Эрдэнэт үйлдвэрийн гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэйг мэдэгджээ
Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Тус бүлгийн дарга гүйцэтгэх засаглалын танхимыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг танилцуулав. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан асуудал хоёр ч шатны арбитрын шүүхээр орон Монголын талд ашиггүйгээр шийдэгдсэн. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн долдугаар сарын эхээр болж, “Стандарт” банкны талд заргыг шийдсэнээр олон улсын арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх шийдвэрийг гаргасан юм. Тус шүүх хуралд Монголын Засгийн газрын мониторингийн багийн төлөөлөл болон АТГ -ын зарим алба хаагч оролцсон байна. Шүүхийн шийдвэрээр үндсэн өр төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХ К-аар шүүхэд барьцаа хэлбэрээр төлүүлэхээр болжээ.
Улмаар “Стандарт” банкны өрийг төлүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг царцаах, битүүмжлэн хураахаар болжээ. “Стандарт” банк арбитрын шүүхийн ажиллагаанд гаргасан бүх зардлаа арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХ К-иас барьцаа хэлбэрээр төлсөн мөнгөн дүнгээс нь гаргах аж. Ингэснээр тус үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгалыг зогсоох, компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг Англи, Шенгень, Азийн зарим оронд зорчих эрхийг нь хязгаарлах шууд эрсдэл үүсээд байгааг “Эрдэнэт үйлдвэр” ХХ К- ийн Хууль эрх зүйн газрын дарга Ц.Цэрэнбадам нотолжээ. Харин үүнийг Ардчилсан намын бүлэг Засгийн газар огцрох шалтгаан хэмээн үзэж байна.
АН-ын бүлгийн гишүүд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-60 тэрбумын хэлэлцүүлэг хийх гээд Хууль зүйн байнгын хороог хуралдуулж чадахгүй байгаа энэ нөхцөлд Засгийн газрыг огцруулах шаардлагыг чинь ямар процедураар хэлэлцэх юм бэ?
Д.Эрдэнэбат: -Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн гуравны нэг буюу 26 гишүүний дэмжлэгтэйгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой. УИХ -ын даргын мэдээлснээр 22 гишүүн гарын үсэг зурсан гээд байгаа. Үүн дээр АН-ын бүлгийн гишүүд нэмж гарын үсэг зураад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах бүрэн боломжтой. Хэрвээ УИХ-ын дарга Монгол орны өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын ноцтой алдаа, хохирлыг харсаар байж чимээгүй суувал хамгийн хариуцлагагүй үйлдэл болно. Тиймээс манай мэдэгдэл гарсны дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. УИХ -ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй бол өөр өнцгөөр асуудалд хандана.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК- ийн эд хөрөнгийг битүүмжилж Стандарт банкны хохирлыг төлүүлэх шийдвэрийг олон улсын арбитрын шүүх гаргасан тухай мэдээлэл УИХ-д ирсэн гэлээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл бий юу?
С.Эрдэнэ: -Энэ бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх ноцтой үр дагавартай. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаас төсөвт орох нэг их наяд төгрөгийн орлого, мөнгөн урсгал зогсонги байдалд орох эрсдэлд хүрэх юм. Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийн тухай удаа дараа улстөрчид ярьж байна. 49 хувийн тухайд эрх баригчид тэр дундаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс янз бүрийн тайлбар хийж, иргэдийн тархийг угааж ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь бол ил тод байгаа. Оросуудын мэдэлд байсан үндэсний үйлдвэрийн хувийг монголчууд авч ирсэн. Хятадууд, казакууд аваагүй шүү дээ. Харин иргэдийн тархийг угааж 49 хувьд бурууг чихэх гэж оролдож байгаа нь эрх баригчдын олон жил шахааны бизнес хийсэн хууль бус үйл ажиллагааг нуух гэсэн ажиллагаа. Түүнийг одоо шалгах болсон.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй