Монгол үндэстний талаарх хятад тайлбар

Судлаачийн үг
Г.Гомбо Проф (PhD)

1206 оноор “Монгол үндэстэн” бүрэлдсэн гэж Хятадад үздэг юм байна

Бид өөрсдийгөө үзэхдээ дэлхийд хосгүй, босоо заяатай, Чингисийн удмын, талын нүүдэлчин, Азидаа ардчиллаараа хошуучилсан, АСЕМ-ийг гайхамшигтай хийсэн, даншиг наадам нь ЮНЕСКО-д бүртгэгдэх болсон гэхчлэн дан нэмэх үнэлгээ өгдөг.

Харин хоёр сая орчим этник монголчууд бүхий Орос, таван сая гаран монголчуудыг өөртөө багтаасан өмнөд хөрш маань манийгаа дээрх лут тодорхойлолтын алинаар нь ч нэрлэдэггүй. Эдийн засаг нь ямар юм, өөрсдөд нь хэр хамааралтай юм, Америкийн нөлөө оролцоо Монголд ороод бүү шигдчихээсэй гэх ойлголт л Орос, Хятадад амь бөхтэй.

Хүн амын тоо нь манайхнаас хоёр дахин давсан Хятадад “өөрийн монголчуудыг” их даруухнаар, байгаагаар нь дүгнэх ба энэ тухай БНХАУ- ын албан ёсны тайлбарыг Засгийн газрынх нь нэгэн вэб хуудаснаас сөхөж үзэв. Язгуур угсаа гарвалиа мэдье, зөв танья гэх манай төрийн угсаатны бодлогод нэмэр болдоггүй юм аа гэхэд санаа авууштай, бас шинэ соргог гэмээр мэдээлэл энд чамгүй тааралдлаа.

Энд манай монголын тухай бус Хятад дахь монголчуудын түүх гарвалийг өгүүлж байгаа гэдгийг дахин анхааруулъя.

“Монголчууд нь БНХАУ- ын Өвөрмонголын Өөртөө Засах Район болон Шиньжаан, Хөхнуур, Ганьсу, Хармөрөн, Гирин, Ляонин зэрэг муж, өөртөө засах районы монгол үндэстний өөртөө засах жоу, сяньд голцуу төвлөрөн суудаг Монгол үндэстний талаарх хятад тайлбар бөгөөд мөн Нинся, Хэбэй, Сычуань, Юньнань, Бээжин зэрэг муж, өөртөө засах район болон шууд харьяа хотод ч тархай бутархай хэлбэрээр оршин сууж байна. 2000 оны тооллогоор бол Хятадад 5,813,900 монгол хүн ам тоологдож байжээ.

Монголчуудын “Монгол” гэдэг нэр бол бүр эрт дээр үед Тан гүрний үеийн түүхийн бичигт “Мэн у ши вэй” хэмээн тэмдэглэгдсэн байдаг бөгөөд монголчуудыг Өргөн голын урсгал газраар нутаглан сууж байсан нэг аймаг бүлгээс үүсэлтэй гэж үздэг аж. Манай тооллын 840 онд Уйгурын хаант улс мөхсөний дараа, Монгол аймгийн ихэнх хэсэг нь барууншаа нүүж, Монголын өндөрлөгт үлдэж хоцорсон турк угсаатныхантай аажмаар нэгдэн нийлсэн байлаа. XII зууны үед Монгол аймгууд одоогийн Онон, Хэрлэн, Туул голын дээд урсгал газар болон Хэнтий нуруунаас зүүн тийш нутгуудаар тархан суурьших болсон бөгөөд хэд хэдэн том аймаг бүлэг болон бүрэлджээ. Тухайн үед Монголын өндөрлөгт монголчуудаас гадна бас монгол хэлээр ярьдаг гурван аймаг болон христосын шашны салбар болох нестурын шашинт монголжсон гурван турк аймаг оршин амьдарч байв гэж тэр сайтад айлдсан байх юм.

Монгол аймгийн язгууртан ноёд эрх ашгийн төлөө тасралтгүй өрсөлдөн тэмцэлдэж байснаар монгол аймгууд XIII зууны эх гэхэд сөргөлдсөн таван том бүлэг болон талцаж төлөвшсөн байлаа. Монгол аймгийн ахлагч Есүхэйн хүү Тэмүүжин Монголын олон аймгийг нэгтгэсний дараа, 1206 онд Монголын хаант улсыг байгуулаад Чингис хаан хэмээн өргөмжлөгджээ. Yүнээс хойш монгол нутаг дахь олон аймгууд аажмаар Монгол хэмээх үндэстэн болон бүрэлдсэн түүхтэй гэнэ.

