ХХААХҮЯ: Монголоос Иран руу 4000 тонн хонины мах экспортоллоо

Мэдээ

Монголоос Иран руу өнөөдөр 4000 тонн хонины мах экспортолж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлж байна. Энэ нь гадны бусад улс руу нийлүүлдэг үнээс 0.3 центээр өндөр дүн аж. Иран руу экспортолсон махыг “Eco food trading” ХХК болон “Дархан мийт фүүд” үйлдвэрүүд хамтран бэлтгэжээ. Махны экспортыг нэмэгдүүлэхэд малчдад олгодог зээл чухал нөлөөтэй. ХААИС-ийн доктор Л.Бакейгийн мэдээлснээр 2016 онд нийт малчдын 40 гаруй хувь нь зээлд хамрагдаж, 400 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байна. Зээлийн барьцаанд нэг их наяд төгрөгөөр үнэлэх малаа барьцаалжээ. Харин эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тусгайлсан зээлийн хэмжээ өнгөрсөн онд 709 сая төгрөг байсан. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн бага дүн болохыг ХХААХҮЯ-ны мэдээллээс харж болно. Өөрөөр хэлбэл 2015 онд 1.9 тэрбум, 2014 онд хамгийн өндөр буюу 3.2 тэрбумыг зээлээр олгож байжээ.

Өнөөдрийн байдлаар дотоодод махны чиглэлийн 48 үйлдвэр ажиллаж байна. Үүнээс 50 хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Н.Очирбат мэдээлсэн юм. “Мах маркет” компани ОХУ, БНХАУ, Вьетнам, Иран руу хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргадаг. Өөрөөр хэлбэл одоогоор хамгийн олон орон руу экспорт хийж байна.



САНАЛ БОЛГОХ