ДАЯАРШИЛ БУЮУ ЖИЖИГ УЛСЫГ ТЭЭРЭМДЭН ХАЯХ ИХ АЯН

Судлаачийн үг
Даяаршил нь улс гүрнүүдийн бүрэн эрхт байдлыг хязгаарлахад хүргэдэг

Өнөө үеийн олон улсын харилцааны чухал хандлага болох даяаршил хэсэг чимээгүй байна. Дэлхийн эдийн засгийн хямрал, “Арабын хавар”-ын шуугиан түүний цууриаг хав дарчихав уу? Уг нь даяаршил явагдсаар байгаа. Түүнд Монгол мэт жижиг, бага буурай орнууд өртөх үү, ямар үр дагавартай байх вэ гэдэгт Та тархиа гашилгана уу!

Даяаршлын үйл явцын сайн талуудыг бус, харин хөгжиж байгаа мань мэт орнуудад саар талууд гэж үздэгээс нь дэлгэе. НҮБ-ын чуулган дээр хөгжиж байгаа улс орнуудын төлөөлөгчдийн хэлсэн үгнээс эшлэе. НҮБ-д хэлэгддэг жижиг, бага, ядуу орнуудын гомдлын товчоо гэж хэдэн зуун боть болохоор юм.

Гол дүгнэлт нь даяаршлын хурд нааштай нөлөө үзүүлнэ гэдэгт дэлхийн дийлэнх улс эргэлзэж буй. Даяаршлын нөлөөг хязгаарлан, хяналт тавихгүй бол энэ нь хэтдээ олон улсын харилцааг хямруулж, хөгжлийн төлөвлөгөөг тасалдуулах аюултай гэсэн хардлага их байна.

Хардлага №1: Урсгалын гадна үлдэх аюул гэв.

Даяаршлын үед хөгжиж байгаа, буурай улсуудын хувь заяа тэдний мэдэлд бус, хөгжингүй цөөн хэдэн улсын мэдэлд орж, хөгжиж байгаа улсууд урсгалаар хөвж, тэр даяаршлынх нь үр шимийг цөөн хэдэн улс хүртэнэ. Үүнд олон улсын харилцааны хэм хэмжээ, ёс зүй гэж байхгүй болно. Даяаршил дэлхийн янз бүрийн бүс нутгийн орнуудад янз янзаар тусч байгаа. Гэхдээ Африкийн хувьд “онцмуу” үр дагавартай. Эдийн засгийн хамтын ажиллагааны талаасаа ч, энх тайван, аюулгүй байдлын талаасаа ч Африк тив үр бүтээлтэй, утга агуулгатай хамтран ажиллахад хамгийн тохиромжгүй тив болж хувирлаа.

“Нэгдсэн Үндэстний улс түмнүүд бид” гэж бичсэн НҮБ-ын Дүрмийн оршил Африк тивд тун хол хөндий сонсогдож байсан. Харин түүн дээр нэмэгдээд одоо Арабын хувьсгалууд дайрсан Араб, Ойрхи Дорнодод, лалын хөлд талхилагдсан Афганистанд мөн л холын хол сонсогдохоор болжээ.

Хардлага №2: Хөгжилтэй нь хөгжих, хөгжилгүй нь хоцрох аюул гэв.

Даяаршлыг тодорхойлох нэг арга бол худалдаа, технологи, санхүүгийн үйлчилгээний хөгжил бөгөөд даяаршлын нэг чухал хөдөлгөгч хүчин зүйл бол гадаад худалдаа юм. Энэ салбарт урьд үйлчилж байсан олон улсын хэм хэмжээ алдагдах явдал ердийн үзэгдэл болжээ. Үүнтэй холбогдон ашиг орлого, гарсан боломжийг тэнцвэртэй хуваах нь үлгэр болов. Харин ч эвдэн сүйтгэх, тогтворгүй болгох тэр хүчнийг барьж саатуулах бодлого нь алдагджээ. Зүүн Азийн орнуудад 1997- 1998 онд тохиосон их хямрал хөгжиж байгаа орнуудын итгэл найдварыг нэг ёсондоо хөсөрдүүлсэн. Хөрөнгийн хяналтгүй урсгал нь тусгайлан авсан нэг улс бүү хэл, хэд хэдэн улс, бүхэл бүтэн бүс нутгийг ч хамран эдийн засгийг нь унагах аюултай гэдгийг тэр үед харуулсан бол одоо болтол эргэж зөвтгөсөн алхам үгүйлэгдэж байна. Бусад тив бүс нутгийн улс түмнүүдээс алслагдсан, тэдний мэддэг ч үгүй, хаа хамаагүй Зүүн Азид санхүүгийн хямрал дэгдэхэд яагаад бусдыг хамраад байгааг тэрт үедээ хэн ч ойлгохгүй байлаа. Явж явж ойлгосон нь: даяаршил ба либералчлалын үйл явц хөгжиж байгаа орнуудын хөгжлийг урагшлуулахад тун бага боломж олгох юм байна.

