Илүүдсэн амь гэж үгүй
Отгонтэнгэр хайрханд авиралт хийгээд буух замдаа 17 уулчин цасан нурангид осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Төрөөс хүн хүч, техникийн багагүй зардал гаргаж, богино хугацаанд эрэн хайх ажиллагааг явуулсны үр дүнд өчигдөр оройн байдлаар 14 уулчны цогцсыг олоод байна. Үйл ажиллагааны зардлыг тооцож болох хэдий ч, эрдэнэт хүний амь насны гарз хохирлыг тооцож хэрхэн чадахсан билээ. Мөнгөөр хэмжиж үл чадах үнэ цэнэтэй зүйл бол энэ. Хэрэг явдалтай холбогдуулж иргэдийн харууссан, харамссан гунигаас гадна “хохь нь”, “өөрсдийнхээ амийг золиослогч” энэ тэрээр эрсдэгсдийг буруутгасан, тавласан дэндүү увайгүй үзэл бодол сошиал ертөнцөөр нэг тархаж байх юм. Монгол хүн яагаад амь насандаа ийм хайхрамжгүй, бие биенийхээ үхэл, хагацал, зовлон гунигт хатуу балмадаар ханддаг болоо вэ?
Бидний цөөхөн бас ядуу монголчууд биеэ, тэр тусмаа бие биесээ үл хайхрах юм бол өөр хэн хайрлах юм. Монголд илүүдэл хүн гэж үгүй. Ид хийж бүтээх насны энэ олон залуусын халуун амь нэг дор өнгөрчихлөө. Юутай хайран. Юутай харамсалтай. Дэндүү болгоомжгүй, салан задгай хэт хайхрамжгүй, дураараа байдал маань эргээд ямар их эрсдэл аюулыг дагуулж байна вэ?
Үйлдвэр, зам тээврийн осол, өвчин зовлонгоос гадна ийм байдлаар монгол хүний амь үрэгдээд байхыг цаашид тэвчээд байж боломгүй ээ. Хорвоо ертөнцийн жамаараа бус, золгүй шалтгаанаар эндэгсдийн статистик өссөөр байгаад дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг нэгэнт иржээ. Нийгмийн болоод хувь хүний зүгээс хүлээх хариуцлага ямар ихээр сулраа вэ.
Хариуцлагагүй, хайхрамжгүй зоргоор явдал даамжирсаар амь насаараа ийн төлөөс төлөх нь хэрээс хэтэрлээ. Болоод өнгөрсөн эмгэнэлт осолд хэн нэгнийг буруутгахаасаа илүү алив нэгэн дүрэм заавар, хууль гаргасан юм бол түүнийгээ ягштал дагаж мөрдөж хэвших нь бидэнд туйлаас эрхэм болохыг ухамсарлах ёстой юм. Хэрэвзээ, БОАЖ-ын сайдын 2015 онд гаргасан Отгонтэнгэр хайрханд авирахыг хориглосон шийдвэрийг уулчид тоомсорлосон бол... байгаль хамгаалагчийн үгэнд ороод буцсан бол...аюулгүй байдлаа чухалчилж ядаж л олсонд олууллаа холбогдоогүй бол гэсэн хэт хэнэггүй зоргоор араншингаас үүдсэн харамсалтай алдаа дахиад хэзээ ч давтагдахгүй байхыг энэ ослоос сургамжлан үлдэх нь чухал юм даа.
Зөвхөн уулын спортод төдий бус монголчууд бид хэтэрхий дураар авир байдлаасаа болж ямар их хохирол амсаж байгаа билээ. 2017 оны эхний улиралд гэхэд л зам тээврийн ослоор 147 хүн, үйлдвэрийн ослоор 18, гал түймэрт 25, үер усны аюулаар 18, уурхайн ослоор 13 хүний амь эрсэдсэн гэх хэрдхиймээр тоо баримт байна. Энд эмч, эмнэлэгийн ажилтнуудын алдаанаас болж эндсэн иргэдийн тоо орсонгүй гээд бодохоор монгол хүн амь нас юутай үнэ цэнэгүй үрэгдэнэ вэ? Ямар дайн дажин болж байгаа биш, гагцхүү бидний хариуцлагаас хамааралтай гээд бодохоор даанч харамсалтай. Бид гаргасан хууль дүрмээ дага даг биелүүлдэг, аливаад дэг тэй журамтай, хариуцлагатай үндэстэн байхынхаа чухлыг ухаарахад хэчнээн хүний амь насны золио шаардлагатай юм бол.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй