Цамаан, баярхуу наадмууд
Г.Гомбо Проф(PhD)
УИХ-ын сонгуулийн үеэр улиглаад байсан тэр ядуурлыг наадмаар лав олж харсангүй
Тэмдэглээд удаагүй байгаа улс хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам, долдугаар сарын 20-доос залгасан аймаг сумдын олон наадмыг гарчигт байгаа шиг оношломоор гэнэт санагдав. Ядуу хүн л хамгийн баярхуу, цамаан байдаг гэдэг жам манайд харин ч нотлогдох. АСЕМ-ийн жил үрлэг зарлага бага гаргаарай, хэт олон наадам бүү хийгээрэй хэмээн төр, засаг нь албан ёсны шийдвэр гаргаж байсныг эргэж бодохул монголчуудыг мөнгөө гамнаж, соёлтой журамтай амарч, бас ажлаа бод гэснийх. Монголчууд тэр аяараа ядуу гэдэг шал худал нь харагдав. Айл өрх болгон машинтай, АС ЕМ-ийн үеэр хот эзгүйрч, зам гудамж эл хуль. Машинтай хэдэн зуун мянган хүн хөдөө, гадаа, Буриад явчихжээ. УИХ-ын сонгуулийн үеэр улиглаад байсан тэр ядуурлыг наадмаар лав олж харсангүй. Гэхдээ хүн амын 30 хувиас ядуурал давсан гэв үү. Хоёр идэхгүй, хоосон хонохгүйчүүдийг нэмбэл 80 хувь давж мэднэ гэнэ. Гэсэн мөртлөө монголчууд баяр наадамд нульдаа дуртай юм байна. Энэ ч юуны буруу байх билээ.
Харин энэ удаа тэгсэн эсэхийг мэдэхгүй. Өмнө нь бол ядуу хэрнээ баяр наадам дөхөхөөр урагшаа Эрээн рүү аваачаад өч төчнөөн саяар нь ам.доллар Эрээний орон нутгийн санд хандивлаад бэлэгний юүхэн хээхэн, идэж уух юм аваад ирдэгсэн. Уг нь ухаан зарж бодвол тэр их мөнгөндөө харамсаж үхмээр, гэтэл манайхан юун харамсах, ихээхэн цамаан загнадагсан. Энэ удаа Улаан-Үд, Байгаль нуурын эрэг рүү баахан орлого оруулсан юм байх. Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа нь сайн хэрэг ээ.
Ер нь ухаан гаргаж дэнсэлбээс наадам, Цагаан сар хэмээх үндэсний баярууд бол үргүй асар их зардлын сонгодог жишээ юм шиг. Наадам бол ойлгомжтой, 1921 оны хувьсгалын баяр, харин Цагаан сар хэмээн цэнгүүн хэзээ юунаас үүдэлтэй, хэн хэрхэн санаачлаад энэ ард түмнийг сөхөртөл баярлуулсныг түүх сөхөж ухаж төнхөөд тэр эхэлсэн өдөр судрыг мэдэж чадсангүй. Юуны тулд, ямар ирээдүйг бэлгэдэж ингэж баярлаж сайрхана вэ гэдэгтээ ч хариулт олж чадсангүй. Дэг жаяг талаас нь шүүмжилмээр ч юм харагддаг. Нэгэнтээ л шашин, ёс заншлаа дагаад Цагаан сар хийх ёстой юм бол Христосын мэндэлсэн өдрөөр шинэ жил гэж бүтэн сар хөөрцөглөх хэрэг байна уу гэсэн эсэргүү санаа төрдөг.
Саяхан ажиглагдсан нэг зүйл байна. Улсын арслан хэмээн том биетэй бадриун эр газар хэвтээд газар балбан байдгаараа уйлж харагдав. Хөөрхийлснөөсөө илүү тавласан хүн олон тааралдлаа. Харин түрүүлсэн бөх, түрүүлсэн айрагдсан морьдын хөлс рүү үхэн хатан дайрцгаахыг нь энэ удаа хазаарлав уу, тэгж бужигнасан явдал ТВ-ээр лав харагдсангүй. Баяр наадмын тэрхүү оргил үзэгдэл хаачив? Жиип хөлөглөчихөөд хурдны морьдтой зэрэгцэн тоос татуулан давхих нь ёстой л монгол эрийн хийморь сэргээсэн тоглоом гэдгийг Хүй долоон хутагт дахин харлаа. Аймгуудын наадамд олонтаа харагдаж байна лээ.
