Мөнгөний бодлогын хүүг өөрчлөх үү

Мөнгө ба бизнес

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурлаа өнөөдөр хийхээр товлосон. Шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах зөвлөл анхны хурлаа хийх гэж байгаа нь энэ. Төв банкны мөнгөний бодлогын хүү 15 хувьтай тэнцэж буй. Үүнийг тус хурлаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН

Б.Лхагважав (МҮХАҮТ-ын ерөнхийлөгч)
-Эдийн засаг агшиж, бизнесийн үйл ажиллагаа хумигдаж байна. Энэ нь бодлогын хүүг 15 хувь болгож өсгөсний үр нөлөө. Тиймээс Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг бууруулна гэж найдаж байна. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь банкуудын зээл олголтыг бараг зогсоосон. Тэд Монголбанкны үнэт цаас болон Засгийн газрын бонд худалдан авч байна. Энэ нь хамаагүй эрсдэл бага тул ийм сонголт руу орж байгаа хэрэг. Гэхдээ эдийн засаг, бизнесийн орчноо дэмжих үүднээс бодлогын хүүгээ эргэж харах цаг болсон.


ТӨВ БАНК ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БОЛОМЖТОЙ

О.Цогтгэрэл (“ТЭСО” корпорацийн ерөнхийлөгч)
-Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь инфляцийн тогтвортой байдал. Инфляци төв банкны зорилтот түвшнээс хамаагүй бага түвшинд байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах үндсэн нөхцөл болж байгаа юм. Тиймээс бодлогын хүүг бууруулах хэрэгтэй. Үндэсний статистикийн хорооноос арваннэгдүгээр сарын инфляцийн дүнг танилцуулсан. Уг үзүүлэлтээр инфляци 0.2 хувийн өсөлттэй гарсан. Харин бодлогын хүү 15 хувьтай тэнцэж байгаа. Монголбанк инфляцийн зорилтоо дунд хугацаагаар тодорхойлсон. Энэ нь бодлогын хүүгээ дунд хугацаанд бууруулах алхмын эхлэл гэж харж байна. Төв банк эдийн засгаа дэмжих боломжтой. Тэр боломжийг нь инфляци бүрдүүллээ.


МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

Б.Мөнхзаяа (СЭЗИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч) -Монголбанкны мөнгөний бодлогын хүү нэмэгдсэн нь зээл болон хадгаламжийн хүүг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа. Энэ нь бизнесийн орчинд сөрөг үр дагавар авчирсан тал бий. Банкууд зээлээ хязгаарлах, улмаар хумих бодлого баримтлах болсон. Төв банкны бодлогын хүү нэмэгдэх хэрээр Монголбанкин дахь арилжааны банкуудын харилцах дансанд байрших төгрөгийн нөөц нэмэгддэг. Энэ нь бизнес эрхлэгчдэд шаардлагатай зээлийн эх үүсвэр хомсдоход сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх үүднээс төв банк 15 хувьтай тэнцэж байгаа бодлогын хүүгээ бууруулах нь илүү оновчтой шийдвэр байх болов уу.


БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ НЬ ЭЕРЭГ ҮР ДҮН АВЧИРНА


Б.Мөнхсоёл (Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал)
-Төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанкны Захирлуудын зөвлөл дөрвөн сарын өмнө бодлогын хүүгээ 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Харамсалтай нь, анхны тавьсан зорилтоо энэхүү шийдвэр хангаж чадаагүй. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн хугацаанд нэлээд хувиар суларлаа. Бодлогын хүү нь Засгийн газрын бондын хүүнд нөлөөлж байна. Арилжааны банкууд ч зах зээлд мөнгө гаргахаас илүү бонд болон Төв банкны үнэт цаасыг худалдан авах сонирхол нь идэвхжсэн. Бодлогын хүүг ялимгүй бууруулах орон зай бий. Тиймээс энэ боломжоо Монголбанк ашиглах болов уу гэж харж байна. Энэ нь эдийн засгийн идэвхжилд ч эерэг нөлөө үзүүлж, бизнесийн орчинд үүссэн нөхцөл, байдлыг зөөллөх боломж юм.


ИНФЛЯЦИ НАМ, ТОГТВОРТОЙ ТҮВШИНД БАЙГАА


Б.Алтанцэцэг (МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш)

-Монголбанкны хувьд бодлогын сонголт хийхэд маш хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж ирсэн. Бодлогын хүүгээ наймдугаар сард нэмэгдүүлж, ам.долларын эсрэг төгрөгийн эргэлдэх хэмжээг хязгаарлах оролдлого хийсэн. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш харьцангуй тогтворжиж ирлээ. Ханшийн зах зээлд үүссэн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж байгааг үгүйсгэхгүй. Үүнээс гадна инфляци нам, тогтвортой түвшинд хэвээр байгаа. Эдгээр нь бодлогын хүүг бууруулах үндэслэл болох талтай. Бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн нь хатуу сонголт байсан. Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих үүднээс бодлогын хүүг бууруулах байх гэж таамаглаж байна.

САНАЛ БОЛГОХ