"Тогтвортой аялал жуулчлал төсөл"-ийг 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ

Мэдээ

Аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшлийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг Монголын аялал жуулчлалын холбоо шүүмжилсээр ирсэн. Хэт олон өрсөлдөгчтэй энэ салбарт брэнд бүтээгдэхүүн бий болгох шаардлагатай байгаа талаар Засгийн газарт өнгөрсөн дөрөвдүгээр сард санал хүргүүлсэн юм. Энэ саналыг харгалзан үзээд "Тогтвортой аялал жуулчлал төсөл"-ийг 2.5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр бусад орны Засгийн газартай хамтран боловсруулсан аяллын хөтөлбөрийг урьдчилан сонгогдсон компаниуд хэрэгжүүлэх аж. Нэгдсэн системт хөтөлбөр санаачилснаар аялал жуулчлалын салбарын орлого 20 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл үүргэвчтэй аялагчдын тоо буурч, нэгдсэн маршруттай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс нэмэгдэх боломжтой талаар Монгол, Германы хамтын ажиллагааны байгууллага онцолсон юм. Герман жуулчид Монголын нүүдэлчин амьдралыг ихэд сонирхдог ч аяллын зардал Азийн бусад оронтай харьцуулахад 10-15 хувиар өндөр тусдаг байна.

Харин Тайландын Гадаад харилцааны яам "Хоёр орны хооронд шууд нислэгтэй болбол аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа хоёр дахин өргөжих боломжтой" гэж үзсэн юм. Он гарснаас хойш 8000 гаруй жуулчин Тайландыг зорьсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 13 хувиар өссөн дүн юм. ҮСХ-ны мэдээллээр, 2017 оны эхний хагас жилд улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өсжээ. Эдгээр иргэний 41 хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлсэн аж. Харин хилийн чанадыг зорьсон Монгол иргэдийн тоо давхардсан тоогоор 1.2 саяд хүрсэн байна.



САНАЛ БОЛГОХ