Гаднын нэгэн мэргэн хүн иргэншил, соёлын тухай зохиолдоо ядуурч доройтож, унаж сүйрч яваа тэр үндэстэн баяр ёслол, найр наадамд дарагдан, үндэсний соёлоо бусдын дээгүүрт гаргаж тавьж сагсуурдаг нь жам ёсны үзэгдэл хэмээн айлдсаныг бид ямагт санууштай мэт. Аливаа баяр ёслол, найр цэнгүүн хар аяндаа бий болоогүй, харин нийгмийн шалтгаантай гэж тэр зохиолд өгүүлжээ. Ядуу дорой, эсвэл шилжилтийн үед яваа, эсвэл эрх баригчид нь тэгэхээс тэгэх гэж найр наадам, дуу хуураар ард түмнээ бялхуулж байдаг тухай тэр эрдэмтэн өгүүлдэг. Ерөөсөө хөгжил нь тэгшрээгүй, амьдрал нь сайжраагүй, хүмүүс нь цэгцрээгүй бол наадам маягийн баяр заавал дагалдан хавтгайрдаг гэжээ. Учир нь хүмүүс эрсдэл, стрессээс гарах ёстой. Оюунлиг амьдралыг ядуусын сэтгэлгээ нь үздэггүй, оюунлиг ба урлаг, уран сайхны хооронд зарчмын ялгаа байхгүй Монголд бол баяр ёслолын цаад хязгаар зааг гэж байхгүй. Үүнийг нотлох жишээ Цагаан сарын өмнөх телевизийн үр дүнгүй ухуулгаас голд ортол харагддаг юм. Цагаан сараар цамаан загнаад яах юм гэсэншүү сурталчилгаа ТВ-ээр хийхчээн болдгийг манайхан ёстой хуц гэцгээнэ. Цэгцлэх ухаантай юм ярьсныг нь “харин тэгвэл” гэсэн шиг Эрээн рүү, одоо бол Буриад руу явдаг долларын урсгалыг бүр гааруулж өгнө. Цагаан сараар ТВ- ээр хэн олон бууз идэх, хэн сайн мах мөлжих уралдааныг хэсэг бөхчүүдийн дунд зохиож байв.
Ядуу атлаа баярхуугийн гай ийнхүү явсаар монголчуудыг ямагт талцуулахын дон руу хөтөлж байна
Хөндлөнгийн үзэгч дотор нь бялуурмаар тэр тэмцээн монгол үндэстний үндэсний доромжлол гэж гаднынханд буухаар байв. Дахиж үзүүлэмгүй юм.
Наадмын үеийн гоёо, гангараа, бай бэлгийн өрсөлдөөн, түүнд тавьж буй монгол хэмжүүр бол баярхлын жишээ мөнөөсөө мөн. Ланд-200 жиип түрүүлсэн бөхөд төв талбай дээрээ гардуулж байгааг бүх зурагт уралдуулан харуулж байгаад гутрах шиг боллоо. Иймхэн юмны төлөө наадам хийсэн ч юм шиг. Нулимс асгаруулсан тэр аварга эр энэ жиипний төлөө үхмээр санагдав уу гэлтэй.
“Даншиг наадам-Хүрээ цам”, сайн сайхны төлөө 500 ламын уншлага, Очирваань бурхны тахилга, Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн гэхчлэн шашны наадмын зан үйл, 1000 ламын хурал, сан тавьж буй тэр олон лам, Далай ламаар овоглосон хэвийн боовны бизнес гэхчлэн үзэгдэл бол бүхэлдээ шашны нэрээр хийдэг бизнес ч юм шиг, эсвэл шашны урлагийн фестиваль ч юм шиг. Үр өгөөж нь юу вэ?
Буддист иргэншилтэй, шарын шашны улс юм бол түүгээрээ байж, Европын энэ их соёлыг баяр ёслолтой нь хазаарлаж, шашин нь хүн ардынхаа сэтгэл зүрхийг захирдаг болбол нийгэм маань тогтвортой, айх аюулгүй суухсан гэж бодлоо. Тэр олон хувраг, зурхайч, үзмэрч нь даншиг наадам, эсвэл Цагаан сараар ганцхан амилж, цойлж байхын оронд энэ олон ядуус, эрүүгийнхнийг байлдан дагуулаад, цагдаа шүүхийн төсөв зардлыг хэмнээд өгвөл мөн ч сайн бус уу? Гэтэл тиймгүй. Нэгэнтээ шашин, зан үйл нь нийгмээ тэтгэж, айлгаж хүчрэхгүй юм бол шашны энэ их мухар сүсэг, хэлбэрдэлтээс зайлж гүйцэт европжих ёстой мэт. Наадам, Цагаан сарын гоёлоо ч анхаармаар. Манж амбаны шар хамбан дээл, Манжийн хааны ээтэн гутлаар гоёсон, тэгснээ Чингисийн жанжныг санагдуулам төмөр тольтой лут бүс зүүсэн, америк ковбой бүрх духлуулсан гэхчлэн яг л хятад кинонд гардаг түүхэн баатар мэт. Нөгөө л баярхуугийн цаадхи гоёж гоодох өнгөний өвчин. Агуулга нь алга болчихож байна.
Цамаархлын энэ их гай, гачлан төр-засаг дээр нь очиж наалдахаар их сонин дүр зураг харагдах вий. Их ой, баяр ёслолтой зэрэгцээд хөврөх энэ их өргөмжлөл, алдартан, одон медалийн урсгал тасрахгүй, мал адгуустаа одон медаль зүүхийн наагуур. Энэ бол мөн л ядуу хэрнээ баярхуу гэдгийг илтгэх цаадхи тоон ба хэлбэрийн үзэгдэл мөн. Угаасаа нүүдэлчний авч ханахгүй сэтгэлгээ, дээр нь баяр ёслол хослоод “Гавьяат”-ын уралдаанд сөхөрч унатлаа үзэлцэж байх юм. Түүнийг нь өгөхгүй бол үхэхэд бэлэн хүн маш олон (ойролцоогоор нэгэн түмэн хүн) байна.
УИХ-ын сонгуулиудыг эргэж дүгнэвээс хатуухан хэлэхэд эргэн тойрон алалдах их дайсны сэтгэлгээ, нөгөөхөө ардчилалтайгаа холбочихсон, тэгээд дайсан нөхрийн эрэлд зэрэг зэрэг хатсан, тийм л хэдэн зуун нөхөд Монголын парламентад суухын төлөө үзэлцэж гарна. Дайсны тоо хэдий чинээ их байх тусам нөхрийн тоо төдий чинээ байх ёстой гэдэг мухар сүсгээр Монголын улстөрчид нь амилдаг ба улс төрийн сонгууль нь яг зарлаагүй иргэний дайн мэт уур амьсгалд болж өнгөрдөг. Наадмаар дээл, хөөрөг, уясан мориороо баярхдаг шигээ улс төрд баярхах энэ философиор “намын гишүүний тоо” гэж нэг гайт үзэгдэл шүглэсэн мэт. Улс төрийн намууд нь гишүүд дэмжигчдийнхээ тоогоор өрсөлдөх нь нөгөөх торгон дээл, түүний өнгөөр үзэлцэхийн нөгөө нэг тал нь ч юм шиг.
Ядуу атлаа баярхуугийн гай ийнхүү явсаар монголчуудыг ямагт талцуулахын дон руу хөтөлж байна. Энэ талцал, түүний цаадхи тоон ба хэлбэрийн өрсөлдөөн бүгд нийлээд XXI зуунд Монголыг дэлхийн этгээд үзмэр болгох дөхөж байна. Аливаа улс үндэстэн өөдлөн дэвжье гэвэл эхлээд бизнесийн эрх зүйн орчин, бизнесчид, оюунлиг хэсэгтээ мөнгө хаяж тойлох хэрэгтэй.
Энд 2-3 хувилбар л харагдах юм. Нэгдүгээрт, мөнгөний асар их хуримтлал бий болгож, түүнээ нийгэмдээ тэгш хуваарилсан цагт баяр ёслол, урлаг уран сайхны наад захын элементүүдийг үүсгэж, шашнаа хөгжүүлдэг Зүүн Азийн тэр хууль манайхаас даанч хол юм. Хоёрдугаарт, нийгмийг ямагт харанхуй байлгаж, тэгэхдээ урлаг уран сайханд нь живүүлж, тэгснээрээ улс төрийн тогтвортой байдлыг хангадаг Өмнөд Ази, Энэтхэгийн туршлага манайд арай баймгүй, тэгэхдээ дөхсөн. Аюулын харанга дэлдсэн. Гурав дахь хувилбар бас хол байна. Хүн ард нь бүрэн хотжоод ардчилал, зах зээл, бие хүний дээдлэл, бэл мөнгө, урлаг coёл нь хосолсон Европын туршлага бидэнд арай ахадна.
Өөр зам байна уу? Ядуу, баярхуу байж уран сайхандаж ханахгүй, бүтээхгүй байж шагнаж шагнагдаж ханахгүй, жаргалгүй байж баярлаж ханахгүй, хотын агаар нь дэлхийн үлэмж бохирт тооцогдох тэгснээ хосгүй онгон байгаль гэж шүлэглэсээр хорвоог туулах авай, бид.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй