Сибирийн анхны нийслэлийг монголчууд байгуулжээ

Мэдээ

Сибирийн анхны нийслэл болох 429 жилийн настай Тобольск хотыг монгол угсааны ноёд байгуулсан нь Сибирийн он дарааллын бичиг, Персийн болон дотоодын эх сурвалжуудаар батлагдаж буй аж. Энэ талаар түүхийн ухааны доктор Ж.Урангуа олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлын салбар хуралдаан болох “Монголын гадаад харилцаа судлал”-ын үеэр хэлэлцүүлсэн илтгэлдээ дурдав. Сибирийн овог, аймгууд XIII зуунд Монголын их хаанд дагаар орсон цагаас Алтан урагийн хаадын энэ газар нутаг дахь нөлөөлөл 400 гаруй жил алдаг оног үргэлжилжээ.

Тухайн үед Сибирийн нутаг дэвсгэрт оршиж байсан торгууд, халимаг болон кыргыз, узбекууд Зүчийн угсааны хаад, ноёдод алба гувчуур төлдөг байсан нь түүхийн сурвалжуудад үлдсэн байна. Сибирийн талаарх анхны сурвалж болох Монголын нууц товчоонд энэхүү нутагт амьдарч байсан овог, аймгууд Чингис хаанд дагаар орсон тухай байдаг аж.

Монголчууд XVII зуунаас Сибирийн нутаг дэвсгэр дэх нөлөөний бүсээ оросуудад алдсан байна. Тиймээс энэ үеийг Сибирийн түүхийн оргил үе гэж тооцож болох аж. Харин Оросын эх сурвалжид тэмдэглэснээр 1556 онд эндхийн олон жижиг аймгийн нэгнийх нь ноён Оросын хаанд дагаар орсноор Сибирь дэх монголчуудын нөлөө үгүй болсон гэж үздэг нь өрөөсгөл дүгнэлт хэмээн монголч эрдэмтэд үзэх болжээ. Учир нь 1557 оноос Дундад Азиас Зүчийн угсааны ноён Сибирьт очиж 50 жил тасралтгүй засагласан байна. Тиймээс Сибирийн газар нутаг бол Түрэг, Монголын угсааны ноёдын мэдэлд ямар нэг байдлаар байсан гэдгийг эрдэмтэн Ж.Урангуа хэлэв.


САНАЛ БОЛГОХ