Гурван агентлагийн даргын захиалга үлдсэн

Ярилцлага

Засгийн газраас ирүүлсэн захиалгын 30 гаруй ажлын байранд 80 гаруй иргэн өрсөлдлөө

Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын талаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхантай ярилцлаа.

-Засгийн газраас Төрийн албаны ямар орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга ирүүлээд байна вэ?
-Засгийн газраас найм, есдүгээр сард ирүүлсэн захиалгууд өнөөдрийн байдлаар дууссан байна. Одоогоор шинээр захиалга ирүүлээгүй. Харин агентлагийн даргын захиалгын гурван орон тоо үлдсэн байгаа. Тодруулбал, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалт үлдсэн. Мөн УИХ-аас баталсан шийдвэрийн дагуу шинээр байгуулсан Соёл урлагийн хорооны даргын сонгон шалгаруулалтын захиалга удахгүй ирнэ.

Өнгөрсөн хугацаанд нийт 12 агентлагийн даргыг сонгон шалгарууллаа. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш нийт 30 гаруй ажлын байрны сангийн шалгаруулалтад 80 гаруй иргэн өрсөлдсөн. Үүнд орон нутгийн бүтцийн байгууллагын захиалга ч хамаарч байгаа. Яамдын хувьд Төрийн нарийн бичгийн дарга нарын орон тоо гүйцсэн. Мөн Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга хот, байгуулалтын яам болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй учраас сонгон шаргаруулалт зарлаагүй гэж ойлгож болно.

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг өнгөрсөн долоо хоногт сонгон шалгаруулсан. Үүнд хэчнээн иргэн бүртгүүлсэн бэ. Саналаа Засгийн газарт хүргүүлсэн үү?
-Энэхүү сонгон шалгаруулалтад нэг иргэн бүртгүүлсэн. Зарим хүн ямар ч өрсөлдөөнгүй боллоо хэмээн шүүмжилж байгаа. Гэтэл өрсөлдөөн нийтэд ил тод зарласан өдрөөс эхэлсэн. Ажлын байрны шаардлага хангасан хэн боловч бүртгүүлэх боломжтой юм. Ажлын 21 хоногийн хугацаанд шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлсэн. Энэ хугацаанд хэн ч бүртгүүлэхгүй байгаа нь нэг хүн гарахаас өөр сонголт байхгүйг харуулж байна. Өнгөрсөн пүрэв гарагт холбогдох дүрэм журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг Засгийн газарт өргөн мэдүүлсэн.

-Төрийн албаны зөвлөлөөс иргэдэд нээлттэй байдлаар төрийн албаны шалгалт авсан. Нийт 1600 орчим иргэн хамрагдсан байна. Шалгалтын дүнгээс иргэдийн оролцоо болон мэдлэг чадварыг дүгнэвэл ямар байна вэ?
-Шалгалтад хамрагдаж буй иргэдийн дийлэнх нь бүдэрдэг. Гэтэл Төрийн албаны зөвлөл зориудаар шалгалтад унагаж байгаа мэтээр ойлгодог. Гэхдээ тухайн ажлын байранд өрсөлдөж буй иргэн тодорхой зорилготой, өөрийгөө бүрэн дайчилдаг, хууль эрх зүйн ном, гарын авлага үзэж, сургалтад хамрагдсан хүмүүс л шалгалтаа амжилттай өгөөд байна уу гэж ажиглагдсан. Үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн дийлэнх нь шалгалтад тэнцдэг. Үүрэг гүйцэтгэж байгаа хүн нэгдүгээрт, нэрээ боддог, хоёрдугаарт, илүү сайн бэлтгэдэг. Учир нь үүрэг гүйцэтгэгч хийж байгаад шалгалтад уначихвал бусдын өмнө эвгүй байдалд орох байх гэсэн болгоомжлол ч байдаг гэдгийг нуугаад яах вэ. Нэг үүрэг гүйцэтгэгчтэй цуг таван иргэн шалгалтад ороход үүрэг гүйцэтгэгчийн авсан оноо илүү өндөр байдаг. Туршилтын шалгалтын дараа бас нэг зүйл анзаарагдсан нь ажлаа хийж явсан иргэнд манай зарыг хараад ямар ч бэлтгэлгүй өгсөн байдал харагдсан. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл цахимаар авсан шалгалтын дүнг харахад шалгалт өгсөн хүмүүсийн 15-20 хувь нь тэнцсэн байдаг.

» УИХ-аас баталсан шийдвэрийн дагуу шинээр байгуулсан Соёл урлагийн хорооны даргын сонгон шалгаруулалтын захиалга удахгүй ирнэ.
» Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга хот, байгуулалтын яам болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй учраас сонгон шаргаруулалт зарлаагүй.
» Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг Засгийн газарт өргөн мэдүүлсэн.
-Өнөөдрийн байдлаар төрийн албаны нөөцөд бүртгэлтэй хэчнээн хүн байна вэ?
-Өнгөрсөн онд 15200 иргэн бүртгэлтэй байсан. Үүнээс 1000 орчмыг нь ажилд томилсон. Гэхдээ нөөц нэг газраа байдаггүй. Аймаг, орон нутгийн бүх нөөцийг нэгтгэнэ. Удирдах ажилтных гэхэд зөвхөн Төрийн албаны зөвлөл дээр зохион байгуулсан шалгаруулалтаар 75 иргэн нөөцөд байсныг 60-ыг нь албан тушаалд томилсон. Үлдсэн нь нөөцөд бүртгэлтэй хэвээр байна. Нэг албан тушаалд таван хүн өрсөлдсөнөөс нэг нь ажилд орж, дөрөв нь нөөцөд үлдэнэ. Нөөцөд байгаа хүмүүс тухайн албан тушаалд хоёр жилийн хугацаанд очих боломжтой. Эсвэл чиг үүрэг ойролцоо, ажилласан туршлага, боловсрол гээд тавигдах шаардлага нь ижил түвшинд байвал өөр албан тушаалд шилжих боломжтой. Гэхдээ төсвийн шууд захирагч гэсэн албан тушаалд очих хүмүүс заавал шалгалт өгөх ёстой. Жишээлбэл, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шалгалт өгсөн хүн Сангийн яам руу шилжиж болдоггүй. Журмаар зохицуулсан харилцаа учраас заавал дахин шалгалт өгнө.
2010 оноос хойш өнөөдрийг хүртэл цахимаар авсан шалгалтын дүнг харахад нийт шалгалт өгсөн хүмүүсийн 15-20 хувь нь тэнцсэн байдаг.
-Яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон гэхээр бүх салбарт Төрийн албаны салбар зөвлөл байгуулсан гэж ойлгож болох уу?
-Бүх яаманд шинээр Төрийн албаны салбар зөвлөл байгуулаагүй. Сангийн яаманд гэхэд л хуучин Төрийн албаны салбар зөвлөл ажиллаж байгаа. Харин үүнийгээ бататгана. Ингэснээр салбар зөвлөлийн даргыг шинээр томилно.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төрийн албаны зөвлөл УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан намын талд үйлчилж байна гэж шүүмжилж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Иргэд, улс төрийн зарим хүчин, хэвлэл мэдээллийнхэн энэ тухай өгүүлдэг. Сүүлийн 20 жилд аль улс төрийн хүчин түлхүү гарч ирсэн, тэр нь Засгийн эрхийг барьж байна. Гэхдээ хүмүүс улс төрийн хүчинд үйлчиллээ гэж ойлгоод байна. Олонх болсон улс төрийн хүчин өөрөө Засгийн газраа бүрдүүлж ажиллах хуультай байдаг юм.


САНАЛ БОЛГОХ