Та өөрийгөө хэр удаан наслахаа мэдэх үү?

UB Info

Хэрвээ бид танд өөрийгөө мөнхжүүлэх (immortal) арга байгаа гэвэл итгэх үү?  

Хүний биеийн биологийн насыг тодорхойлогч нь хромосомын төгсгөлд байрлах олон давтамжтай генүүдээс бүрддэг юм. Энэхүү хэсгийг теломер гэх бөгөөд 1930-аад оны сүүлд эрдэмтэн Хэрман Мюллэр болон Барбара МакКлинток нар жимсний ялааны (drosophila melanogaster) хромосомыг судалж нэр томьёог нь нээсэн байдаг. Үүний дараа 1987 онд Элизабет Блэкбёрн, Жозэф Галл нар эгэл биетэн tetrahymena thermophila-ийн ДНХ-ийн дарааллыг тогтоож теломераза гэх энзим теломерийг богиносохоос хамгаалах механизмыг олсноор 2009 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

Теломер нь хүний эсийн чухал хэсэг бөгөөд бидний эд эсийн насжилтад нөлөөлдөг. Бидний хромосомыг хамгаалдаг ДНХ-ийн хэлхээ бүрийн төгсгөлд таг байдаг. тухайлбал гутлын үдээсний үзүүрт байдаг хуванцар үзүүрүүдтэй зүйрлэж болохуйц. Гутлын үдээсний хуванцар үзүүр байхгүй байсан бол үдээс амархан эвдэрч хэлхээнүүд нь сулардагтай адил теломергүй бол ДНХ-ийн утаснууд хуваагдах болгондоо богиносож, эсүүд үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог.

Эсийн хуваагдлын мөчлөг бүрд ДНХ-ийн репликацийн явцад хоцрогдсон (lagging strand) хэлхээний бүрэн бус нийлэгжилтээс теломерууд 50-200 хос нуклеотидоор богиносдог. Эцэст нь теломер байхгүй болж эс хөгширч үхдэг юм.

Гэхдээ байгаль гэж сонин шүү. Заавал нэг засах механизм байж л байдаг. 

Теломер хуваагдах болгонд теломераза энзим нийлэгжиж алдагдсан нуклеотидуудыг нэмж уртасгадаг юм. Хэрвээ энэ энзим үргэлж нийлэгжиж ДНХ-г хамгаалдаг байсан бол амьд организмууд үхэл гэдэг зүйлийг мэдэхгүй байхсан биз.

Гэхдээ ихэнх зүйл сайн болон муу талтай байдгийн сайн санаарай. Теломераза энзим хэт их нийлэгжсэнээр мутаци болон хорт хавдар үүсэх магадлалтай байдаг юм шүү!

Эх сурвалж: sciencedirect.com

Зураг 1: med.stanford.edu

Санал болгох ном: “The Telomere Effect” by Elissa Epel and Elizabeth Blackburn

САНАЛ БОЛГОХ