Цалингийн нэмэгдлээс бусад дээр санал нэгджээ

Мэдээ


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэлэлцсэн асуудлуудаар нэгээс бусад дээр санал нэгдсэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас гурван зүйл дээр өөрчлөлт оруулах санал тавьсан. Үүний нэг нь 2018 оны төсөвт төрийн албан хаагчийн цалинг 30 хувиас доошгүй нэмэгдүүлэхийг шаардсан. Ер нь Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр санал нэг байгаа.

Гэхдээ хоёр асуудал байна. Нэг нь ОУВС-тай байгуулсан гэрээ, нөгөө нь төсвийн орлого нэмэгдэх ёстой. Ядуурлын түвшин 2016 оны эцсээр 29 хувьд хүрсэн учир иргэдийн орлогыг зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Мөн хувийн хэвшил болон төрийн албан хаагчдын дундаж цалингийн зөрүү 27 хувьд хүрчээ. Гэхдээ бид ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчихгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогыг сайжруулах ёстой гэж үзэж байна. Ингээд 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх санал тусгалаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын шаардлагад хүрэхгүй байгаа ч дорвитой алхам хийж байгааг тэд дэмжиж байна.

Мөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын орлогыг нэмэгдүүлэхэд энэ мөнгийг зарцуулах санал тавьж байна. Үүнээс гадна өмнөх Засгийн газрын үед Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэж зарласан. 2017 оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл Хүүхдийн мөнгийг олгож чадаагүй. 2017 оны төсвийн тодотголд 104 тэрбум төгрөг тусгуулахаар санал гаргалаа. Батлагдвал наймдугаар сараас хойших мөнгийг 100 хувь олгох боломж бүрдэнэ" гэв.


САНАЛ БОЛГОХ