Эцэг эхчүүдийг хожимдсон харуусалд хөтөлдөг 10 том алдаа

UB Info

Дэлхий дээрх бүх ээж аав нар үр хүүхдүүдээ хамгийн сайн сайхан амьдралаар амьдруулахыг юунаас ч илүүтэй хүсдэг. Олон эцэг эх хүүхдүүддээ хүссэн тоглоомын аваад өгчих чадалтай байхын тулд ажилладаг бол зарим нь хүүхдээ сахилга бат өндөртэй, зорилго тэмүүлэлтэй байгаасай гэсэндээ чанга хатуу хүмүүжүүлдэг, харин зарим нь хувь заяаг нь өөрсдөд нь атгуулж зөвхөн өөрөө мэдэж хэрхэн шийдвэр гаргах талаар зааж сургадаг билээ. Айл гэр болгон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх өөр өөрийн арга барилтай байдаг ч гэлээ бүх эцэг эх нарт тохиолддог нэг нийтлэг үзэгдэл бол өмнө нь гаргаж байсан алдаагаа засаж залруулахыг хүсэх хожимдсон харуусал ажээ.

Хүүхдийн тань бага балчир байх үеийн цаг хугацаа бол таны хамгийн ихээр нандигнан эдлэх ёстой он жилүүд юм. Учир нь ирээдүйд та алдсан боломжуудынхаа хойноос харуусан гашуудах вий. Хожимдсон харууслыг мэдрэхгүйн тулд эцэг эхчүүдийн гаргадаг дараах нийтлэг 10 алдааг уншаад сургамж аваарай гэж хүсье.

1. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нэг их харилцаа үүсгэж чадаагүй

Хүүхэд биеэ даасан хүн болж өсөж торнихын тулд нас бие гүйцсэн хүмүүстэй тогтмол харилцаа холбоотой байх ёстой байдаг. Гэхдээ үнэн гэвэл эцэг эхчүүд ч мөн адил хүүхдүүдтэйгээ харилцаатай байх ёстой. Мэдээж цаг завын асуудал гардаг нь үнэн ч гэсэн ядаж л хүүхдээ тоглож байх зуур нь хажууд нь хийх ёстой ажлаа амжуулаад байж болно шүү дээ. Үүнийг зуршил болгож чадвал та хүүхдээ нэг мэдэхэд л зөнгөөрөө өсөж бойжоод өөрөөрөө амьдрахад бэлэн болсон байгааг анзаарах болно.

Алдсан цаг хугацааг буцааж авчрах арга байхгүй. Тиймээс хүүхэдтэйгээ бие цогцсоороо ойр байгаад зогсохгүй сэтгэл зүрх, оюун санаагаараа ч бас ойр байгаарай. Тэдэнтэй байх хором мөч бүрээ нандигнаж яваарай.

2. Хүүхдүүдээ хангалттай их тэвэрч чадаагүй

Эрүүл мэндэд тэврэлт ямар сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд аль хэдийн нотолсон билээ. Гэхдээ тэрнээс илүү бяцхан үрээ зүгээр л сайхан тэврэх нь ямар сайхан гэдгийг та ч өөрөө мэдэж байгаа буйзаа. Гэвч хэтэрхий их тэвэрч хайрлах тусам хүүхдүүд бүр дасаад дэндчихдэг гэх мэт утгагүй шалтгаануудаас болж эцэг эхчүүд тэр бүрчлэн хүүхдээ олонтаа тэврээд байдаггүй.

Цаг хугацаа өнгөрч, хүүхэд томрохын хирээр танд тэврүүлэх нь багасна. Тиймээс боломж байгаа дээр тэднийгээ чадах ядахаараа их тэврээд байгаарай.

3. Хангалттай олон зураг, бичлэг хийж хадгалаагүй

Зураг аваагүй байлаа гээд ямар ч муу зүйлс тохиолдохгүй нь тодорхой л доо. Гэхдээ л ирээдүйд та бяцхан үрстэйгээ өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай хором мөчүүдээрээ дахин нэг аялж, сэтгэл хөдлөлөө тэдэнтэйгээ хуваалцахыг хүсэх л болно шүү дээ. Ихэнх эцэг эхчүүд камераа илүү их ашигладаг байж дээ гэж харамсдаг.

Галт наадмын тухай хийсэн бичлэгээ та дараа дахиж хэзээ ч сөхөж харахгүй. Гэхдээ хүүхдийнхээ анхны алхмаа хийж байх үеийн бичлэгийг нэгээс ч илүү удаа үзэхийг хүснэ.Өнөө цагт дижитал технологи хэчнээн хөгжсөн байлаа гээд таны амьдралын чухал мөчүүдийг хамгийн найдвартай хадгалах зүйл бол хэзээд зургийн цомог хэвээр байх болно.

4. Анх хэлсэн үгсийн хэзээ ч тэмдэглэж байгаагүй

Үнэхээр, үнэхээр гайхалтай дурсамж бол яахын аргагүй хүүхэд тань анхны үгсээ хэлж байх цаг мөч юм шүү дээ. Тэмдэглэж авахгүй байлаа гээд амьдрал чинь дордохгүй ч гэлээ тэмдэглээд авчихвал дээрдэх нь лавтайяа.

5. Хүүхэдтэйгээ цагийг бүтээлч өнгөрүүлж чадаагүй

Хүүхэдтэйгээ цагийг бүтээлч өнгөрүүлснээр таны хүүхэд гарцаагүй мундаг зураач эсвэл хөгжимчин болно гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ болохыг ч бас үгүйсгэх аргагүй. Нэгт, хэрэв та хүүхэдтэйгээ олон төрлийн зүйлсийг хийж туршиж үзвэл тэдний юунд дуртай, юунд авьяастай болохыг нь олж илрүүлж чадах бөгөөд ингэснээр тэрийг нь цааш хөгжүүлэх талаар анхаарч эхлэх юм. Хоёрт, үлгэр уншиж өгч, тоглоомоор хамтдаа тоглох гэх мэт ямар ч хамаагүй зүйлс хүүхэдтэйгээ хамт хийвэл энэ нь тэдний оюун ухаан, төсөөлөн бодох чадвар болон үгийн баялгийг хөгжүүлэх билээ. Эцэст нь хүүхэдтэйгээ цагийг илүү бүтээлч өнгөрүүлэх тусам та хоёрын харилцаа улам дотно болох болно.

Туршлагатай эцэг эх ихэвчлэн хүүхдүүдийнхээ авьяас чадварыг бүр бага дээр нь илрүүлэхгүй яав даа гэж их харамсдаг аж.Тиймээс хүүхдэдээ олон төрлийн тоглоом тоглуулж, ном унших боломж өгч байгаарай.

6. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хэтэрхий чанга өсгөсөн

Хэн нэгний бурууг ойлгуулж хэлэх нэг өөр бас утга учиргүй аашилж зандрах нэг өөр хэрэг билээ. Хүнд өндөр шаардлага тавих тусам өндөр амжилтад хүрдэг гэсэн мухар сүсэг маягийн яриа байдаг. Гэвч бодит байдал дээр энэ нь шал эсрэгээрээ эргэх тохиолдол олонтаа бий. Жишээлбэл хүүхэд зан авирын асуудалтай болох мөн хөгжлийн бэрхшээлтэй ч тулгарч болох бөгөөд энэ бүгдээс гадна хүүхэдтэйгээ мөнхийн сөрөг харьцаатай болж хоцрох харамсалтай сөрөг үр дагавар ч бий.

Муу дүн авсных нь төлөө зарим эцэг эхчүүд том шийтгэл оноодог. Энэ нь хүүхдүүдийн амжилтыг улам бүр доошлуулна гэхээс дээрдүүлэхгүй. Зөвхөн шийтгэх ёстой үйлдлийг л шийтгэж бас урамшуулах ёстой үйлдлийг нь урамшуул. “F” үсэг авах, эсвэл аяга санаандгүй хагаллаа гээд хэнд ч хор хохирол үгүй шүү дээ.

