Лалын террористууд хаяанд ирчихлээ
Үнэхээр Орост жихад дэгдвэл бид яах ёстой вэ
«Исламын улс Орост ариун дайн-жихадаа зарлажээ» - энэ бол дэлхийн хэвлэлээр саяхан шуугьсан нэг чухал сэдэв. “Чухал” гэдгийг “чухал хэрэгтэй” гэсэн утгыг бус, “анхааралдаа аваач”, “санаж сэрээч” гэсэн утгаар хэлж байна. Үнэхээр Орост жихад дэгдвэл бид яах ёстой вэ гэдэгт хариулт бэлэн үү? Хил маань нээлттэй, орж гарч байгаад тэр бүр хатуу хяналт тавихгүй, “ОХУ-ын иргэн” гэдгийг “ах нар” гэдгээр хүлээн авах монгол хүн дэндүү олон байгаад анхаарлаа хандуулаач гэдгийг энд хэлэх гэсэн юм.
Статистик тоонууд цахим хуудсуудад ярайтал бичигдэж: Москвад суугаа Сирийн Элчин сайд Риад Хаддад гэдэг хүн ярьж байна. Хуучин СССР- ээс гаралтай 10 мянга орчим боевиков “Лалын улс” гэгчийн эгнээнд тулалдаж, тэд нь Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Хаддадын ярьснаар Сирийн нутаг дэвсгэрт 2000 хүртэл террорист бүлэг байлдаж байгаагаас “Исламын улс” хамгийн том нь гэв. Эдгээр 2000 бүлэгт очиж элсэхээр хэдэн түмэн орос, татар, башкир, чечень, дагестан, кавказ эрс Туркэд түр байрлаж байгаа ба тэдэн дээр Төв Азиас очигсдыг нэмбэл асар том “мухажирын арми” дохио хүлээн суугааг ВВС мэдээлэв. Истанбулын аэрпортыг үнс нурам, цус нөж болгохоор дагестан, кыргыз, чантуу гурван залуу амиа өргөснийг эргэж санахул “орос хэлтэн” тэр ах нар маань хэн болчихоод буйг түвэггүй ойлгох бус уу?
Арабын орнууд дахь лалын исламист бүлгүүдэд элсэгч Орос, ТУХН-ийн иргэдийн тоо динамикаар өсөж буй. Эх оронд нь хориглоод, устгаад, ятгаад ухуулаад, Орос агаарын цэргээ илгээн Сирид байлдуулаад нэмэр болдоггүй хэмээн Оросын терроризмын эсрэг үндэсний хороо (Национальный антитеррористический комитет) хүлээн зөвшөөрөв. 2014 оны төгсгөл хавьд энэ хороо сэрэмжлүүлэг гаргаж байх үед Орос, ТУХН-ийн 1500 иргэн Сирид очиж, лалын жихадист болсон бөгөөд тэдний 850 нь Оросын иргэн байна хэмээн мэдээлж байв. Оросын ФСБ- ийн дарга Александр Бортников (хуучнаар КГБ, одоо Холбооны аюулгүй байдлын алба) 2015 оны эхээр ийм нэг статистик эшлэсэн. Зөвхөн Иракт 1700 хүртэл тооны оросын иргэн экстремист бүлгийн эгнээнд байлдаж байна гэжээ. Гэтэл хэдхэн сарын дараа Бортниковын орлогч Сергей Смирнов энэ тоог өсгөн 2400 орос иргэн, 3000 орчим төв азичууд Ойрхи Дорнодод дайтаж байна гэв. 2015 оны сүүлчээр Оросын Дотоод хэргийн дэд сайд Игорь Зубов Сири дэх орос боевик дангаараа 2000 хүрлээ гэв. 2015 оны турш Орост шүүхээр 150 орос иргэн хууль бус зэвсэгт бүлэгт гар бие оролцсон хэмээн шийтгүүлжээ. ТУХН-ийн ОДКБ гэх цэргийн эвслийн ЕНБД Николай Бордюжа 2016 оны зургадугаар сард бас нэг тоо баримт гаргаж иржээ. Сири, Иракт байлдаж буй хуучин зөвлөлтийн иргэн 10 мянга хүрчээ гэсэн нь Сирийн Элчин сайд Р.Хаддадын тооцоолсонтой нийлж байна. “2000:150” буюу Сирид байлдаж буй, шийтгэгдэж буй хоёрын харьцаа газар тэнгэр шиг зайтай. Одоо яах вэ?
