Татварын нэмэгдэл далд эдийн засгийг даллаж байна

Мэдээ


Татварын хоёр дахь шатны шинэчлэл “амь тасарлаа”


Сүүдрийн эдийн засгийг ил болгох учиртай татварын шинэчлэл бүрэн зогслоо. Ингэснээр манай улс ДНБ- ийхээ дөрөвний нэгтэй тэнцэж байсан албан бус эдийн засагт дахин хаалгаа нээж өгөв. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тодорхойлсноор үндэсний тооцооны системд албан ёсоор бүртгэгдээгүй эдийн засгийн тодорхой хэсгийг дээрх хэлбэрээр ангилж байгаа юм. Татварын ачаалал, хяналт, зохицуулалтын дарамт ихсэх тусам сүүдрийн эдийн засгийн хэмжээ улс орнуудад нэмэгдэж ирсэн байдаг. Энэ жишгээр татварын орчин цаашид улам муудах эрсдэлтэй болж байна. Манайх татварын бааз сууриа өргөжүүлэхээр дөрвөн жилийн өмнө татварын хоёр дахь шатны шинэчлэлийг сүр дуулиантайхан эхлүүлж байсан юм. Харин өдгөө дээрх шинэчлэл мухардалд оржээ.

Татварын шинэчлэлийн хүрээнд Өв залгамжлалын албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Газрын хэвлийн төлбөр зэрэг хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулсан байдаг. Гэвч эдгээр хуулийн төсөл УИХ-ын босго давалгүй бүдгэрч байна. Харин Европын холбооны “шахалт”-аар Татварын ерөнхий хуульд ирэх онд өөрчлөлт оруулж магадгүй нь. Бусдаар татварын шинэчлэлд цэг тавьж байгаа бололтой. Уг нь шинэчлэлээ төгс хийчихсэн бол татварын хувь хэмжээг нэмэх шаардлага байсангүй. Татварын нэгдүгээр шатны шинэчлэл 2007 онд эхэлсэн. Харин энэ удаагийн татварын шинэчлэлийн гол зорилго нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байсан юм. Гэвч эдийн засгийн хүндрэл нэрийн дор татвар нэмсэн нь дээрх шинэчлэлийн өгөөжийг иргэд мэдрэхгүй өнгөрөхөд хүргэж байна. Уг нь шинэчлэлийн хүрээнд татварын хувь, хэмжээг нэмэхгүй, буулгахгүй гэсэн зарчим анх баримталж байлаа.

Тэрчлэн хувийн хэвшлийн үйл ажиллагаанд татварын орчны тогтворгүй байдал сөргөөр нөлөөлөх болов. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бизнесийн үйл ажиллагаагаа нарийн төлөвлөхөд түвэгтэй байдал үүсгэж байна. Нөгөө талаас, татвар төлөгчдийн мөнгө үр ашигтай хөрөнгө оруулалт болж, улс орны хөгжилд хэрхэн тусгалаа олж байгаа нь ойлгомжгүй байгаа тул иргэдийн дунд татвар төлөх идэвх буурчээ. Бизнест ээлтэй, иргэддээ дарамт болохгүй татварын орчинг бүрдүүлнэ гэж төр амласан боловч хэлсэндээ хүрч чадсангүй. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татварыг Засгийн газар нэмэхээр шийдсэн. Үүний нөлөө эдийн засагт илэрч, татварын ачаалал нэмэгдэж байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж эхэллээ.

Татварын дарамт ихсэх тусам сүүдрийн эдийн засаг нэмэгддэг
Татвар нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэлсэн. Энэ нь өрхийн төсвийг торгож, зардлаа танахад хүргэв. Засгийн газар цалин нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн мөртлөө татвар нэмэхээ хууль болгон албажуулсан. Үг, үйлдэл нь эндээс л зөрөөд эхэлсэн хэрэг. Төр зардлаа танах хүсэлгүй байгаагаа төсвийн зарлагаа тэлж харууллаа. Монгол Улс ирэх оны төсөвт 7.2 их наяд төгрөгийн орлогыг татвар болон шимтгэл, хураамжаар бүрдүүлэхээр тооцсон. Харин төсвийн зарлага нь 9.6 их наяд төгрөг. 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн ачааны хүндийг хувийн хэвшил болон иргэд үүрэх нь тодорхой. Тухайлбал, он гараад хэрэгжиж эхлэх Хувь хүний орлогын албан татвар нь зөвхөн 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд хамаараад зогсохгүй нь. Уг татварын нэмэгдэл эдийн засагт өсөлт бий болгож буй худалдаа, үйлчилгээний салбарт хамгийн түрүүнд “сүр хүч”-ээ харуулахаар байна. Тус салбар хамгийн олон хүнийг өнөөдөр ажлын байраар хангадаг.

Тэгвэл татвар өссөн явдал нь зардлаа хасах, ажилтнаа цомхотгох сонголт руу ажил олгогчдыг хөтөлж байна. Тэрчлэн сэргэж буй эдийн засгийн идэвхжилд энэ нь давхар нөлөөлөхөөр байгаа юм. Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосноор төсөвт төвлөрөх орлого 110 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх өөдрөг төсөөлөлтэй ч татварын бааз, суурь “давжаарах” эрсдэл бий. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх жилээс хоёр хувиар нэмэгдүүлнэ. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 11 хувь төлдөг байсныг ажилтан, ажил олгогч тус бүр нэг, нэг хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийсэн. Нийгмийн даатгалын өндөр шимтгэл нь эргээд татвараас зайлсхийх, аж ахуйн нэгжүүд эрхэлж буй үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлэхгүй байхад хүргэдэг сул талтай. Үүнээс төр сэргийлэх үүднээс татварын хяналт, шалгалтаа ойртуулахаар зэхэж байгаа нь дамжиггүй. Эдгээр дарамт, шахалтын цаана торгуулийн тоо, хэмжээ үрждэг гэмтэй. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүд татвараас бултах гэж охин компани олноор төрүүлдэг. Шинэ компаниуд татварын дарамтаас гарч чадахгүй, үүдээ барихад хүрэх нь бий. Мөн жижиг, дунд компаниуд нь албан бус секторт орох, компаниа жижигрүүлэх хандлага үүсэх эрсдэлтэй. Сүүдрийн эдийн засаг ийнхүү тэлэх нь татварын боломжит орлогыг бууруулдаг. Цаашилбал, эдийн засгийн бодлогыг гажуудуулах, аливаа бодлогын арга хэмжээ үр ашиггүй болох сөрөг үр дагавартай билээ. Татварын дарамтаас үүдэх сүүдрийн эдийн засаг тэлэх тусам бэлэн мөнгөний эрэлт нэмэгддэг, улмаар зардал өсдөг.

Ирэх жил Архи, тамхины онцгой албан татварыг нэмэхээр байгаа. Энэ сараас Автобензин, дизель түлшний онцгой албан татварын хууль хэрэгжиж эхэлнэ. Үе үеийн Засгийн газар төсвийн үр ашиггүй зардлаа танахын оронд татвараа нэмээд алдсан гашуун түүх нэг бус билээ. Тухайлбал, Гэнэтийн ашгийн татвар гэж 2006 онд баталсан нь алт олборлогч аж ахуйн нэгжүүд татвар төлөхөөс зайлхийх болж, Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээ эрс буурсан. Тодруулбал, уг хууль батлагдахаас өмнө 2005 онд 15.2 тонн алт тушааж байсан бол 2011 онд 3.4 тонн болж буурсан байдаг юм. Энэ нь алт олборлогч аж ахуйн нэгжүүд болон гар аргаар алт олборлогчид хууль бусаар алтаа хил давуулж худалдаалахад хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор сүүдрийн эдийн засаг тэлэх хандлагатай болсон юм. Энэ байдлыг давтах нь эдийн засгийн хөгжлөө хойш татах сул талтай. Зардлаа танахаас зайлсхийж, ОУВС-гийн нэрэн дээр татвар, НДШ-ийн хэмжээг нэмэх болсон нь өнгөн дээрээ татварын орлогыг нэмэгдүүлэх мэт харагдана. Харин бодит байдал дээр өнгөрсөн 10 жилийн турш тэмцэж ирсэн далд эдийн засгийг өөгшүүлэх алхам болж байна. Орлогоо нэмэгдүүлэх гээд орлого оруулдаг хэдийгээ үргээж мэдэхээр нөхцөл бий болж буйг мэдэж байгаа биз ээ.


САНАЛ БОЛГОХ