ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН МОНГОЛ БА ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ (1)
Ананда Марга зэрэг олон шашин ар араасаа цувран Монгол руу орж иржээ
Яг 10 жилийн тэртээ манай хүрээлэнд Хятадын Нийгмийн ухааны академиас сар тутам хятад хэлээр эрхлэн гаргадаг “Дандай ЯаТай” (“Өнөөгийн Ази, Номхон далай”) сэтгүүлийн 2006 оны №3 дугаар ирж манай залуу эрдэмтэд хуваан авч хөрвүүлэн шуугиан дэгдээж билээ. Тэр шуугианы эзэн нь орчуулсан бид бус, Монгол Улсыг судлах Өвөрмонгол хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Түмэнцэцэг болж таарсан юм.
Түүний өгүүлэлд Монгол нь шилжилтийн үе рүү шилжсэнээс хойш нийгэм-улс төрийн хүрээнд үндэсний үзлээ хэрхэн сэргээж буй тухай хэрхэн шинжилснийг архиваасаа сөхөж монгол уншигчдад дэлгэлээ. Санаа сургамж авахад маань хэрэгтэй.
Монголын “дотоодын давхарга”-д үндэсний үзэл нь гол төлөв үндэстэн, шашны хийгээд үндэсний хэт даврах үзлээр илэрч байгаа . Харин төрийн түвшинд улс орны аюулгүй байдлын мэдрэмж, анхаарч ач холбогдол өгөх байдлаар илэрч байна. Үүний зорилго нь: Нэгдүгээрт, даяаршлын дайралтыг эсэргүүцэх. Хоёрдугаарт, ард түмнийхээ тэмцэх зориг санааг бадрааж, гутранги үзлийг багасгах. Гуравдугаарт, соёлын хийгээд сэтгэл зүйн хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох. Дөрөвдүгээрт, дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж, олон улсын тавцанд нөлөө, байр сууриа өргөтгөх замаар эдийн засгаа хөгжүүлэх явдал болж байна.
Нэг. Монгол Улс дахь үндэстний өнөөгийн гол асуудал бол казахчуудын хийгээд ястан хоорондын харилцааны асуудал мөн. Тоо бүртгэлийн мэдээнээс үзвэл, 2004 оны байдлаар Монгол Улсын хүн ам хоёр сая 504 мянга байсан бөгөөд үндэстний бүтэц ч харьцангуй цомхон. Хүн амын дийлэнх (90 гаруй хувь) нь монгол үндэстэн, үүний дотор халх ястан 70 гаруй хувь, үлдсэн хэсэг нь бусад ястан байв. Өөрөөр хэлбэл, халхчууд нь Монголын олон ястны дотроос хамгийн олон хүнтэй нь. Нутгийн төв болон өмнөд хэсгийн 15 аймгийн оршин суугчдын дийлэнх нь юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суудаг дөрвөд, баяд, өөлд, урианхай, торгууд, захчин, мянгад зэрэг ястан нь түүхэнд ойрад гэж тэмдэглэгдсээр иржээ. Буриад, барга ястан Монгол Улсын хойд болон зүүн хэсэгт оршин суудгаас буриадууд нь БНХАУ, ОХУ, Монгол Улсад тус тус тархан суурьшсан. Тэд орос хэл, Оросын соёл, зан заншлын нөлөөнд илүү автсаны дээр ОХУ-д Буриадын Автономит БНУ байдгийг энд дурдах хэрэгтэй.
Монгол Улсын хүн амын таван хувь нь казах, цаатан түрэг угсааны зэрэг бусад ястны тоо маш бага. Нийт хүн амын нэг хувьд ч хүрдэггүй. Казах үндэстэн Монгол Улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотын ойролцоох Багануурын нүүрсний уурхайн хотхонд төвлөрөн суудгаас гадна нийслэлд бий. Тоо бүртгэлийн мэдээгээр 1990 онд Монгол Улсын казахчуудын тоо 133 мянга байсан нь нийт хүн амын 5.9 хувь гэсэн үг.
Казахчууд нь өөрийн хэл бичиг, ном хэвлэлтэй, лалын шашин шүтдэг, Монгол Улс дахь өөр үндэстний хамгийн том төлөөлөл юм. Тэд гол төлөв мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Мөн нийслэл болон эдийн засаг, соёл хөгжсөн төвийн бүсээс алс хол нутагладаг учраас нийгмийн амьдралаас олон талаар хоцорч ирсэн. Энэ нь Монгол Улсын үндэстний бодлогын нэг гажуудал юм.
1991 онд Бүгд Найрамдах Казахстан улсын уриалгыг хүлээн авч Монголын казах иргэдийн зарим хэсэг нь Казахстан руу шилжин суурьшсан байна. Тоо бүртгэлийн мэдээнээс үзвэл, 1992-1993 онд 50 мянга орчим хүн Казахстан руу нүүж очсоноос нэлээд нь өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх болжээ. Ийнхүү зарим нь шинэ ажил шинэ ахуйд идээшин дасч тэндээ суурьшсан, харин зарим нь ажил олохгүй, шинэ нутагт идээшиж дасахгүй байсаар буцахад хүрсэн байна. Харин Монгол Улс тэдний хувьд уян хатан хандаж хүлээн авсан билээ. Казах иргэд нүүсний дараа Монголд 80 мянга орчим казах үлдсэн бол дээрх шалтгаанаар эргээд 100 мянгад хүрч нэмэгдсэн байна. Казахстанд очиж суурьшсан зарим казах иргэн хоёрдмол иргэншилтэй байх хүсэлт тавьсан ч Монголын тал татгалзсан хариу өгчээ.
Монголчууд нь казахчуудтай хамт, тэдний адил нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг тул тэд бие биеийнхээ иргэншлийн талаар ижилхэн сайн мэддэг. Монголын Засгийн газар ч, буддын шашны байгууллагууд ч казахчууд болон тэдний шашин шүтлэгийг хүндэтгэж үздэг. Монголын Шинжлэх ухааны академи 1990 онд Баян-Өлгий аймагт “Баян- Өлгийн нийгэм, эдийн засгийн судалгааны төв” тусгайлан байгуулж, улсаас даалгаж өгсөн олон сэдвээр Засгийн газрын шийдвэр хэрэгжиж буй, эсэхийг судалж байна. Монголд газар сайгүй сүм хийд олноор сэргээн байгуулах үед ч Монголын бурхан шашинтны төв казахчуудад хөрөнгө мөнгөөр тусалж байсан. Ийм учраас монголчууд казахчуудын хооронд үндэстний болон шашны зөрчил бараг байхгүй юм.
Харин ХХ зууны 1990-ээд оноос нармай исламын болон нармай түрэгийн соёлын нөлөөгөөр Монголын казахчуудын зарим хэсэг Засгийн газраас явуулж буй үндэстний бодлого, цөөнх үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болов. Туурга тусгаар улс болгох, эсвэл Бүгд Найрамдах Казахстан улсын бүрэлдэхүүнд оруулж өгөх шаардлага тавьж байсан. Гэвч энэ шаардлагыг олонх казах иргэн дэмжээгүй. Казахчуудын дунд хэт үндсэрхэг үзэлтэн харьцангуй цөөн тул Монгол Улсын дотоодод улс төрийн онцгой нөлөө үзүүлж чадаагүй.
Монголд үндэстний талаар тодорхой бодлого байхгүй, үндэстний цөөнхийн төлөөлөгчид улс төрд оролцох, боловсрол эзэмших зэрэг харилцааг зохицуулсан хууль тогтоомж байдаггүй. Ийм учраас казах зэрэг цөөнх нь зарим талаар сэтгэл дундуур байдаг.
Монголын ястан хоорондын гол асуудал нь хүн амын үнэмлэхүй олонхыг эзэлдэг халх болон бусад цөөнх ястны хооронд улс төр, эдийн засгийн ашиг сонирхол хийгээд түүхээс үлдэж хоцорсон зөрчил юм. 1990 оноос хойш дотоодын зөрчлийг арилгах зөв замд орж, хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн нь зохих ач тусаа өгсөн байна.
Хоёр. Монголын нийгэм, улс төрийн амьдралыг “либеральчлах”, “ардчилах” үйл явцад шашны түвэгтэй асуудал гарч ирэв. Монголд олон шашин, шашны урсгал нэгэнт бий болж, зэрэгцэн орших болсон. Энэ нь өнөөгийн Засгийн газрыг төдийгүй юм эрэгцүүлэн боддог жирийн хүмүүсийг ч шашны ирээдүйн зохицлын талаар санаа зовниход хүргэж байна. Уламжлалт буддын шашин, лалын шашин сэргэснээс гадна католик, үнэн алдартны, евангелийн, шинэ мөргөлийн, иисус дахин мэндэлсний, гэгээн эхийн, мормоны зэрэг загалмайтны шашны олон урсгал байна.
Түүнчлэн бахайн, монихейн, Ананда Марга зэрэг олон шашин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ар араасаа цувран Монгол руу орж иржээ. Тэдгээрийн зарим нь нэгэнт хууль тогтоомжид нийцсэн байр суурьтай болсон боловч харьцангуй олонх нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Монголын холбогдох байгууллагуудын хамтран гаргасан судалгаагаар, тус улсын нутаг дэвсгэр дээр 216 сүм, хийд (хурлын газар) үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн 70 нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн заалтын дагуу албан ёсоор бүртгүүлсэн ажээ. Үлдсэн 146 нь бүртгүүлээгүй, өөрсдийн дур зоргоор ажиллаж буй хууль бус сүм хийд юм. Ийм байдал өнөөгийн Монголын Засгийн газрыг цочирдуулж байна.
Тэр ч байтугай “Иисусийн сүм”, “Монголын католик сүм” зэрэг шашны зарим байгууллага төрийн байгууллагын байранд байрлаж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байна. Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд төрийн байгууллагын байранд шашны үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт бий. Засгийн газрын зарим хариуцлагатай албан тушаалтан, судлаачид шинэ тутам орж ирж буй шашны урсгалууд ялангуяа, шинэ мөргөл, евангел, бахай зэрэг нь хүүхэд залууст ихээр нөлөөлж, хурдан тархаж байгаа.
Олон шашин зэрэгцэн оршихыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал ихээхэн зовоож байна
Монгол Улсын хэмжээнд 216 сүм, хийд, хурлын газар үйл ажиллагаа явуулж байгаа
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй