Ижийгээ санаад уйлдаг уяхан аварга юмсан

Мэдээ


Харүмафүжи аваргад хатуу шийтгэл ирж мэдэхээр байна

Японы нөлөө бүхий өдөр тутмын болон спортын мэдээллийн сонин хэвлэлүүд өчигдрөөс эхлэн сүмогийн ертөнцийг эзэгнэсэн монгол бөхчүүдийн нэгнийгээ гэмтээсэн зодооны талаар бичиж эхэлсэн нь 1000 шахам жилийн түүхтэй энэ спортын нэр хүндэд нөлөөлсөн томоохон дуулианыг дахиад дэгдээчих шиг боллоо. “Ниппон спорт” сонинд бичсэнээр мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, дээд зиндааны (маэгашира) зүүний наймдугаарт эрэмбэлэгдсэн Таканоива А.Баасандорж нарын хооронд эл явдал болжээ. Өнгөрсөн ням гарагт Японы өмнөд дэх Фүкүока хотноо эхэлсэн энэ оны хамгийн сүүлийн буюу Кюүшюү башёгийн эхний хоёр барилдааны дараа Харүмафүжи аварга барилдаанаа цааш үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь дээрх шалтгаантай холбоотой байсан байж мэдэх юм.

ХОЁР БӨХИЙН ХООРОНД ЮУ БОЛСОН ВЭ?

Энэ хэрэг явдал башё болгоны хооронд тогтмол зохиогддог тойргийн барилдааны үеэр болсон гэнэ. Гарч буй мэдээлэлд дурдсанаар аравдугаар сарын 26-нд Тоттори хотод болсон барилдааны дараа монгол бөхчүүд уламжлал ёсоор цуглан шар айраг уух үед Харүмафүжи аварга ах захаа хүндэтгэх сүмогийн хатуу дэгийг зөрчиж, өөртэй нь хүндэтгэлгүй харилцсан А.Баасандоржийн толгойд лонх буулгачихсан юм байна.

Ингэснээр хоёр долоо хоног барилдаж болохгүй гэсэн оноштойгоор Таканоива А.Баасандорж арваннэгдүгээр сарын 5-9 хүртэл Фүкүока хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Түүний гэмтлийн талаар Сүмогийн холбоонд хүргүүлсэн эмнэлгийн албан бичигт “Таканоивагийн зүүн дух шалбарч, баруун чих зүсэгдсэнээс гадна гавлын яс цуурсан” гэсэн байна. Болсон явдлыг Сүмогийн холбооноос тодруулах үүднээс өчигдөр өглөө Харүмафүжи аварга, түүний багш Исэгахама ояката нарыг дуудан тайлбар авчээ. Таканоиваг бэртээж, зохисгүй үйлдэл гаргасандаа Харүмафүжи ихэд гэмшиж байгаагаа өчөөд Сүмогийн холбооны удирдлагууд болон А.Баасандоржийн багш их аварга Таканохана мөн өөрийн багшаас уучлалт гуйсан байна. Тэрбээр сэтгүүлчдэд хэрэг явдлын талаар тодорхой зүйлийг ярихаас татгалзжээ.

СҮМОГИЙН ХОЛБООНЫ ХАНДЛАГА

Японы ард түмэнд бараг бурханчлагдан шүтэгдсэн сүмо бөхийн ертөнцийн нэр хүнд 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж мөн л зодооны хэрэгт холбогдон хөөгдсөний дараагаас ёстой навс унасан гэхэд болно. Их аваргын фактаас илүү Япон орны түүх, соёл, уламжлал бахархлынх нь амин сүнс болсон үндэсний спортод монгол бөхчүүдийн хаанчлал халаагүй ноёрхон, 1000 жилд хийж чадаагүй амжилтуудыг ээлж дараалан тогтоож эхэлсэнд япончууд таатай хандаагүй гэвэл үнэнд арай ойр тусах байх. Дотоод сэтгэлдээ хуйларсан “цунами”- гаа тэр бүрий гадагшлуулдаггүй нь энэ ард түмний онцгой шинж. Тэд өөрсдийнхөө хүлээн зөвшөөрдөггүй, буруу, байх ёсгүй гэж үздэг зүйлдээ хэрхэвч найр тавьдаггүй. Аса аваргын дуулианыг залгаад хамгаас ариун шударга гэж үздэг сүмо бөхчүүд нь мөнгө төгрөгөөр даваа, унаагаа наймаалцдаг, мөрийтэй, бооцоотой тоглоомын газарт “уяатай” болсон зэрэг хэрэг илэрч, ид барилдаж байсан 20 шахам сүмоч хөөгдсөн. Үүний дараа сүмо бөх үзэх үзэгчдийн тоо эрс цөөрч, барилдааны тасалбар борлогдохоо байж, ивээн тэтгэгчид зайгаа барьснаар дампуурал зарлахдаа тулсан юм. Энэ гамшигт байдлаас “о-сүмо” буюу их сүмог аварсан баатар нь аанай л монголчууд байлаа. 69 дэх их аварга Хакүко М.Даваажаргалын гүйцэтгэсэн үүрэг онцгой л доо. Тэрбээр 70, 71 дэх аварга Харүмафүжи, Какүрюү М.Ананд нарыг гарч ирэх хүртэл сүмогийн нэр хүндийг ганцаараа үүрсэн гавьяатай. Үүнийг япончууд мартдаггүй юм.

Их аварга Таканохана хэвлэлд хандсанаар байдал эвгүйтсэн бололтой
Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир нь Харүмафүжи аваргын дэгдээсэн дуулианаас болж сүмогийн сэргээд байгаа нэр хүнд дахиад уначих вий гэсэн болгоомжлол Сүмогийн холбоонынхонд байж болох талтайг хэрэг явдалд хандсан хандлагаас таамаглаж болох юм. Өчигдрийг хүртэл энэ хэргийг нийтэд дэлгэгдэхээс Сүмогийн холбоо болгоомжилж байсан ч А.Баасандоржийн багш их аварга Таканохана хэвлэлд хандсанаар байдал эвгүйтсэн бололтой. Тэгэхээр нэгэнт нийгэмд дуулиантсан хэргийн талаар ямар нэгэн шийдвэрийг тун ойрын үед гаргахаас аргагүй боллоо.

ХЭРЭГ ЯВДАЛ ХЭРХЭН ШУВТРАХ БОЛ?

Энэ үйл явдал ингэс тэгсхийгээд шувтрах нь ёстой л гонжийн жо. Сүмогийн ертөнц дахиад зэгсэн хүчтэй доргилт авах нь лавтай. Сүмогийн ёкозүна буюу аварга хүн гэдэг бол бурхан. Асар өндөр хүндлэл, нэр төр байдаг. Японы Эзэн хаантай зэрэгцэн суух эрхийг гагцхүү сүмогийн ёкозүна хүнд л олгодог юм. Нэгэнт ийм өндөр алдар, цолд хүрсэн бол муу барилдах эрхгүй. Муу барилдвал цолоо хураалган зиндаа дэв ухарна гэсэн ойлголт үгүй. Шууд зодог тайлах болно.

Тэгэхээр сүмо бөхийн нэр төр, нандин чанар болсон аварга хүн зодоон хийж, хэн нэгнийг гэмтээнэ гэдэг япончуудад яагаад ч зөвөөр ойлгогдох зүйл биш.Аварга цолыг нь хүндэтгэн нэг удаа уучлах энэ тэр гэсэн ойлголт тэдэнд огтхон ч үгүй. Харин ч энэ өндөр дээд хүндлэлийг нь байж болохооргүй доромжиллоо гэж үзэх болно. Тэд Аса аваргаас гардаг байсан аа, омгийг эргэн санах нь лавтай. Япон хүн монгол бөхчүүдийн иртэй, бяртай, халгисан цалгисан, омгорхог барилдаанд үнэнхүү дуртай ч, хэр хэмжээнээс хэтэрсэн үйлдлийг нь тэвчдэггүй юм. Бидний хоорондын ялгаа энэ л дээ. Япончууд хайрлавал хайрласан шиг хайрлаад, хатуурхвал хатуурхсан шиг хатуурхдаг. Архи, пиво ууж, ах захаас хатуу үг дуулан, ганц нэг ухамсрын шанаа авах бол сүмод хүлээн зөвшөөрөгдсөн “хууль” хэдий ч аваргад энэ удаа үйлчлэх магадлал юу л бол доо. Япон хүний цэвэр япон сүмо, япон бөхөөрөө бахархах бахархал нь хүчтэй эргэн сэргэж байгааг бид мэднэ. Ялих шалихгүй зүйлээр манай бөхчүүдийг өөнтөглөх болсон нь ч мэдрэгддэг. Дөнгөж энэ башё эхлэхийн өмнө аварга Какүрюү Анандад сүмод цаашид барилдах эсэхийг шийдэх ганц боломж олгон ирэх нэгдүгээр сарын барилдааныг нь харахаар болсон.

Энэ мэтийг эргэцүүлэн дүгнэхэд харих цаг нь хараахан болоогүй ч Харүмафүжи аваргад маань хатуухан шийтгэл ирж мэдэхээр байна. Ижийгээ санан зургийг нь үнэрлэн уйлдаг уяхан, хамгийн хөгжилтэй, барилдахаас гадна уран зургийн авьяасаараа мэргэжлийн зураачийн хэмжээнд үнэлэгдсэн аварга маань үнэхээр болчимгүй үйлдэл гаргасандаа уучлалт гуйж байгаа ч энэ нь дэндүү оройтсон гэмшил болж мэдэхээр байдал үүсчихлээ. А.Баасандорж маань харин хурдан илааршиж дэвжээндээ эргэн ирэх болтугай.


САНАЛ БОЛГОХ