Нийтийн тээвэрт бугласан шахаа

Мэдээ


Ойрын 1-2 жилд 90 тэрбум төгрөгийн парк шинэчлэл хийнэ


Монголчуудын ажлын байр, борлуулалтын зах зээлийг гаднынханд найр тавьж өгөх эсэх нь дарга нар ямар эрх ашгаа эн тэргүүнд тавихаас шалтгаална. Учир нь ойрын жилүүдэд нийтийн тээвэрт парк шинэчлэл эрчимтэй хийгдэх гэж байна. Нийслэлийн иргэдэд үйлчилж буй 1247 том оврын автобус болон троллейбусны 80 хувь нь ойрын 3-4 жилд үйлчилгээнээс хасагдана. Уг нь нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийтийн тээврийн хүртээмжийг 75-80 хувьд хүргэх зорилттой. Үүний ч төлөө бүхэл бүтэн бүтэц татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад сууж буй. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар явуулын хүмүүстэйгээ нийлээд 1.8 сая гаруй хүн зорчдог Улаанбаатар хотод 2-3 мянган автобус үйлчилж байж дээрх зорилтоо хэрэгжүүлэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, жилд хамгийн багадаа 200 автобусыг таван жилийн турш үйлчилгээнд гаргана гэсэн үг.

Харамсалтай нь, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэд сэтгэл ханамжтай үйлчлүүлэх найдвар тун бүрхэг байна. Зорчих хэрэгцээ их, нийтийн тээвэр үйлдвэрлэх үндэсний хэмжээний үйлдвэртэй атлаа өнөөдрийн хэмжээнд тултал нь дордуулчихжээ, түмний өмнөөс төр түшилцэж буй нөхөд. Улаанбаатар хотод жилд дунджаар 100 орчим том оврын автобус, троллейбус үйлчилгээнээс хасагддаг гэх мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгөв. Тухай бүрт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20-иод аж ахуйн нэгж хуучин болон хямд үнэтэй автобусаар парк шинэчлэл хийдэг. Нэг хэсэг нь БНСУ-д 4-5 жил ашигласан автобус авдаг бол нөгөө нь Хятад зэрэг улсын үйлдвэрлэгчдээс лизингээр авч, үйлчилгээнд нэвтрүүлдэг аж.

Харин улсаас 2009, 2014-2015 онд нийт 470 орчим автобус нийлүүлж, иргэдэд үйлчилж буй. 2009 онд нэг бүрийг нь 60-70 мянган ам.доллараар 400 автобус авч байсан бол сүүлд дотоодын үйлдвэрлэгчид эко автобусаа 200 орчим сая төгрөгөөр нийлүүлж байжээ. Улсдаа томоохонд тооцогдох парк шинэчлэл хэмээгддэг эдгээр автобусны 400 нь гурван жилийн дараа ашиглалтаас гарах юм. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг ойрын 4-5 жилд эрчимтэй хийх шаардлага бий. Гэхдээ гутлын үдээсээ ч өөрсдөө үйлдвэрлэдэггүй монголчуудад тээврийн парк шинэчлэл гэдэг нь иргэдийн хувьд далайг салаар гатлахаас ялгаагүй шахам дарамт, дарга нарын хувьд бол мөнгөний авдрын түлхүүр атгахтай адил том боломж болж хувираад багагүй хугацаа өнгөрлөө. Одоогийн байдлаар нийтийн тээвэрт өдөрт гарч буй 937 автобусны тун багахан хэсэг нь буюу 50 шахам нь л үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн автобус, троллейбус.

Өөрөөр хэлбэл, 2005 оноос дэлхий дахинд нэвтэрсэн евро 4 стандарттай ногоон технологи бүхий автобуснууд. Харин бусад нь өдгөө үйлдвэрлэхээ больчихсон, сэлбэг нь нүдний гэм болсон автобуснууд. Дэлхий нийт устөрөгчийн эрчим хүч, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлд эргэлт буцалтгүй шилжсэн байхад гагцхүү монголчууд л 1960-аад оны технологиор хот дотроо зовлогоо зөөж буйг шүүмжилдэг мэргэжилтнүүдийн үг ортой. Ямар сайндаа л засвар үйлчилгээ авахаа байсан “тэтгэврийн” нийтийн тээврээр паркаа шинэчилсээр байгаад иргэд бухимдаж байх вэ. Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Манайд явж буй ихэнх автобус эрүүл мэндэд нэн хортой нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн болон азотын давхар исэл аймшигтай ихээр ялгаруулдаг тул дэлхийд хаана ч үйлдвэрлэхээ больсон. Азотын давхар исэл нь хүүхэд, эмэгтэй хүний урагт нөлөөлж, хар тугалга цусанд суулгадаг бодис шүү дээ” хэмээв.

• Нийтийн тээвэрт өдөрт гарч буй 937 автобусны 50 шахам нь л үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн автобус, троллейбус.

• Монголчууд л хоцрогдсон технологиор хот дотроо зовлогоо зөөж буйг шүүмжилдэг мэргэжилтнүүдийн үг ортой.

• Эхний ээлжинд шинэчлэх 200 автобусны нэгж үнийг 450 сая төгрөг буюу одоогийн ханшаар 185.6 мянган ам.доллараар тогтоожээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн хэлж буйгаар чадал нь хүрвэл ойрын 1-2 жилд 400, үгүй бол 200 шинэ автобус нийтийн тээвэрт гаргахаар төлөвлөжээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг нь БНСУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр шийдэх нь одоо яригдаж буй хамгийн нааштай хувилбар. Харин эдийн засгийн хүндхэн нөхцөлд байгаа гэдэг шалтгаанаар улс, нийслэлийн энэ оны төсөвт сохор зоос ч парк шинэчлэлд тусгаагүй. Мөн эхний ээлжинд шинэчлэх 200 автобусны нэгж үнийг 450 сая төгрөг буюу одоогийн ханшаар 185.6 мянган ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгааг нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 200 автобус худалдаж авахад 90 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр шийдэхээр төлөвлөжээ. Гэтэл уг мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ор тас үгүйсгэлээ.

Тэрбээр “Одоогоор санхүүжилтээ шийдэх нь чухал байгаа болохоос ямар маркын автобус, аль улсаас, ямар үйлдвэрлэгчээс авах нь тодорхойгүй байна” гэв. Гагцхүү манай эрс тэс уур амьсгалд нийцсэн, нам шалтай, цонх нь цантдаггүй, зундаа агааржуулагч нь ажиллачихдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэл багатай, ашиглалтын зардал бага, евро 5-6 стандартын хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл авахыг чухалчилж буй аж. Харин Д.Жаргалсайхан “Дэлхий дахинд үйлдвэрлэж буй нам шалтай, жижиг мотортой автобуснуудыг бид аль хэдийнэ хийдэг болсон. Гадаадад цацах гэж байгаа 450 сая төгрөгөөр дотоодын үйлдвэрлэгчид орчин үеийн технологид нийцсэн, гурав дахин их багтаамжтай, евро 5 хөдөлгүүртэй автобусыг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл гол нь “эх орноосоо урвагч” дарга нар захиалгаа дандаа гаднынханд өгч, монгол хүндээ хандахгүй байна шүү дээ” хэмээв. Хөл дээрээ тэнцээд ирсэн авто тээврийн аж үйлдвэрээ түшиглэвэл зөвхөн нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд 300-400 хүний ажлын байр бий болж, гадагшаа урсах 37 сая гаруй ам.долларыг дотоодод төвлөрүүлэх бүрэн боломж уг нь байна.




САНАЛ БОЛГОХ