Тагнуулж, чагнуулж байж юун хэвлэлийн эрх чөлөө

Улс төр


Эрх мэдлээ урвуулан ашигладаг хүн зогсдоггүй юм


Олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг, хамгийн нөлөө бүхий “Хил хязгааргүй сэтгүүл­чид” байгууллагаас гаргасан “Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст 180 орныг жагсаасан. Үүнд Монгол Улс 71 дүгээр байрт орсон байв. Энэ нь өнгөрсөн оныхоос урагшлах байтугай хоёр байраар ухарсан үзүүлэлт юм. “Бусдын нэр хүндэд халдсан хуулийн этгээдүүдэд оноох шийтгэлийг нэмэг­дүүлэхээр тусгасан Зөрчлийн тухай хуулийг УИХ батал­сан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад цензур тавих байдал их байгаа нь Монголыг хэвлэлийн эрх чөлөөгөөр даруй хоёр байр ухрахад хүргэлээ” гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” мэдэгджээ. Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Тэгвэл жил бүр тохиодог хэвлэлийн эрх чөлөөний өдрөө Монголын сэтгүүлчид энэ удаа тагнуулж, чагнуулсан “бэлэгтэй”-гээр угтаж байна. Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө нийслэлийн прокуророос мэдэгдэл хийж, сэтгүүлчдийг тагнаж чагнасан нь үнэн, энэ хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Тэгэхээр сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэмт хэрэг үйлдэгдсэн үү, үйлдэгдсэн. Харин захиалагч нь хэн бэ? Уг нь цагдаагийн байгууллага хэний шууд удирдлага дор ажилладгийг харахад л захиалагчийг холоос хайх шаардлагагүй мэт. Тиймдээ ч энэ хэргийн захиалагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж олон нийтээс “нэр дэвшээд” буй. Харин өнөөдөр цагдаагийн алба хаагчид сэтгүүлчдийг тагнаж чагнасны төлөө сайд нь хариуцлага хүлээх үү, эсвэл гүйцэтгэх ажил явуулсан алба хаагчдад арга хэмжээ авах уу.


Намайг чагнаагүй, тагнаагүй гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй

Хэрвээ сайд нь үүрэг өгөөгүй бол тэд хэний тушаалаар гүйцэтгэх ажил явуулсан зэрэг олон тодорхойгүй асуултын хариуг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хэв­лэлийн эрх чөлөөний төлөө, сэтгүүлчдийн эрхийн төлөө ажилладаг гэх уриатай тэр олон байгууллагууд дуугарахгүй байгаа нь харамсалтай. Улс төрийн өндөр албан тушаалтан өөрийн эрх мэдлээ ашиглан сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг боомилох, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд албаны болон хувийн орон зайд халдахыг зүгээр хараад өнгөрөх юм бол дараагийн ээлжинд бүгд ийм байдалд орно. Яагаад гэвэл эрх мэдлээ урвуулан ашигладаг хүн зогсдоггүй юм. Дараа нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гэсэн сайд бүх сэтгүүлчийг тагнаж, чагнаж таарна. Сэтгүүлчдийг тагнаж, чаг­насан энэ үйлдлийг өнгөц харахад, хэвлэлийг боомилсон, өөрийнхөө эрхшээлд оруулж дохио зангаагаар удирдах гэсэн, сэтгүүлчдийг бичиж, нийтлэх зүйлийг нь хянасан явдал. Харин лавшруулаад үзвэл, энэ бол ард түмний мэдэх эрхэд ноцтой халдсан хэрэг. Тиймээс намайг чагнаагүй, гэр бүлийнхнийг маань таг­наагүй бол хамаагүй гэсэн байдлаар уг асуудалд хандаж хэрхэвч болохгүй юм. Сануулахад тагнуулж, чаг­ нуулсан гэх сэтгүүлчид нь Ц.Нямдорж сайдын хөрөнгө, орлого, түүний амьдарч буй байрны талаар эрэн сурвалжилга хийж байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн билээ. Дөрөв дэх засаглал гэгдэх хэвлэл мэдээллийн салбар нь гүйцэтгэх засаглалынхаа овоо хараанд орсон ийм байдалд Дэлхийн эвлэлийн эрх чөлөө­ ний өдрийг тэмдэглэж байгаа Монголын нийт сэтгүүлчдэд “баяр хүргэе”.


САНАЛ БОЛГОХ