Хардлага №3: Хөгжлийн хөдөлгүүр биш, харин саад мөн гэв.

Даяаршлыг дэмжигсэд, эсэргүүцэгчдийн гаргаж буй үндэслэлүүд хоорондоо алд дэлэм зөрчилджээ. Даяаршлын үйл явц жижиг буурай ард түмнүүдийн эрх ашигт үйлчлэх хуультай хэмээн дэмжигчид нь үздэг. Гэтэл эдийн засгийн бүтцийн эрс ялгаатай байдал үүнээс өөр дүгнэлтэд хүргэдэг. Хэрэв даяаршиж л байгаа юм бол ядуурлыг бууруулах, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хэрхэн тус дэм үзүүлж байна вэ гэдгээр хэмжвэл зохино хэмээн эсэргүүцэгчид шалгуур гаргаж буй.

Хардлага №4: Хөгжлийн зааг ялгаа ихсэх аюултай гэв.

Даяаршил энэ хурдаараа явсаар байхул хөгжиж байгаа бүх улс орнууд ба хөгжингүй орнуудын зааг ялгаа улам нэмэгдэнэ гэдэгтэй ихэнх нь санал нэг байна. Энэ утгаараа XXI зууны хязгааргүй их өрсөлдөөний дүнд эл ялгаа улам өсч улмаар олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэх хүчин зүйл болж болзошгүй ажээ.

Хардлага №5: Колоничлолын үнэр ханхлуулна гэв.

Дэлхий даяаршнаас үүдэн жижиг, буурай улсуудын хүн ард сэтгэл санаагаар ихэд унажээ. Эрх тэгш бус улсуудын хооронд олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдэг бол байж болшгүй зүйл гэдэг нь харагдав. Колоничлолын дараахи үеийн сайхан амлалт, дэлхийн эдийн засгийн хоёр системийн хэн нь хэнийгээ вэ гэсэн амь дүйцсэн тэмцлийн дараа жижиг улсууд хагас зуун жил ярьж маргасан нөгөө л асуудлаа дахин ярих болж байна.

Хөгжиж байгаа орнуудын зарим нь даяаршлыг колоничлолтой адилтгаж колоничлолын үе эргээд ирлээ хэмээн тодорхойлж буй. Үүнтэй холбогдуулан Олон улсын валютын сан, Дэлхийн банк, санхүүгийн бусад байгууллага, эдийн засгийн картелүүд, зарим тохиолдолд цэргийн эвслүүд колоничлогчдын үүргийг шинээр гүйцэтгэх боллоо хэмээн Ливийн удирдагч агсан Каддафи амаа цангатал ярьдагсан.

Хардлага №6: Ямагт тулгалт хийж байна гэв.

Олон улсын аливаа асуудалд нийтийн зөвшилцлөөр бус шахах, тулгах байр сууриас хандах явдал газар авсан хэмээн олонх жижиг, буурай улс үзсээр байна. Даяаршил нь нэг талаас сорилт нөгөө талаас боломж юм гэдгийг хүлээн авах тун дургүй. Хөгжиж байгаа олон жижиг улсын хувьд сорилт нь боломжоосоо хэт давамгайлж байна гэсэн гомдол дагалдана. Хөгжиж байгаа орнуудын байр сууриас харвал барууныхан даяаршил гэдэг нь нэг хэмжүүртэй. Тэр хэмжүүр бүх улсад таарч тохирно гэсэн шинэ номлолтой аж. Бүх зүйл өрнөдөд хийгдсэн байх ёстой болж байна. Коммунизм, социализм хоёр өрнөдөөс ирсэнтэй нэгэн адилаар чөлөөт ардчилал, хил хаязгааргүй ертөнц, Засгийн газруудыг зах зээлээр, чөлөөт худалдаагаар захирах номлол мөн л өрнөдөөс иржээ. 

Даяаршил гэх эл үзэгдэл “Хүйтэн дайн”-ы төгсгөлөөс улбаатай. Эхний үед үзэл суртлаас ангид өргөн хамтын ажиллагааны төлөв нээгдсэн хэмээн үзэж байсан боловч төдий л удалгүй эл таамаглал сэтгэлийн уналтаар солигджээ. “Хүйтэн дайн”-ы дараахи өөдрөг үзэл бодол савангийн хөөс шиг замхарч үнэн хэрэгтээ олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хаасан болж таарч байна.

Социализм, капитализмын тухай энд яригдсан нь тохиолдлын шинжтэй бус. Энэ хоёрын нэг нь нөгөөгөө дийлсэн нь хурцадмал байдлыг үгүй хийсэн боловч тэнцвэр алдагдахад хүргэсэн. Ялсан хэсэг нь эдүгээ даяаршил гэдэг нэрээр үзэл бодлоо дэлхий даяар тарааж байна. Энэ гашуун үнэнийг тодорхойлж хэлбэл: Коммиунист эвсэл бүрмөсөн устав. Тэрээр өрнөдийн либерал ардчиллын чөлөөт худалдаачдыг цэргийн хүчээр хэзээ ч заналхийлж чадахааргүй байдалд орсон. Одоо дэлхий ертөнц, том жижиг улс орнууд ганцхан сонголт хийх болж байна.

Либерал ардчиллын чөлөөт худалдаачин хөрөнгөтнүүд өөрийн системийг түгээж, түүнээсээ орлого олоход даруу зан гаргах шаардлага байхгүй болжээ. Өрнөдийн ертөнцийн энэ давамгайлагч үзэл бодол, системээс өөр улс төр, эдийн засгийн систем байхыг өрнөд хэнд ч зөвшөөрөхгүй хэмээн Азийн нэг улстөрч анхааруулжээ.

Хардлага №7: Бүрэн эрхт байдалд нь халдлаа гэв.

Улс гүрнүүдийн бүрэн эрхт байдалд заналхийлэн халдах хандлага бол даяаршлын хамгийн аюултай хандлага юм. Даяаршил нь улс гүрнүүдийн бүрэн эрхт байдлыг хязгаарлахад хүргэдэг бөгөөд энэ үйл явцын дүнд хамгийн сул дорой, хамгийн бага буурай улсууд хамгийн их хохирогчид болдог. Энэ нь улс гүрнүүдийн хоорондын эрх тэгш бус харилцааны байдлыг хэлж буй хэрэг. Үндэстэн дамнасан компаниудын хүч нь улс орнуудын бүрэн эрхт байдлыг бусниулахад хүрч байна. Цөөн хэдэн улс эдийн засгийн хүчийг гартаа атгаж, хөгжиж байгаа улсууд анхаарлын гадна үлдэв. Хүн ард ажилгүйдэж, нийгмийн асуудал хурцдаж байна гэсэн гомдол тасрахгүй байна.

Хамгийн сул дорой, хамгийн бага буурай улсууд хамгийн их хохирдог
Төрийн бүрэн эрхт байдал алдагдах хэрээр улс орны төрийн тогтолцоо, нийгмийн тогтвортой байдалд аюул учруулах үзэгдлүүд дагалдана. Даяаршлын үйл явц хөгжих тусам үндэстэн дамнасан олон улсын гэмт хэрэг ихээхэн өсч ялангуяа хар тамхи, жижиг зэвсгийн хууль бус наймаа газар авчээ. Ийм зэвсэг хэрэгсэл олон орны дотоод аюулгүй байдалд заналхийлж, гэмт хэргийн үйл ажиллагааг ташуурдан нэмэгдүүлж улмаар ардчилсан тогтолцоо, хууль зүйт төр засаглалд ихээхэн гай тарьдаг аж. Даяаршлын дүнд мэдээлэлд хил хязгаар байхгүй болсон, дагалдаад үндэсний хил хязгаар нь суларсан.

Даяаршсан эдийн засгийн нөхцөлд санхүү-эдийн засгийн газар зүй нь улс төрийн газар зүйтэй давхцах огт албагүй болжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрууд өөрийн улсын нутаг дэвсгэрийн доторх монополь эрхээ алдахад хүрнэ. Энэ нь бүрэн эрхт улсуудын де-юре бүрэн эрхт байдлыг хөндөхгүй боловч де-факто бүрэн эрхт байдлыг нь шууд алдагдуулна. Бүрэн эрхт байдал ганхаж гуйвах нь обьектив бус, харин субьектив хүчин зүйлтэй холбоотой гэх хариу тайлбар ч цухалзана.

Хардлага №8: Өөрийн гэсэн дүр төрхөө алдах аюулыг ихээхэн гомдоллох аж.

Даяаршил нь зарим улсын хэврэгхэн дүр төрхийн эсрэг чиглэдэг. Мөнгө, зах зээл, үзвэр, ТВ даяаршиж байгаагаас үүдэн хөгжиж байгаа улс орнуудын ариун нандин үнэт зүйлс нүд ирмэхийн зуур унтрах, бүр устан алга болоход ойртжээ. Даяаршлын далд хүч глобал аюул үүсгэдэг гэдэг утгаараа үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэгийг үл хамааран үндэстэн улс түмнийг улс төр, газар зүй, эдийн засаг, нийгмийн хил хязгаар гэж зааглалгүйгээр адилхан сорилтод орууллаа.