Хятадад суугаа монголчуудын тоо зургаан саяд дөхөж яваа гэдэг бол манайханд цоо шинэ мэдээлэл байна.

Монголчууд үг хэл, үндэсний үсэг бичигтэй. Монгол хэл нь алтай язгуурын хэлний монгол төрөл хэлэнд хамрагдах бөгөөд Өвөомонгол, Ойрад, Барга буриад зэрэг гурван нутгийн аялгуунд хуваагддаг. Монгол бичиг бол XIII зууны эхний үеийн уйгур бичгийн үндсэн дээр зохиогдож дүрэмжсэн юм.

Хятадад коммунист хувьсгал ялж, чөлөөлөгдөхөөс өмнө монгол үндэстний нутаг районд феодалын ван, гүн язгууртан нар онц эрх дарх эдэлж, сүргийн мал аж ахуйн хэлбэрээр ард иргэдийг мөлжиж байснаас гадна, сүм хийдийн хутагт хувилгаад ч маш олон онц эрх эдлэж, их хэмжээний газар нутаг болон мал сүрэг эзэмшиж, малчин ардыг хяхан дарлаж феодалын мөлжлөг явуулж байжээ.

Монгол үндэстний төвлөрөн суугаа нутаг районд уул хайрхан, хотгор газар, тал газар, гол горхи, нуур бүрд олон байдаг. Тал газрын нийт талбай нь 800 мянга гаруй ам километр хүрч байгаа бөгөөд Хянганы давааны ойн бүс нь Хятадын ойн томхон бүс болно. Хянганы даваанд цоохор буга, баавгай, хүдэр зэрэг араатан амьтан олон. Өргөн уудам тал нутаг бол Хятадын мал аж ахуйн нэрт баазуудын нэг ба тэндхийн сайн үүлдрийн “Сань хэ” морь, “Сань хэ” хонь зэрэг нь зард гарсан юм. Мөн уулын өвөр дэх тал газар бол “Цагаан хэрмийн гаднахь ам будааны хөмрөг” хэмээн алдаршсан нутаг билээ. Бортохойн тал бол Хятадын чихрийн лууван тариалдаг гурван том районы нэг нь болно” гэж тэр цахим хуудаст өгүүлжээ.

Жич монгол тайлбар: “Монгол” гэдэг нэр бол Тан улсын үеэс үүдэлтэй, хятад гаралтай үгийн монголжсон хувилбар гэж эндээс ойлгогдож байна. Одоогийн манай уугуул нутаг маань ч бүхэлдээ бидний унасан газар, угаасан ус маань биш бол таарах нь. 840 жилийг хүртэл монголчууд энд нутаглаагүй гэж үздэг юм байна. Бид түрэг угсааныхантай үлэмж холилдон нийлсэн учраас цэвэр монгол цус гэж алга бололтой. Загалмайн шашинт гурван түрэг аймаг монголжоод тэдний үр сад эдүгээ бидний дотор явж байгаа тул христосын шашныг өнөө цагт нэвтрүүлсэн нь зөв гэлтэй. XIII зууны эхээр манай нутаг таван том хэсэгт хуваагдаж талцаад байтал Чингис хаан нэгтгэжээ. 1206 оноор “Монгол үндэстэн” бүрэлдсэн гэж Хятадад үздэг юм байна. 1206 оноос өмнө “Монгол” гэж ам ангайлтгүй юм шиг.

Энэ тайлбарт 1206 оноос 1949 он хүртэл ор тас хаясныг бодвол тэр түүхээс одоогийн Хятад цэрвэж явдаг бололтой. Одоогийн манай, бидний Монгол Улс туурга тусгаар улс бөгөөд энэ улсад гурван сая монголчууд бий гэдгийг яагаад дурдсангүй вэ гэдэг нь бас нэг асуулт. Хятадад суугаа монголчуудын тоо зургаан саяд дөхөж яваа гэдэг бол манайханд цоо шинэ мэдээлэл байна. “Монголын үрс түм болох болтугай!” гээд баярлах хэрэгтэй юм байна. Энэ мэт хятад тайлбарыг манай угсаатны зүйчид, хэл-утга зохиол судлаачид, иргэншил судлаачид цааш ухаж судлууштай.


САНАЛ БОЛГОХ