2000 террорист хүртэл террорист бүлэг байлдаж байгаагаас “Исламын улс” хамгийн том нь гэв. Эдгээр 2000 бүлэгт очиж элсэхээр хэдэн түмэн орос, татар, башкир, чечень, дагестан, кавказ эрс Туркэд түр байрлаж байгаа ба тэдэн дээр Төв Азиас очигсдыг нэмбэл асар том “мухажирын арми” дохио хүлээн суугааг ВВС мэдээлэв.
Оросын нутгаар дүүрэн лалын элдэв нууц бүлгэм, дугуйлан ажиллаж, бүр Алс Дорнод, Приморийн хязгаарт савар нь салаалаад ирсэн тухай Оросын хэвлэлд ил мэдээлдэг болжээ. Тэгэхээр Монголтой залгаа хилийн цаахантай ярайж байна гэсэн үг.
Хэчнээн гэгээрүүлээд нэмэргүй болсон тул Оросын төр хатуу нударга үзүүлж эхэлжээ. Сири, Ирак явж дайтах дон тийм эрчтэй өсөөд байвал (2014 онд 700 хүн явсан бол 2015 онд1560 хүн тийшээ зорьж байв) 28-30 жилийн ял өгөхөөр өөр яахав хэмээн До яам үзжээ. Сарын өмнө “Лалын улс”-д элссэн дөрвөн нөхөрт ийм ял оноож. Сирид терроризмын дамжаа дүүргээд ирсэн хэсэг залуу Петербургэд баригдлаа, тийшээ зүглэх гэж сэдсэн Төв Азийн баахан иргэний гадаад паспортыг хүчингүй болголоо ч гэх шиг мэдээ үл тасарна. Семен Багдасаров гэх ойрхи дорнод судлаач эрдэмтэн ярьж байна. Тийшээ явчихсныг нь Орос руу эргүүлж оруулахгүй байх арга бодохгүй бол өөр хувилбар алга гэв. Тэндээ ясаа тавиад, эсвэл үүрд шингэг гэжээ. Юрий Почта гэх улс төр судлаачийн ярьснаар Орос даяар радикал бүлгүүдийн тухай мэдээлэл цуглуулах ажил өрнөжээ. Оросын мусульманы нийгэмлэгийн дээд хамба нарт хандан мэдээлэл олж өгөхийг Владимир Путин үүрэгдсэн гэх мэдээлэл байна. Лалын шашны суртал ухуулгыг сул дэл хаяхгүй байх, хэн дуртай нь элсэж элсүүлж явдгийг болиулах, сүсэгтний дунд тэр гол аюулыг нь сайтар ухуулан таниулах тухай үүрэг тэрбээр бас өгчээ. Татарстанд энэ талаар ихээхэн ажил өрнөж буй бололтой. “Оросын нийгмийн эв нэгдэл, хэтдээ манай эх орныг хагалан бутаргахад хүргэх нь” хэмээн Путин сэрэмжлүүлснийг энд онцлууштай.
