Монголын старт-апууд Азид гарах цаг болсон

Нийтлэлчийн булан


​Мянганыхан технологийн салбарын амжилтын түүхийг бүтээхийг зорьж байна​


Дэлхийн их наяд ам.долларын үнэлгээтэй анхны компани хэзээ мөдгүй мэндэлж магадгүй байна. Яг өнөөдрийн байдлаар Apple компани 933.7 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр их наядад хамгийн ойр байгаа бол араас нь Amazon, Alphabet (хуучнаар Google) компаниуд нэхэж явна. Дэлхий даяар өрнөж буй аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг үл итгэгчид хичнээн үгүйсгэх гэж оролдсон ч хэрэглэгчдийн мөнгө хаашаа урсаж байгаа нь бодит байдлыг бэлээхэн харуулна. Харин энэ шилжилтээс “хүрэн”-ээрээ алдартай Монгол улс тэгтлээ хол хоцорчихоогүйг саяхны үйл явдал харууллаа. Азийн старт-апууд дунд ороод дэнхийсэн том биетэй хүүхэд шиг санагдсан гэж “Анд глобал” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан ярив. Азийн 27 улсаас шилэгдэн ирсэн старт-апуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах, харилцан туршлага солилцоход чиглэсэн Echelon Asia 2018 чуулга уулзалт өнгөрсөн сард Сингапурт болсон.

Энэ арга хэмжээнд Монголоос гурван старт-ап шалгарч, оролцоод ирсэн юм. “Анд глобал”-аас гадна “Ньюмедиа” ХХК, Айхотел компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, старт-апчдын нэрлэснээр “Бизнес найраа” хийжээ. Азийн старт-апууд дунд Монголын компаниуд үйл ажиллагаа явуулсан хугацаа, туршлага, борлуулалт, зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, үйл ажиллагааны ашиг зэргээрээ толгой цохиж байсан нь дэнхийсэн том хүүхэд шиг санагдахад хүргэсэн аж. Энэ мэдээлэл Монголын залуучууд дэлхийгээс туршлага судлах төдий бус чаддаг мэддэгээрээ туршлагаа хуваалцах, сайн жишээ болох чадамжтай болсныг харуулж байна. Ер нь хааяа нэг дуулддаг гэрэлтэй, гэгээтэй мэдээний гол баатрууд нь хувийн хэвшил, залуу үе байх. Монголчуудын үүсгэн байгуулсан, Сингапурт бүртгэлтэй “Анд глобал” компани нэг жил гаруйн хугацаанд үсрэнгүй хөгжиж өнөөдрийн түвшинд хүрсэн бол “Ньюмедиа” компани найман жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд одоо дэлхийд гарахад бэлэн болов.

ОЛБОРЛОГЧ МОНГОЛ БИШ ХӨГЖҮҮЛЭГЧ МОНГОЛ

Засгийн газрын мэдээ сонин өнгөрсөн хавар “Инновацигүйгээр ирээдүйн талаар яриад ч хэрэггүй” нийтлэлдээ дэлхийн улс орнууд технологийн салбар, платформ бизнесийг хэрхэн дэмжиж, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлтгэж байгаа талаар бичсэн. Нэг ширхэг iPhone X 34 тонн нүүрсний үнэтэй тэнцэж байгааг та тус нийтлэлээс уншиж болно. Монгол улсад өнөөдөр “Инновацийн тухай хууль”, “Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ гарааны компани байгуулах журам” гэх хоёрхон баримт бичигтэйгээр технологийн инновацийг хэрэгжүүлэх гарааны компаниудын үйл ажиллагааг зохицуулж байна. Үүгээрээ гарааны компани гэгчийг хөгжүүлэх үүрэг, хариуцлагыг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад оноочихсон.

Гэтэл олон улсад амжилттай яваа томоохон компаниуд, сангууд нь гарааны компаниудаа дэмжиж, хөрөнгө оруулалтаар хангаж, үүгээрээ дамжуулан бизнесийнхээ тасралтгүй өсөлт хөгжлийг хангаж байна. Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч дэлхийн 100 компанийн 75 нь гарааны компаниудын өнөөдрийн төсөл, ирээдүйн ашигт найдаж хөрөнгө оруулалт хийж байна. Intel л гэхэд 2017 онд 15 гарааны компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд 60 сая ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Гэхдээ энэ бол дэлхийн луугаруудын оруулсан 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын өчүүхэн хэсэг. Харин Монгол улсад бодлогын дэмжлэг нөгөө л их дээд сургуулиудаар хязгаарлагдсан хэвээр. Энэ байдлаар Монгол улс эдийн засгийн өсөлт ч гэж яриад хэрэггүй гэдэг нь шинэ мянганыхан ухаан орсон цагтай давхцана. Бодлого тодорхойлогчид ярьснаа таг мартсан бол мянганыхан хүрэн түүхий эдийг халж, оюуны бүтээгдэхүүнээ азид таниулаад эхэлчихэж.
САНАЛ БОЛГОХ