Шилжилтийн үеийн Монгол & Үндэсний үзэл
Г.Гомбо Проф (PhD)
Залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой анхаарч байна
Арван жилийн тэртээ Хятадын Нийгмийн ухааны академиас сар тутам хятад хэлээр эрхлэн гаргадаг “Дандай ЯаТай” (“Өнөөгийн Ази, Номхон далай”) сэтгүүлийн 2006 оны №3 дугаарт шилжилтийн үе рүү шилжсэнээс хойш Монгол нь нийгэм-улс төрийн хүрээнд үндэсний үзлээ хэрхэн сэргээж буй тухай хэрхэн шинжилснийг архив сөхөж уншигчдадаа дэлгэе. Санаа сургамж авахад маань хэрэгтэй.
“ОЛОН ТУЛГУУРТ” ГАДААД БОДЛОГЫН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАВ
1990 оноос өмнө Монгол Улс гадаад бодлогын хувьд ЗCБНХУ, Дорнод Европын социалист лагерийн “нэг тал”-ыг барьсан гадаад бодлого баримтлагчдын эгнээнд багтаж байв. Улс төрийн хувьд СССР-ийн эрх ашгийг хамгаалж, эдийн засаг нь СССР ба ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудыг түшиж, соёлын хувьд Дорнод Европыг дагаж ханарч байсан. “Хүйтэн дайн”-ы үе төгссөнөөр Дорнод Европын байдал өөрчлөгдөн, ЗСБНХУ задарч Монгол Улсын гадаад харилцааны орчинд бодит өөрчлөлт гарсан билээ. Монголын улс төрд ардчиллын үйл явц өрнөж эхэлсэн бөгөөд зах зээлийн эдийн засаг руу шилжжээ. 1993 онд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа мөрдөж эхэлсэн бөгөөд түүний 10 дугаар бүлгийн 1 дүгээр заалтад “Монгол Улс олон улсын хэм хэмжээнд нийцсэн энх тайванч гадаад бодлого баримтална” гэж заасан болно. 1994 онд Монголын УИХ нь “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал” батлан гаргаж эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт хэмээн гадаад бодлогоо тодорхойлж, гадаад харилцааныхаа үндсэн чиглэлийг буй болгосон. Түүний дотор Орос, Хятад хоёр их хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэдгийг тодорхойлсон. Мөн АНУ, Япон, ХБНГУ, хөгжингүй бусад оронтой харилцаа хөгжүүлэхийн зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудтай харилцаа хөгжүүлнэ хэмээн заасан. Ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутагт тэргүүлэгч гадаад бодлого явуулна гэжээ. НҮБ болон түүний харьяа байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС-тай харилцаа хөгжүүлэх нь дэс дараагаараа Монгол Улсын гадаад бодлогын 2, 3, 4 дэх чиглэл болсон байна. Сүүлийн жилүүдэд энэ үзэл баримтлалаа мөрдсөнөөр Монгол Улсын гадаад харилцаа цоо шинэ дүр төрхтэй болжээ.
ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙГАА НЬ
Монгол Улс нь залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой анхаарч байна. 2004 онд Монголын УИХ Улсын тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” (1921.03.01-ний өдөр МАХН анхдугаар их хурлаа хийж, намынхаа мөрийн хөтөлбөрийг баталж, Төв хороогоо байгуулсан) болгон тэмдэглэж байхаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч эх оронч үзлийг төлөвшүүлэхийг удаа дараа онцлон тэмдэглэж, хүүхэд, залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх нь улсын тусгаар тогтнолын гол баталгаа болно гэж хэлсээр байна. Ерөнхийлөгч мөн улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан, Бүгд найрамдах улс тунхагласны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гаргасан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын удирдлагаар Засгийн газар нь алт, мөнгө, үнэт чулуугаар урласан дэлхийд хосгүй “Монголын нууц товчоо” номыг бүтээж төрийнхээ ордны хүндэтгэлийн танхимд залжээ. Түүний зэрэгцээ айл өрх бүр “Монголын нууц товчоо”-г гэрийнхээ хойморт залж, эрдэмтэн мэргэд бүгдээрээ түүнийг гүнзгийрүүлэн судлах, оюутан, сурагчдад төлөвлөгөөтэйгээр заан таниулахыг уриалсан байна. Монгол Улс эдийн засгийн бэрхшээлтэй байгаа хэдий ч үндэсний баатрын тухай уран сайхны болон баримтат кино бүтээж эхэллээ. Ингэснээр эх оронч үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, эх оронч хүмүүжил олгох өв материал бий болгох зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах болжээ.
ДҮГНЭЛТ
Дээр дурдсан байдлыг дүгнэн үзэхэд, Монгол Улсын дотоодын давхарга буюу нийгмийн хүрээнд үндэстний асуудал төдий л түвэгтэй биш. Энэ нь ердөө цөөн тооны казахчуудын зүгээс тавьж буй хэрээс хэтэрсэн шаардлагаар илэрдэг. Иймд Монгол Улсын Засгийн газар зөвхөн цөөнх үндэстнээ онцлон анхаарсан, зах хязгаар нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн, тохиромжтой үндэстний бодлого баримталснаар энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж чадна. Харин үндэсний хэт даврах үзэл Монголд оршин тогтносоор байгаа нь Монгол Улсын Хятад, Орос хоёр хөрштэйгээ хөгжүүлэх харилцаанд тусах нөлөөллийг дэвэргэх магадлалтай. Тиймээс Монгол Улсын Засгийн газар түүнийг дураар нь тавьж өчүүхэн зүйлийн төлөө том алдаа гаргахгүй биз ээ хэмээн бид итгэж байна. Монголын нийгэмд үндэсний хэт даврах үзлийг хөхиүлэн дэмжих орон зай маш бага. Гэвч Хятадын эсрэг үндсэрхэг үзэлтнүүдийн аливаа үйл явуулга нь Монгол, Хятадын харилцаа болон Хятадын дотоод дахь үндэстэн хоорондын харилцаанд нөлөөлөхөөс сэргийлэх ёстой.