Даяаршлын соёлын үнэт зүйлс гэж байх. Тэр нь баян улс орнуудын эдийн засагт үндэслэн буй болж, хожим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хөгжиж байгаа улс орнуудад очсоор. Үүнд интернэт ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Өрнөдийн соёл бол бүх нийтийн соёл. Өрнөдийнхээс бусад соёл бол зөвхөн хавсрага шинжтэй. Иймэрхүү хавсрага соёл байгаагаас иргэншил хооронд мөргөлдөөн үүсдэг хэмээн америк профессор С.Хантингтон хэлсэн нь оргүй биш юм. Иймд ийм мөргөлдөөн гаргуулахгүй байхад ганц иргэншил л байх ёстой. Бүх зүйл Өрнөдийн хэмүүрээр хэмжигдэх ёстой. Иймд даяаршсан ертөнц гэдэг маань нэг загварын дэлхий ертөнц мөн хэмээн баруунд номлох ажээ.

Хардлага №9: Байгаль орчин доройтох аюулыг харин энд хүлээн зөвшөөрөх ёстой.

НҮБ-ын цаг уурын асуудлаарх Засгийн газар хоорондын Комиссын нэгэн илтгэлээс үзвэл бидний хойч үеийнхний хувьд хар дарсан аймшигтай зүүдний дүр зураг төсөөлөгдөнө. Дэлхийн нэртэй 700 эрдэмтэн мэргэд оролцсон тэр илтгэлд дурдахдаа, хэрэв дэлхийн цаг уурын дулаарал өнөөгийн хэмжээнд байх ахул хойд туйлын мөс хайлж, дэлхийн ургамал, амьтны ертөнц устан алга болно. Номхон далай, Карибын тэнгисийн арлын улсууд усанд живж орвонгоороо алга болох аюул нүүрлэнэ 
гэжээ. Глобал шинжтэй энэхүү үзэгдэл дан ганц ядуу буурай орнуудыг нөмрөөд зогсохгүй баян хөгжилтэй улсуудыг ч мөн адилхан нэрвэнэ.

Уур амьсгалын хувиралтаас үүдэн энэ XXI зуунд хар салхи, үер, ган зудын аюул бараг хэвийн үзэгдэл болох шинжтэй. Ийм бүс нутгаас хүн ам нь их хэмжээгээр шилжин суурьшиж, олон сая хүн амь насаа алдана. Өвчин дамжуулагч ялаа шумуул олширсноос шалтгаалан шар чичрэг зэрэг өвчин дэлхий даяар тархахыг “зөгнөв”. Ийн амьдрах орчин нь устаж алга болсноос хамаарч дэлхийн “Улаан ном”- д орсон ан амьтад бүрмөсөн устана.

Хардлага №10: Миграцын асуудал буюу эзгүйрэх аюул бас бодитойг зөвшөөрөхөөс аргагүй.

Миграцын асуудал нь даяаршилтай холбогдон гарч ирж буй томхон асуудлын нэг ба дэлхий нийтийн шинжтэй. Улс орны дотоодын миграц нь зах хязгаар нутгийг эзэнгүйтүүлэх 
аюулд учруулж байгаа. Харин гадаад миграц нь англиар “brain drain” гэгдэх үзэгдэлд хүргэж болзошгүй юм. Энэ нь улс орны өнгөтэй өөдтэй сэхээтнүүд гадаадад гарч явах хөгжиж байгаа орнуудын дунд байдаг нийтлэг үзэгдэл юм. Энэ үзэгдэл угаас цөөн хүнтэй, асар уудам нутагтай Монгол шиг улсад нэн тааламжгүй гэдэг нь ойлгомжтой.

Бага, жижиг, буурай, хөгжиж байгаа орнуудын даяаршлын талаар ийм байр суурьтай байна. Ийм байдлаас гарахын тулд яах ёстой болж байна вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд даяаршлын үр шимийг тэгш эдлэх асуудлыг шийдвэрлэх гол төв бол НҮБ гэж үзэж, тэнд гомдлоо тээн очдог ч шийдэл байхгүй. НҮБ бол бүх дэлхийн шинжтэй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц байгууллага юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей бол жижиг улсуудын хувьд дуу хоолойгоо нэгтгэх, зовлон жаргалаа хуваалцах цорын ганц индрийн байгууллага мөн. НҮБ бол улс хоорондын харилцааны хэм хэмжээ, зарчмыг тогтоох цорын ганц байгууллага. Энэ утгаараа даяаршлын хэм хэмжээ, зарчмыг тогтоож чадахуйц байгууллага гэж үзэх нь харалган байж болно. Ийм хэм хэмжээ, зарчим тогтоох үйл явцыг НҮБ-ыг орвонгоор нь өөрчлөхөөс эхлэх ёстой гэж хөгжиж байгаа орнууд үздэг. Ингэхэд дээрх 10 төрлийн хардлага сэрдлэг манай Монголд бий болов уу???









САНАЛ БОЛГОХ