Үр дүнгүй чуулганууд хөрөнгө оруулагчдыг залхааж эхлэв үү

Зах зээл


Хөрөнгө оруулагчдын гэх тодотголтой арав гаруй чуулган болжээ


Дорнын сувд гэгддэг Хонконгод энэ сарын эхээр Монголд хөрөнгө оруулагчдын чуулган болж, өндөрлөлөө. Уг чуулганы цуваа үргэлжилсээр, ирэх зургадугаар сарын 8-нд Их Британийн Лондон хотод Монголд хөрөнгө оруулагчид дахин чуулах нь. Ийнхүү ар араасаа цуварсан хөрөнгө оруулагчдын чуулганыг сүүлийн 10 гаруй жил Улаанбаатараас гадна дэлхийн эдийн засгийн зангилаа төвүүдэд зохион байгуулсаар ирлээ. Өнгөрсөн оноос энэ оны эхэн хүртэл зөвхөн хөрөнгө оруулагчдын гэх тодотголтой арав гаруй чуулган Улаанбаатар болон Хонконг, Лондон, Токио зэрэг хотуудад болсон байна. Гэвч чуулган, уулзалтын тоо олширч, давтамж нь нэмэгдэхийн хэрээр ач холбогдол, үнэ цэн нь буурч буй урвуу хамаарал ажиглагдах болов. Сүүлийн үеийн хөрөнгө оруулагчдын чуулганууд хэвшмэл дэг, улиг болсон сэдэв, хязгаарлагдмал зочдын хүрээнд өрнөх болсныг цөөнгүй хүн хэлдэг. Ялангуяа, эдгээр чуулганы хоорондох зай ойртох тусам ач холбогдол нь буурч байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард хөрөнгө оруулагчдын хоёр ч том чуулган зэрэг шахуу болсон. Тодруулбал, есдүгээр сарын 4-нд Frontier Securitie байгууллагаас “Invest Mongolia” чуулган зохион байгуулсан бол үүнтэй залгаад “Discover Mongolia” эхэлсэн. Эдгээр чуулганы хамрах хүрээ, хэлэлцэх сэдвээс гадна хүрэлцэн ирсэн оролцогчид нь хүртэл давхцаж, давтагдаж байсан юм. Зарим албан тушаалтан бүр чуулганаас чуулганы хооронд ажиллаж буйгаа ч учирлаж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү хий хоосон уулзалт, чуулганы тоо хэтэрснийг гярхай ажиглаж, “Invest Mongolia” чуулганд оролцох үеэрээ шүүмжилсэн. Тэрбээр “Монгол Улсад хөрөнгө оруулах зорилго бүхий нэг л чуулганыг бид янз бүрийн нэршил дор сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ.

Заримдаа жилд хоёр, гурваар нь хийлээ. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад олон ч хөрөнгө оруулагч ирж байна. Гэвч эдгээр чуулганы бодитой үр дүн амьдралд тэр бүр харагдахгүй, үүнээс болж арга хэмжээ нь өөрөө үнэгүйдэх хандлагатай байгааг зохион байгуулагчид анхаарах хэрэгтэй” хэмээн хатуухан сануулаад амжсан юм. Үнэнийг хэлэхэд, сүржин нэртэй, тансаг танхимуудад болдог ийм арга хэмжээний өрнөл нь даан ч даржин. Өнөөх улиг болсон илтгэлүүд, урагшилдаггүй хэдэн төслөө залхтал ярина. Удирдах түвшний албан тушаалтнууд хөрөнгө оруулагчдыг хамгаалж, өмгөөлнө хэмээн амлаж, чихэнд чимэгтэй үгс урсгасаар чуулганыг дуусгадаг. Дээрээс нь энэ үеэр хэлэлцсэн асуудлууд ажил хэрэг болох нь ховор. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хэлсэн санал, гомдол төрийн бодлого, шийдвэр гаргалтад тусах нь бага гэдгийг ч хувийн хэвшлийнхэн учирладаг. “Бид цуглаж суугаад ирээдүй цаг дээр олон жил ярилаа. Хөрөнгө оруулалтын ийм чуулганууд одоо хэлбэрийн хувьд дараагийн шатандаа орох хэрэгтэй. Ярьж чуулахаас илүүтэй, хамтарч хийж бүтээдэг бодитой хамтын ажиллагаа чухал байна” хэмээн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат чуулганы шүүмжлэлээ төгсгөж байсан юм. Үүнийг ч чуулганд оролцогчид хүлээн зөвшөөрч байсан. Тэд жилээс жилд нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын чуулганы тооны ард нуугдсан чанар, үр дүнг эргэн харж, нэхэн хэлэлцэх цаг болсныг сануулж байв. Дотоодод болдог чуулганууд ийм бүүдгэр төрхтэй бол хилийн чанадынх ч нэг их дээрдэхгүй. Хэдийгээр энэ чиглэлийн чуулганууд нь хувийн хэвшлийн санаачилгаар өрнөдөг ч төрийн зүгээс олон талаар хамтран ажиллаж, дэмждэг. Дэлхийн томоохон санхүү, эдийн засгийн төвүүдэд болж буй хөрөнгө оруулагчдын чуулганд оролцохоор Монголоос сайд дарга нараас бүрдсэн том хэмжээний баг явдаг.

Гэвч тэд төсвийн мөнгөөр туулж, томилолтоор явчихаад, эргээд Монгол Улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт авчирч буй нь тодорхойгүй. Үүнийг тооцож, үр дүн, хариуцлага нэхэж байгаа юм алга. Гадаадад болдог Монголд хөрөнгө оруулагчдын чуулганыг хөндлөнгийн ажиглагчид шүүмжлэх нь бий. Тодруулбал, Монголыг төлөөлж буй албан тушаалтнуудын гадаад хэлний мэдлэг гологддог. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар гадаадын хөрөнгө оруулагчдын асуултад дорвитой, товхийсэн хариулт өгчих хэмжээний мэргэжилтэн цөөн байдаг аж. Үүнээс үүдэн Монголыг сурталчлах, бүрэн таниулах ажил орхигддог. Бас өмнө нь танилцуулж байсан илтгэл, мэдээллээ хэдэн жилийн дараа ч хээв хэлж зогсдог нь хөрөнгө оруулагчдын эгдүүг төрүүлдэг бөгөөд Монголын эдийн засаг, боломжийн талаар дэндүү өнгөц мэдээллээр хангадаг байна. Манай талын ийм идэвхгүй, ичмээр байдлыг гадаадын хэвлэл хүртэл анзаарсан. Монголыг чиглэх мөнгөний урсгал буурч, төр засаг хувийн хэвшилтэйгээ мөнгөний эрэлд гараад байсан 2016 оны арваннэгдүгээр сард Хонконгод болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулганыг сонирхолгүй, оролцогч цөөн, шүүмжлэл дүүрэн болсныг Японы Nikkei цахим хуудас мэдээлж байв. Дээрээс нь төрийн албан хаагчид нь хөрөнгө оруулагчдын асуултад бүрэн хариулаагүй төдийгүй нягталж үзнэ гэсэн хариултаар ам таглаж байсныг дурджээ. Үүнээс гадна сайд, төрийн түшээд нь хий, хоосон амлалт, уриа лоозонгийн шинж чанартай зүйлийг ярьдаг. Монголчуудын ийм арчаагүй, үлбэгэр байдал нь хөрөнгө оруулагчдын сонирхол, Монголын үнэлэмжийг бууруулдаг байна.

Ингээд гадаадад үнэтэй тансаг заал түрээсэлж, нүсэр хүлээн авалт хийсэн чуулганууд нь ядруухан үр дүн дагуулах нь ажиглагддаг. Ер нь Монголыг төлөөлөн, хилийн чанадад чуулга уулзалтад оролцохыг төрийн албан хаагчид төсвийн мөнгөөр зугаалж, амрах арга мэтээр ойлгох хандлага байдгийг шүүмжлэх нэгэн бий. Гэтэл монголчуудын бэлтгэл муу, сонирхолгүй, уйтгартай байдлаас залхсан гадаадын түншүүд Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр хоорондоо уулзаж, ажил хэрэг хэлэлцдэг гэх мэдээлэл ч байна. Эцэст энэ нийтлэлээр хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төр засаг нэгэн дээвэр дор чуулж, хэлэлцэх боломж олгодог хөрөнгө оруулагчдын чуулганыг бүрэн үгүйсгэх гэсэнгүй. Энэ төрлийн чуулган нь Монгол Улсыг олон улсад таниулан, сурталчлах, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэрчлэн олон улс дахь Монголын нэр хүнд, боломжийг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулахад хувийн хэвшлийн санаачилга өндөр байсныг дурдах нь зүйтэй. Ялангуяа, энэ чиглэлийн арга хэмжээнд идэвхийлэн оролцож, 10 гаруй жилийн турш хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулах ачааны хүндийг үүрч буй “Frontier Securities”, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим зэрэг байгууллагуудыг орхиж болохгүй. Гол нь аливаа чуулган уулзалт олон болохын хэрээр чанар, ач холбогдол нь буурч, үр дүн нь багасдаг. Улмаар Монгол Улсыг улам бүдүүлэг, боловсрол дутмаг болгон харагдуулах хандлага байгааг шүүмжилж байгаа юм. Угтаа Монгол Улсыг олон улсад таниулж, хөрөнгө оруулагчидтай ойлголцлоо улам бататгах учиртай энэ төрлийн чуулган хөрөнгө оруулагчдыг залхаах, үргээх тал ажиглагдаж байна.


САНАЛ БОЛГОХ