"НҮБ-ын тавьсан шинэ хоригийг БНАСАУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй"

Мэдээ

“НҮБ-ын тавьсан шинэ хоригийг БНАСАУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй” гэдгийг тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Хан Тае Сон мэдэгдлээ. Тэрбээр шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүнийхээ хариуд АНУ түүхэндээ амсаж байгаагүй их гарз хохирлоор хариу барина гэдгийг анхааруулсан байна. БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Хан Тае Сон “Манай улсын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь БНАСАУ-ын нийгмийн бүтэц, үзэл суртал, хүн ардыг устгах АНУ-ын хүсэл зорилгын илэрхийлэл мөн. Энэ мэт үйлдлүүд нь БНАСАУ-ын тусгаар байдалд илэрхий халдаж, олон улсын энхтайван , шударга ёсонд сорилт болж байна. Миний бие улс орноо төлөөлөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хууль бус шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Нэгэнт Вашингтон бидний удаа дараагийн анхааруулгыг үл хайхран шинэ хориг тавьж, БНАСАУ-д шахалт үзүүлэх зорилго нь ил болсон тул БНАСАУ асуудалд ажиглагчийн байр сууринаас оролцохгүй. АНУ энэ бүхнийхээ хариуг төлөх болно” гэж мэдэгдлээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Шинэ хоригийг Умардын эсрэг хийсэн жижиг алхам төдийгүй цаашид хийж болзошгүй зүйлстэй харьцуулахад өчүүхэн зүйлс" гэж онцолж байна. Санал нэгтэйгээр баталсан Аюулгүйн зөвлөлийн сүүлийн хоригийг олон улс, ялангуяа Азийн орнууд нааштайгаар хүлээж авч байна. Хэдий тийм боловч бодит байдалд хэрэгжих эсэх дээр эргэлзэх талууд байгаа юм. Тухайлбал, ОХУ, БНХАУ эдийн засгийн хориг асуудлын шийдэл болж чадахгүй гэж үзэн тодорхой шаардлагуудыг хассаны дараа саналыг дэмжжээ. Түүнчлэн тус улсын төлөөлөгчид энхийн замаар асуудлыг шийдэхийг уриалсаар байгаа юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “Солонгосын хойгийн асуудал нэлээд ээдрээтэй болж байна. Холбогдох бүх талууд тайван байж, асуудлыг яриа хэлэлцээрээр энхийн замаар шийдвэрлэх хэрэгтэй. Солонгосын хойг дахь цөмийн асуудлыг нааштайгаар шийдэхэд БНХАУ нэлээд хугацаанд хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Олон улс биднийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдэв.




САНАЛ БОЛГОХ