Минж нутагшуулах хэрэгцээ бий

Экологи

Хангалттай тооны минж хараахан үржиж амжаагүй байна

ОХУ-ын Томск муж орчим минжний тоо толгой хэт олширчээ. Тиймээс минжийг устгах, эсвэл Казахстан, Монгол зэрэг оронд нутагшуулах уу гэдгийг орон нутгийн төлөөлөл болон судлаачид ярилцаж байна. Минж олширсон шалтгааныг Томск мужийн Загас, агнуурын хэлтсийн дарга Виктор Сиротин чонын тоо толгой ховордсонтой холбон тайлбарласан юм.

Хойд хөршийнхөн маань ийн тоо толгой нь хэт өссөн минжнээсээ салах арга хайж байгаа бол Монголд харин эсрэгээрээ. 2012 оноос Туул голын усны нөөцийг хадгалах, экосистемийг нь байгалийн жамаар хадгалах зорилгоор ОХУ, ХБНГУ-аас манайх минж авчирч нутагшуулж буй. Энэ удаа ч Оросоос “илүүдсэн” минжийг нь авах шаардлага, боломж бололцоо байгаа талаар бид БОАЖЯ болон холбогдох судлаачдаас тодруулсан юм.

Хэдийгээр цаашид Монгол орны зарим гол мөрөнд минж нутагшуулах шаардлага бий ч хангалттай тооны минж хараахан үржиж амжаагүй байгаа талаар Биологийн ухааны доктор, дэд профессор С.Шар тайлбарласан юм. Харин салбарын яаман дээр энэ талаар яригдаагүй аж. Тус яамны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамьянхүү “Харь төрөл зүйлийг нутагшуулах ажил био аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, журмын хүрээнд зохицуулагддаг. Тиймээс дээрх мэдээлэлтэй холбоотой ямар нэг асуудал одоохондоо яригдаагүй байна” гэсэн юм.


Нөгөө талаар, минж ус ихтэй амьдрах орчин шаарддаг тул хэт олноор нь гаднаас авчрах нь тухайн төрөл зүйлд тохиромжтой бус. Мөн харь амьтан, ургамал нутагшуулах нь биологийн бохирдолд тооцогддог тул иймэрхүү ажлыг төдий л дэмжихгүй байх нь дээр гэдгийг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Лхагвасүрэн анхааруулав.

Минж нутаглахад хамгийн тохиромжтой орчин бол Булган гол
Усны инженер гэгдэх минж нь Монгол орны "Улаан ном"-д бичигдсэн, ховор амьтан. Тоо толгойг нь хамгаалах зорилгоор 1974 оноос Ховдын Булган голоос гадагшаа урсдаггүй Ховд, Тэс голд нутагшуулах ажил эхлүүлсэн байна. 2000-аад он гартал уйгагүй ажилласны хүчинд Ховд голынх нь харьцангуй тогтвортой болоод буй аж. 2014 оны байдлаар Ховд голд 90-110, Тэс голд 60-80 минж нутагшиж байгааг тогтоожээ. Тэсийн голын минжний 70 орчим хувь нь хилийн наана, үлдсэн нь цаана аж төрдөг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь манай орны уур амьсгал минж нутаглахад таатай байгаагийн илрэл аж.

Харин Монгол орны уугуул минж болох Төв Азийн минжийн удмын санг хадгалж үлдэх зорилгоор Туул голд нутагшуулж буй минжтэй холиогүй. Туул болон Заан голд тавьсан бавари, сибирь минж хэрхэн амьдарч байгааг судлаачид улирал тутам очиж шалгадаг байна.

Сортой, гоёмсог үстэй энэ амьтан харьцангуй тайван, таатай орчинд аж төрдөг. Тиймээс ч голын дөлгөөн урсгал, бут ихтэй дулаан орчин, шим тэжээлтэй ургамал бараадан нутагладаг байна. Бас голын эрэг нурахааргүй байх ёстой аж. Булган гол яг ийм орчинтой гэдгийг С.Шар доктор онцолж байв. Харин Заан голын эхээр тавьсан минжнүүд уруудаж, нам дор газрыг бараадах болжээ. Учир нь голын эх рүү дөхөх тусам урсгал нь ширүүсдэг тул минжид тохиромжгүй байдаг байна.


ЗГМ: ТОДРУУЛГА
Туул голын экосистемд 15 жилийн дараагаас өөрчлөлт орно


Туул голд минж нутагшуулах ажлыг гүйцэтгэж буй МУИС- ийн Биологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Шараас дараах тодруулгыг авлаа.

-Монгол орны аль хэсгээр минж нутагшуулах хэрэгцээ байгаа вэ?
-Халх гол бол минж баталгаатай нутагших газар. Мөн Онон, Хараа, Ерөө голд минж нутагшина. Орхон гол бас нутагшихад Туул голоос илүү тохиромжтой нутаг гэж үзэж байгаагаа Германы судлаачид хэлсэн.

-Минж ямар ач холбогдолтой юм бэ?
-Жижиг голуудыг минж дэмждэг гэдгийг нотолсон Европын эрдэмтдийн судалгаа хангалттай олон бий. Гол бол голдирлоороо л урсана уу гэхээс салаалдаггүй. Харин минж голын олон салааг өвс, модны мөчрөөр босгож, усны урсцыг удаашруулдаг. Ингэснээр тухайн хэсгийн газарт шингэх ус нэмэгддэг юм. Мөн боосон хэсэгт усан тогтоол үүсэж бусад бичил биет, амьтан үржих боломж олгодог. Ингэж минж тухайн голын экосистемд байгалийн жамаар, алгуур нөлөө үзүүлдэг.

-Тоо толгой нь олшрох хэр зэрэг хор уршигтай вэ?
-Үлийн цагаан оготно зэрэг шиг байгальд их хэмжээний хор хохирол учруулахаар олон минж дэлхийд байхгүй. Томск мужид болж буй явдал бол тухайн хэсэгхэн газар л минж хэт төвлөрснөөс үүдсэн байж болох юм. Манайх шиг том газар нутагт минж олшроод, гай удах хэрэг хэзээ ч гарахгүй.

-Туул, Заан голд тавьсан минжнүүд хэр зэрэг нутагшиж байна вэ?
-2012 онд хотын захиргааны санаачилгаар Туул гол, түүнд цутгадаг Заан голд 16 буюу найман хос минж тавьсан. Гэхдээ Заан голд сайн тогтохгүй байна. Газар нь өндөрдөөд байж магадгүй юм. Өндөрсөх тусмаа налуу, голын урсгал ширүүн болно. Минжнүүд маань доошилж байна.

-Эргэж тойрч байна уу?
-Бид улирал бүхэн очиж үздэг, хянадаг. Одоохондоо энд тэнд ганц нэгхэн далан барьсан харагдсан. Гэхдээ хангалтгүй. Минжний тоо олшрох тусам л голын экосистемд сайнаар нөлөөлнө.

-Минж үржүүлгийн төвд хэдэн толгой байна вэ, асаргаа сайтай юу?
-Халамж их шаарддаг амьтан. Өвчин гаргахгүйн тулд цэвэрлэгээ үйлчилгээг сайн хийх ёстой. Хоолыг нь хотын захиргаанаас өгдөг. Дулаан байранд амьдардаг учраас асаргааг нь сайн хийгээд байвал үржээд л байна. Үржүүлгийн байрны багтаамж 15-16 хосод тохирох хэмжээтэй. Гэтэл одоо жилд тоо нь 7-8-аар нэмэгдэж байгаагаас зай талбай хүрэлцэхгүй болоод байна. Тиймээс өнгөрсөн зун хэдэн минж Туул голд аваачиж тавьсан.

-Туул болон Заан голд минж сэргээн нутагшуулах ажил хэдэн жилийн дараагаас үр дүнгээ өгч эхлэх вэ?
-Энэ их удаан үйл явц. Ховд голд минж нутагшуулах ажил 30 гаруй жил үргэлжилсэн. Одоо л нэг амьсгаа авахтай болж байна. Энэ удаа ч мөн наанадаж 10 жил уйгагүй ажиллана. Цаашлаад 15 жилийн дараагаас л голын экосистемд нааштай өөрчлөлт орж эхлэх байх. Яагаад гэвэл манайд жил бүр болдог шар усны үер минжид халгаатай байдаг. Үерт үүрээ алдсан минжнүүд дахин шинэ үүр барих газраа эрж олно. Өнөөхийг нь дахиад үер аваад явна. Энэ мэтээр өөрт тохиромжтой нутгаа олоход нэлээд хэдэн жил болдог.

-Минж хэр хурдан үрждэг амьтан бэ?
-Амьдралын нөхцөлөөс их шалтгаална. Тайван орчинд бол нэг удаа дөрөв хүртэлх дүдэр гаргадаг. Үржил нь нэгдүгээр сард эхэлж, дөрөвдүгээр сард зулзгална. Харин манайх зориудын нөхцөл тул дүдрийн тоо хоёроос хэтрэхгүй байна. Гэхдээ зэрлэг амьтан бол зориудын орчинд үржилд огт орохгүй байх нь элбэг. Харин бид үржлийн нөхцөлийг нь хангаж өгсөндөө баярладаг.


САНАЛ БОЛГОХ