хэсгүүдтэй байх ба өрнөл хэсэгт  өөрийн санал болгож буй шийдлүүдээ 2-3 параграфт багтааж бичнэ. Параграф бүр тодорхой кэйс /жишээ/, нотолгоотой бол давуу тал болно.
  • Хамгийн гол нь чи өөрийн давуу талаа тодорхойлж түүн дээрээ суурилсан шийдлүүдээр эссэгээ баяжуулбал өндөр оноо авах боломжтой. Жишээ нь чи тоондоо сайн бол инженерийн, инноваци бүхий шийдлүүдийг бичиж болно. Харин чи урлагийн авъяастай бол энэхүү авъяасаа ашиглан хэрхэн асуудлыг шийдэж болох талаараа чөлөөтэй, бүтээлчээр сэтгэж бичээрэй.

Зохион байгуулалт:

  • Эссэний эхлэл, өрнөл, төгсгөл нь тодорхой байх. Эхлэл, төгсгөл хоёр нь сонин содон, хүний анхаарал татахуйц байх тусмаа сайн.
  • Үгийн тоонд багтааж, нийт  5-7 параграфтай байх.
  • Эхний 1-2 параграфт багтааж өөрийгөө танилцуулах, чиний авъяас, давуу тал юу вэ гэдгээ бичих. Дараагийн 1-2 параграфт чи ямар асуудлыг сонгож байгаагаа тайлбарлах.
  • Дараагийн 2-3 параграфт сонгосон асуудлаа хэрхэн шийдэх тухай бичих.
  • Төгсгөл параграфт бичсэн бүх зүйлсээ дүгнэх.
  • Параграф нь  3-5 өгүүлбэртэй, нэг утга санааг агуулсан байдаг.

Эссэндээ өөрийн дуу хоолойг шингээсэн байдал:

Эссэ бичигчийн дуу хоолой, сэтгэлийн хөдөлгөөн зэргээ тодорхой гаргасан байх. Чиний тайлбарлаж байгаа тэр асуудал дээр чи ямар хандлагатай, ямар сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлж байгааг уншигч хараад шууд ойлгох боломжтой байх.

Үгийн сонголт:

  • Эссэд орж байгаа үг чиний санааг тодорхой илэрхийлсэн байх. Үгийн сонголт ба үгийн баялагийг харна.
  • Сонгосон хэл дээрх хэлний дүрмийн мэдлэг:
  • Үг үсгийн алдаанаас гадна найруулага зүй, дүрмийн алдаагүй бичих

Эссэний талаар тодруулах зүйл байвал доорхи хаягаар холбогдоно уу.

Утасны дугаар: 96099236, 94997391

Холбогдох имэйл: soraziessay@gmail.com

Фэйсбүүк хаяг: Sorazi Foundation

САНАЛ БОЛГОХ