Бүртгэлгүй элдэв мечетүүдийн эсрэг тодорхой үйл ажиллагаа явуулахыг эрдэмтэн Багдасаров уриалжээ. Түүний үзэж байгаагаар Умард Кавказ, Поволжья, Сибирь, мөн Москва, Питерт лалын төвүүдэд алдартай 83 муфтият ажилладаг ба элдэв жамаат гэвэл хэдэн зуугаараа бий гэнэ. Орост хар ажил эрхлэх гэж Төв Азиас ирэгсэд ажлын байрнаас гадна мечеть, муфтият, жамаат руу цувж өгдөг юм байх. Хууль ёсны мечеть, муфтият, жамаат нь улсаас санхүүждэг, улсад хянагддаг бол хууль бус, нууц нь хилийн чанадаас санхүүжнэ, мусульман шашинтны эгнээг тэлэхийг шахаж шаардана, хүсвэл тэднээс мөнгө аваад хөлсний жихадистаар Сири, Ирак руу явж болно. Оросын Батлан хамгаалах яамны мэдээгээр бол Оросын агаарын ба сансрын хүчний Сирид явуулж буй ажиллагаа нь “Лалын улс”- ын террористуудыг устгах бус орос террористуудаа тэнд нь алж дуусгах зорилготой юм шиг. Тэднийг Орос руу эргэж нэвтрүүлэхгүй байх гэдэг нь ч ийм зорилгыг нөгөө талаас нь хэлэх шиг. Ирүүлэхгүй байж болдог юм байж гэж бодъё. Тэгвэл “Лалын улс”-ыг талархагч, шүтэгч, сэтгэлдээ тээгч үй түмэн, магадгүй сая сая мусульман Орост байгааг хааш нь хийх вэ гэдэг адармаатай асуулт урган гарна. Умард Кавказын Холбооны тойрогт ажиллах Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчөөр “Росвооружения” гэх цэрэг-аж үйлдвэрийн хамслын төлөөлөгч Олег Белавенцевыг Путин саяхан томилсон нь санаандгүй томилгоо биш юм. Удахгүй Поволжийн Холбооны тойрогт суух бүрэн эрхт төлөөлөгчөө Путин томилно. Ингэж томилохдоо “Лалын улс”-ын террористууд эргэж ирнэ, тэднийг талархагчид бий гэдгийг бодолцоно хэмээн Оросын хэвлэлд бичжээ.
Европт лалын хэт даврагчдын үйлдсэн элдэв аллага таллагууд Орост болохгүй гэх батлгаа алга
Ойролцоохон Европт лалын хэт даврагчдын үйлдсэн элдэв аллага таллагууд юу харуулав. Орост тийм явдал болохгүй гэх баталгаа алга. Ийм нөхцөлд уугуул европчууд олон жил хөршилсөн мусульман айлаасаа болгоомжлох, тэднийг далдуур зүхэх, мусульман залуусаас нь айж бэмбэгнэх, нэг хотод бүү хэл, нэг гудамж, нэг байшинд зэрэгцэн амьдрах, тайван хонох аргагүй боллоо хэмээн Германы нэгэн хэвлэлд анхааруулан бичсэнийг орост эшлэсэн нь Оросын нэг портал-сайтаас харагдав. Монголын хилийн цаахантай өрнөж буй үйл явдал, түгшүүр, “ах нар” гэх алдрыг хүртсэн тэр нөхдийн тухай өгүүлж байгаа хэрэг шүү дээ...
Худалдаа-аж үйлдвэрийн танхимын тооцоогоор жилдээ 100 мянган орос иргэн Монголд ирж, арилжаа хийдэг гэх махан тоо байна. Нэг зуун мянга гэдэг гуравхан сая монголд ахадсан тоо шүү дээ! Нөгөө СССР- ээс гаралтай 10 мянга орчим боевикоос энэ 100 мянгад ганц нь ч ороод ирэхгүй гэх баталгаа бий гэж үү?
“Лалын улс”-д дадлага хийсэн, алж талахаас зүрхшээхээ больсон, лалын фанат үзэлтэй кыргыз, тажик, бүр орос, Оросын харьяат нар долоо хоногт гурван удаа зорчих Тюркиш эйрлайнзын онгоцоор Улаанбаатарт газардана, эсвэл Хиагт-Алтанбулагаар наймаачин, жуулчны дүрээр аз жаргал, наадамдаа умбасан монголчуудын дунд нэвтрээд мөд ороод ирнэ. Түүнд манай төрийн тусгай албад бэлэн үү?
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй