Хөдөлмөрийн зах зээл ялимгүй сэргэж байна

Мэдээ

Ажилгүйдлийн түвшин сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшинд ирлээ

Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны төлөв сайжрахгүй байна. Улсын хэмжээнд ажил эрхлэлт өнгөрсөн оны мөн үеэс буурч, ажилгүйдлийн түвшин энэ он гарсаар огцом нэмэгдэв. Аж үйлдвэр болон үйлчилгээний салбараас бусад салбарт ажил эрхлэлт зогсолтгүй буурсаар. Ажил хийж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл тийм ч таатай тоо харагдахгүй. Гэхдээ энэ оны хоёрдугаар улиралд үйлчилгээний ажлын байрны олдоц нэмэгдэж, улмаар хөдөлмөрийн зах зээлд ялимгүй сэргэлт ажиглагдав.

Аялал жуулчлал болон барилгын зарим төсөл идэвхжиж, алтны уурхайн олборлолт энэ оны хоёрдугаар улирлаас эрчимжиж эхэлсэн нь дээрх байдалд түлхүү нөлөөлжээ. Ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 11.6 хувь болж, өмнө оныхоос 4.2-оор нэмэгдсэн. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас хоёрдугаар улирлын ажилгүйдлийн түвшинг хараахан танилцуулаагүй байгаа. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин буурсан байх магадлал өндөр.

Ажилгүйдлийн түвшин сүүлийн хоёр улирал дараалан өссөнөөр 2010 оны нэгдүгээр улирлаас хойших хамгийн муу түвшиндээ хүрээд байгаа юм. Хөдөлмөрийн биржид шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо өссөөр. Аж үйлдвэрээс бусад салбарт энэ оны нэгдүгээр улиралд ажил эрхлэлт буурсан бол хоёрдугаар улиралд үйлчилгээ болон барилгын салбарт ажил эрхлэлт өсөх хандлагатайг дээр дурдсан. Өнгөрсөн хугацаанд нэрлэсэн болон бодит цалингийн өсөлт саарах болсон. Харин хөдөлмөрийн бүтээмж эсрэгээр нэмэгдсэн байна. Монголын эдийн засгийн 41 хувийг үйлчилгээний салбар эзэлдэг. Сүүлийн нэг жилийн дотор тус салбар бодит хэмжээгээрээ 1.4 хувиар өссөн билээ.

Эдийн засагч Д.Лхагвасүрэн “Ажил эрхлэлт нь эдийн засгийн өсөлт буурсан үед илүү чухал сэдэв байдаг. Бид санхүүгийн, эсвэл хэт холын асуудал байнга ярьсаар бодит эдийн засаг, өрхүүдийнхээ сайн сайхныг бараг анзаарахгүй шахуу явсаар ирлээ” гэсэн юм. Эдийн засгийн бодлогын хамгийн чухал зорилтуудын нэг нь ажил эрхлэлт. Ажил эрхлэлт нь зөвхөн Засгийн газрын зорилт бус мөнгөний бодлогын хүрээнд ч гэсэн амин чухал зорилт байх ёстойг тэрбээр өөрийн бичсэн “Ажил” номонд бичжээ.

Хөдөлмөрийн эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ оны зургадугаар сарын эцэст 45.4 мянга болсон. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 32.8 мянга нь ажилгүй хүмүүс. Энэ нь өмнөх оны үеийнхээс 0.1 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин тавдугаар сарынхаас 2.8 хувиар буурсан байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний хагас жилд бүртгэлтэй байсан 13.4 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Шинээр ажилд орсон иргэдийн хувьд түр буюу улирлын шинжтэй ажлын байраар хангагдсан байна.

Дэлхий нийтийн өмнө сүүлийн үед тулгамдаж буй нэг асуудал бол залуучуудын ажилгүйдэл. Манай улсын ажилгүй иргэдийн 60.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Энэ үзүүлэлт Өмнөговь, Дорнод, Увс, Төв, Ховд, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Булган, Дорноговь аймагт улсын дунджаас 2.4-12.5 хувиар илүү гарчээ. Залуус ажил хийхгүй удсанаас тэдний боловсрол, мэдлэг чадвар хурдан зэвэрдэг сөрөг талтай. Манай улс харьцангуй залуу хүн амтай болохоор хөдөлмөрийн насны хүмүүс их. Тиймээс ажил эрхлэлт нэмэгдсэнээр ядуурал огцом буурах боломжтойг зарим эдийн засагч үздэг.

САНАЛ БОЛГОХ