Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хороог албан ёсоор нээлээ

Мэдээ

Ирэх зургадугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газар өнөөдөр Сонгууль ажиглах хороог албан ёсоор нээлээ. Тус хороо нь сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй зөвхөн ажиглах, тайлагнах үүрэгтэй ажиллах юм байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгууль хууль, эрх зүйн хүрээнд хэр нийцтэй явагдах болон холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн орчин, сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэж буй үйл явц зэргийг ажиглаж, тайлагнана гэж мэдээллээ. Мөн хэвлэл мэдээллээр хийгдэж буй сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийх аж. Ажиглалтын хүрээнд гурван удаагийн тайлан гарна. Эхний тайлан сонгуулиас өмнө урьдчилсан байдлаар гарах бол сонгуулийн дараа мөн үнэлэлт, дүгнэлтээ танилцуулна. Харин эцсийн тайланг сонгууль дууссанаас хойш ойролцоогоор хоёр сарын дараа олон нийтэд мэдээлэх юм байна.

Үүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар "Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн" анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Энэхүү хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамтатгаж, улсын төсвөөс шаардагдах зардлыг бууруулах мөн хэмнэх боломж бүрдэнэ гэж төсөл боловсруулагчид үзэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