Улсын хэмжээнд улаанбуудайн ургацын 90 хувийг хураагаад байна

Мэдээ

Улсын хэмжээнд улаанбуудайн ургацын 90 хувийг хураагаад байна. Дотоодын нийлүүлэгчдээс гурилын үйлдвэрүүдэд 165 мянган тонн улаанбуудай, спиртийн үйлдвэрүүдэд 12.9 мянган тонн улаанбуудай нийлүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Одоогийн байдлаар гурилын үйлдвэрүүд 1000 тонн улаанбуудай худалдан авсан талаар "Гурилын үйлдвэрүүдийн холбоо" мэдээллээ. Тариалан эрхлэлтийг дэмжих санд ирсэн буудайны хувьд хүнсний буудайн I, II ангилалд тэнцэх хэмжээний 25-30 хувийн цавуулагтай байгаа аж. Энэ онд тариа намхан, чийг их байгаагийн улмаас буудай жин багатай байгааг “Дорнод гурил” компани мэдээллээ. Буудайн үнэ ургацын болцоос хамаарч аймаг бүрт өөр өөр байна. Тухайлбал Төв аймагт нэг тонн буудай 500-540 мянга, Дорнодод 490-520 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин Сэлэнгэд улаанбуудайн нэг тонныг 560 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Энэ онд спиртийн үйлдвэрүүдийн худалдаж авахаар захиалсан буудайн хэмжээ 20 хувиар өссөн. ОХУ түүхэн дэх хамгийн дээд хэмжээ буюу 120 сая тонн үр тариа хураан авсны 75 сая тонн нь улаанбуудай юм. Үүнээс 30 сая тонныг экспортлохоор төлөвлөснийг "Tass" агентлаг мэдээлжээ. Монгол Улсын хувьд 200 мянган тонн улаанбуудайг тус улсаас импортлон авахаар болсон юм.



САНАЛ БОЛГОХ