Айл өрх бүр “Монголын нууц товчоо”-г гэрийнхээ хойморт залж, эрдэмтэн мэргэд бүгдээрээ түүнийг гүнзгийрүүлэн судлах, оюутан, сурагчдад төлөвлөгөөтэйгээр заан таниулахыг уриалсан байна.
Монгол үндэстэн Чингисийн үед Евразийг довтолсноор хүн төрөлхтний соёлын солилцоонд асар их хувь нэмэр оруулсан. Харин ХХ зуунд дэлхийн хамгийн хоцрогдмол хэсгийн нэг болж ухарсан. Монголд ардын хувьсгал ялсны дараа Монгол Улс дэлхийн хоёр дахь социалист орон болж эдийн засаг, нийгэм нь хурдтай хөгжиж, гялалзсан амжилт олж байсан. Дараа нь Дорнод Европ болон ЗБСНХУ дахь их өөрчлөлтийг даган Монгол Улсын эдийн засаг, нийгэм гүнзгий хямралд орсон боловч сүүлийн жилүүдэд эдийн засагт нь нааштай зарим төлөв байдал ажиглагдаж байгаа.
Гэвч ажилгүйдэл буурахгүй, баян хоосны ялгаа нэмэгдсэнээр иргэдийн дунд улсынхаа хөгжилд итгэл алдрах явдал байсаар байна. Иймээс Монгол Улс томоохон түүхт өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээ өрнүүлж байна. Үүний гол зорилго нь эх оронч үзлээр хүмүүсийн ухамсрын хоосон орон зайг нөхөх, ард түмний үндэсний бахархлыг сэргээх, нэгдэл нягтралаа нэмэгдүүлэх, нийгмийн шат давхарга хоорондын хагарлыг багасгахад оршиж байна.
Соёл болон сэтгэл зүйн хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох. Монгол Улсын газар зүйн байршил өөрийн онцлогтой, Орос, Хятадын дунд байрладаг. Тусгаар тогтнохоосоо өмнө Чин улсын дарлалд байсан. 1921 онд ардын хувьсгал ялсны дараа “ах” Зөвлөлтийн нөлөөнд олон жил баригдсан. Тийм ч учраас Монгол нь Хятад болон Орост эргэлзсэн хэвээр байна. Монгол Улс хоёр их гүрний дунд хавчуулагдсаараа харьцангуйгаар доройтож буурчээ. Урьд нь зөвхөн хоёр их гүрний хооронд нүүдэллэж явсан Монгол одоо олон тулгуурт гадаад бодлогоор улсынхаа аюулгүй байдлын стратегийн зорилтыг хангахыг зорих болсон. Мөн улсын аюулгүй байдлын стратегид нь гадаад бодлого болон соёлын аюулгүй байдлын стратеги гол байрыг эзэлж байна.
Монгол Улс сүүлийн жилүүдэд “гуравдагч хөрш” гэсэн онол дэвшүүлэн гаргаснаар АНУ, Япон зэрэг Өрнөдийн орнуудтай ойртон нягтарч, чингэснээрээ Орос, Хятад хоёр хөршийнхөө оролцоог хязгаарлах, улс төр, эдийн засгийн салбарт аль нэг хөршөө дагнан түшихээс зайлсхийх замаар улсынхаа аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахыг хичээж байна. Соёлын ялгаа, зааг бий болгож байгаа нь хоёр хөрштэйгээ хилийнх шиг зааг тогтоох, Монгол Улс хэзээнээсээ биеэ даасан тусгаар улс, өөрийн онцлогтой соёлын уламжлалтай, хэл бичиг, шашин, ёс заншилтай гэдгээ харуулах зорилготой.
Дэлхий нийтийн анхаарлын төвд байж, олон улсын тавцанд нөлөө, байр сууриа нэмэгдүүлэн, эдийн засгаа хөгжүүлэх. Монгол Улс дэлхийд хэний ч нүдэнд үл өртөх өчүүхэн орон. Бас онцгой анхаарал татах бүс нутаг ч биш. Олон улсын үйл хэрэгт оролцох нөлөө нь хязгаарлагдмал. Иймээс Монгол Улс Чингис хаан болон бурхны шашны нэр нөлөөг ашиглан өөрийгөө сурталчлах, өөрийн онцлогтой үндэстний соёлын тусламжтайгаар аялал, жуулчлал хөгжүүлэх, дэлхийн хүн зоны анхаарлын төвд орох юм. Тэрчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татан өсгөх. Ингэснээрээ өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг ханган ахиулахыг хүсч байна. Монгол Улс бол Хятадын умард гол хөрш орон. Монголын үндэсний үзэл санааны урсгал, давалгааны онцлогийг хурц соргогоор танин мэдэх нь бидний хувьд Монгол Улстай эрүүл саруул харилцаа хөгжүүлэхэд асар чухал ач холбогдолтой болно.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй