“Мах маркет” компани БНХАУ-д ямааны мах экспортолж эхэллээ
“Мах маркет” компани шинээр экспортын үйлдвэрээ байгуулж, БНХАУ-д ямааны мах экспортолж эхлээд байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. Мөн Вьетнам улсад 200 тонн ямааны махыг ирэх наймдугаар сараас эхлэн нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр жилд 135 мянга 600 толгой ямааны махаар нэмүү өртөг шингэсэн 1200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох боломж нээгджээ. 2017 оны эхний хагас жилд “Мах маркет” компани 600 тонн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүлтээгдэхүүнийг экспортод гаргасан нь 2016 оныхоос 2 орчим хувиар өссөн дүн болжээ. Махыг дулааны аргаар боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлох нь түүхий махны экспортоос 15-20 хувиар илүү ашигтай байдаг байна.
Харин "King Meat" компанийн хатаасан үхрийн махны экспорт сүүлийн гурван жилд тогтмол хоёр хувиар өссөн байна. Тус компани шарсан үхрийн борцыг анх удаа гадаад зах зээлд нийлүүлсэн талаар тус компанийн Ерөнхий захирал Х.Удвалцэцэг мэдээллээ. “King Meat" компани ирэх онд Араб, Узбекистан, БНСУ-д шарсан үхрийн борц экспортлохоор төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мах экспортлогч 10 орчим компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Махны экспортод квот тогтоогоогүй нь бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл болсон гэж “Eco Food Trading” компанийн захирал мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй