Хүүхдээ умартсан технологийн боолууд

Мэдээ


Хүүхдээ байршил тогтоогчийн тусламжтай олсон тухайгаа хуваалцжээ


Хэдхэн жилийн өмнө байршил тогтоогч, онцгой дуу авиа гаргадаг төхөөрөмжийн тухай мэдээллийг та технологийн дэвшил мэтээр хүлээж авдаг байсан байх. Харин өнөөдөр энэ бүх хэрэгсэл хүн бүрийн заавал ашиглах ёстой, аюулгүй амьдралын нэг туслагч болжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр төхөөрөмжийг амьдрал ахуйдаа нэвтрүүлэх нь нийгмийн захиалга болон хувирав. Саяхан интернетээс “Хүүхдүүд хаашаа алга болоод байна” нийтлэлийн доор нэгэн ээж алга болсон хүүхдээ байршил тогтоогчийн тусламжтай олж авсан тухайгаа хуваалцсан байв.

Тэр ээж 10 настай хүүхдийг нь харанхуй хонгилд хорьсон байсан гэж бичжээ. Технологийн дэвшлийг ашиглаж, амьдын хагацлаас амь мултарсан ганц тохиолдол байсан тул тэр олон сэтгэгдэл дундаас онцгой санагдсан юм. Нийслэлийн Цагдаагийн газрын өгч буй мэдээллээр 2017 оны эхний 11 сарын байдлаар хүүхдийн эсрэг гэмт хэргийн 468 тохиолдол бүртгэгджээ. Харин 1210 хүүхэд эрэн сурвалжилсан байна. Эрэн сурвалжилсан хүүхдийн дийлэнх нь эцэг, эх асран хамгаалагчийн хайхрамжгүй байдал, хүүхдийг хаана юу хийж явааг нь мэдэхгүйн улмаас цагдаагийн байгууллагад хандсан тохиолдол аж.

Гэхдээ энэ нийтлэлд гэмт хэргийн тохиолдлыг тоочих гэсэнгүй. Харин ухаалаг утас, интернет сүлжээг амьдралдаа арай ухаантайхан ашиглах юмсан гэдгийг хүмүүст ухуулах үүднээс бага зэрэг эрэл хайгуул хийж үзлээ. Монгол Улсад үүрэн холбооны 3.8 сая хэрэглэгч бүртгэлтэй байгаагаас 2.4 сая нь ухаалаг утас хэрэглэдэг гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны бүртгэлээс мэдэж болно. Харин дата үйлчилгээний хэрэглэгч тэднээс 10 гаруй хувиар илүү. Насанд хүрсэн хүн бүр ухаалаг утастай, интернет сүлжээнд холбогдох өргөн боломж нээгдсэн. Мэдээлэл технологийн ачаар хүн төрөлхтөн гараг хооронд ч холбогдож чадаж байна. Энэ дэвшлийн ачаар дэлхий дээр нууц гэж байх боломжгүй боллоо гэж ярьж байхад бид хамар дороосоо бээлийн чинээ үрээ алдаж, хаана, хэний гарт ямар аюулд орсныг нь мэдэхгүй байсаар амьдын хагацал үздэг тохиолдол буурахгүй байна.

Хамгийн сүүлд л гэхэд Замын-Үүдэд алга болсон охинд байрлал тогтоогч зүүсэн бол гэж харамсах, халаглах хүн ч олон. Дэлхий дахинд хүүхдийг янз бүрийн гэмт хэрэг, хулгай, дээрэмд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио өгдөг түлхүүрийн оосор, бугуйвч, хүзүүний зүүлт, байршил тогтоогчтой цаг гээд олон төхөөрөмжийг иргэд нь гарын дор ашиглаад сурчихсан. Сар, жил өнгөрөх тусам ийм төхөөрөмжүүд ухаалаг, хэрэглэхэд хялбар болж байна. Харин манай улс технологийн хэрэглээг нийгмийн сайн сайхны тусын тулд ашиглахдаа тун хойрго аж. Ганц нэг хувь хүн, байгууллага л дээрх шиг өдөр тутамдаа ашиглаж болох жижиг төхөөрөмжийг цөөн тоогоор оруулж ирж, интернетээр борлуулдаг. Харин нэгдсэн журмаар ЦЕГ-аас 2016 оноос эхлэн наадмаар бага насны хүүхдүүдэд эцэг, эхийнх нь утасны дугаарыг тэмдэглэсэн бугуйвч тарааж эхэлсэн. Бужигнасан олны дунд төөрсөн хүүхэд өнөөх бугуйвчаа бусад хүнд үзүүлж, эцэг, эхтэйгээ хэл үг авалцсан тохиолдол цөөнгүй. Энэ аргыг 2016, 2017 онд хэрэглэснээр баяр наадмын талбайд хүүхэд алга болох тохиолдлыг 3.2 дахин буулгаж чадсан талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярбаясгалан ярилаа.

Технологийн ямар ч дэвшлийг хүүхэд хамгаалахад ашиглах бүрэн боломжтой
Мөн ЦЕГ “Izar zone” хэмээх мэдээлэл технологийн компанитай хамтран Хан-Уул, Баянгол дүүргийн хоёр сургуульд хүүхдийн байршил тогтоох систем нэвтрүүлжээ. Эцэг, эх хүүхдээ хаана байгааг мэдэхийн тулд “Цахлай” нэртэй апп-ыг татан авч, сард мянган төгрөг төлөхөд л хангалттай аж. Харин бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг байршил тогтоогчтой бугуйвч, цүнхний болон түлхүүрийн оосрын тусламжтай хангах боломжтой юм байна. Саяхан нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуульд ахлах ангийн сурагчид орцонд бөөнөөрөө мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан. Тиймээс сургуулийн захирал нь байршил тогтоогч апп-ыг эцэг, эх төдийгүй багш нар ч утсандаа суулгаж, сурагчдаа хаана бөөнөөрөө явдгийг нь мэдэх хэрэгтэй гэсэн санаачилга гаргажээ. Туршилтын журмаар хэрэгжүүлж буй “Цахлай” апп амжилттай болбол удахгүй орон даяар нэвтрүүлнэ гэдгээ tsakhlai.mn-ийн редактор Б.Гантуяа ярилаа. Мөн “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас охид, эмэгтэйчүүдэд зориулж бэлгийн хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй орчинд амьдарч байгаа эсэхээ мэдэх боломжтой “Хүчирхэг охид” апп гаргаад удаагүй байна. Хүүхдэдээ анхаарал тавих нь эцэг, эхийн үүрэг.

Харин үүргээ илүү хялбар биелүүлэх боломжийг гар утас, ухаалаг төхөөрөмжийн тусламжтай ойртуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд санхүүжилт болон бүх талын оролцоог хангах нь чухал байгааг эх сурвалжууд хэлж буй юм. Тухайлбал, цагдаагийн байгууллагынхан хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага нэгдэхгүй байгаагаас хүч нь тарамдаж, олон нийтэд юу ч хийдэггүй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг онцлов. Гэмт хэргээс үр дүнтэй урьдчилан сэргийлэхэд техник технологийн ямар ч шийдлийг дэмжиж, хамтарч ажиллахаа тэд илэрхийлсэн. Харин мэдээлэл технологийн салбарынхан олон улсад хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгарсан арга нь байршил тогтоогч, дуут дохио байдгийг сонирхууллаа. Иймэрхүү туршлагыг бусад улс орон Засгийн газрын хэмжээнд анхаарч, бүх талын оролцоог хангадаг. Тухайлбал, Японы Засгийн газраас хүүхдийн байршил тогтоогч, дуут дохионы үйлчилгээ нэвтрүүлснээр хүүхэд алга болох, төөрөх тохиолдол гурван жилийн хугацаанд 23 хувь буурчээ.

• Нийслэлд эрэн сурвалжилсан 1210 хүүхдийн дийлэнх нь эцэг, эхийн хайхрамжгүй байдлаасаа болж хүүхдээ алдсан тохиолдол.

• Утасны дугаартай бугуйвчны ачаар 2017 онд баяр наадмын талбайд хүүхэд алга болох тохиолдлыг өмнөх оноос 3.2 дахин бууруулж чаджээ.

• Сурагчдаа бөөнөөрөө хаана явдгийг мэдэхийн тулд багш нар ч байршил тогтоогч апп хэрэглэхийг зөвлөв.

Дуут дохио хангинахад эргэн тойронд нь байгаа хүмүүс тухайн хүүхдэд тусламж хэрэгтэйг ойлгож, арга хэмжээ авснаар хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд нийгмээрээ хөдөлж чаддаг. Харин Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн судлаач Г.Оюунболд ийм туршлагыг нэвтрүүлэхэд бүх боломж нээлттэй, гагцхүү санаачилга л дутагдаж байгааг хэллээ. Тэрбээр “Хүүхэд хамгааллын хуулиар орон нутаг, засаг захиргааны нэгжид хүүхэд хамгаалах бодлогоо өөрсдөө гаргах бүрэн эрхийг өгсөн. Энэ хүрээнд гэмт хэргийн сэдэлгүй л бол технологийн ямар ч дэвшлийг хүүхэд хамгаалахад ашиглах бүрэн боломжтой. Хамгийн гол нь ухаалаг төхөөрөмж, сэлбэгээ хэрхэн зөв ашиглах талаар бүгд нэг ойлголттой болохын тулд сургуулийн өмнөх болон суурь боловсролын орчинд энэ талын мэдлэг мэдээллийг өгөх хэрэгтэй” гэв. Үр хүүхдээ золгүй тохиолдол, гэмт хэргийн золиос болгохоос сэргийлэх боломжийг мэдээллийн эрин үе, техник технологийн дэвшил биднээс булаах бус харин ч харамгүй олгож байна. Тиймээс үр хүүхдэдээ анхаарал хандуулж, технологийн боол биш эзэн байцгаая.





САНАЛ БОЛГОХ