7. Хүүхдийнхээ үзэл бодлыг тэд авч хэлэлцэх битгий хэл дууг нь хорьсон

“Жаахан юм байж юу мэддэг юм чи!,” “Аавдаа авгай авахыг заах гээ юу чи!” “Томчууд ярьж байхад чи чимээгүй бай.” гэх мэт үгс дэндүү их сонсогддог гэдгийг бидний хэн бүхэн мэдэж байгаа. Хүүхдийнхээ амыг таглах нь тэдэнд хүнд тусахаас илүү хамгийн аймаар нь ирээдүйд өөртөө итгэх ямар ч итгэлгүй болж өсдөгт л оршиж байгаа юм. Хэрэв таны амьдралд өөр хэн нэгэн өмнөөс тань шийдвэр гаргаад байвал та амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаа яаж мэдэх болж байна?

Хүүхдээ үзэл бодлоо илэрхийлэхийг нь зөвшөөр. Тэднийг үл тоож, амыг нь барих бус тэдний юу хүсэж байгааг нь сонсоод хэлэлцэж ойлгуулах нь илүү үр дүнтэй.

8. Хүүхдээ хангалттай их аз жаргалтай байлгаж чадаагүй

Хүүхэд насны гайхалтай дурсамжууд бол бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл билээ. Ганц өдөр салхинд гарах жижигхэн аялал хүртэл хожим нь гайхалтай зүйл болохыг үгүйсгэхгүй. Хэрэв хүүхэд эрүүл, аз жаргалтай уур амьсгалд өсөж торниж, маш олон шинэ соргог зүйлс үзэж харж байвал идэвхтэй хөгжиж бойжиж байна гэсэн үг. Эерэг сэтгэлгээтэй хүүхэд нас бие гүйцээд аливаа орчинд дасан зохицохдоо хурдан байдаг бөгөөд бусадтай харилцаа үүсгэхдээ ч ямар нэг асуудалтай тулгардаггүй аж.

9. Бусдын бодолд хэт их ач холбогдол өгсөн

Залуу ээжүүд ихэвчлэн бусдын үгэнд автах нь элбэг тохиолддог. Амаараа мэргэжилтнүүд шиг ярих тэдгээр хүмүүс голцуу хүүхдийг тань ямар хувцас өмсвөл зохих, юу идэх хэрэгтэй, ямар аргаар хүмүүжүүлбэл зохилтой талаар ам уралдан ярьдаг. Гэхдээ ганц л үнэн бол та өөрийн төрүүлж өсгөсөн хүүхдэдээ юу тохирох тохирохгүйг хэнээс ч илүү мэддэг нэгэн гэдгээ үргэлж санах ёстой шүү. Мэдээж та бусдын сайн зөвлөгөөг сонсолгүй яахав. Гэхдээ заавал дагаж мөрдөх хэрэгтэй гэсэн биш шүү дээ.

Бас нэг зүйл гэвэл ямар ч зүйл тохиолдож байсан та үргэлж хүүхдийнхээ талд зогсож байгаарай. Хэн нэгэн таны хүүхдийг хүмүүжилгүй гэж загнаж, гомдол мэдүүлж байсан ч хамаагүй хүүхдэдээ эцэг эхийн тусламж, дэмжлэг гэж ямар байдгийг мэдрүүлж өсгөөрэй. Тэдэнд дэмжлэг хэрэг болсон цагт хамгийн түрүүнд таныг л гэж ирэх болно.

10. Амьдралынх нь хамгийн чухал цаг мөчүүдэд эцэг эхчүүд дэргэд нь байгаагүй

Бидний хувьд нэг их чухал биш гэж бодсон зүйл заримдаа тэдний хувьд үнэхээрийн чухал зүйл нь байдаг. Хүн бүр ялангуяа хүүхдүүд ийм үедээ хэн нэгнээр дутагдаж байдаг. Та хүүхдийнхээ төрсөн өдөрт ирэх ямар ч боломжгүй байсан ч гэсэн чадахаар бол ирэхийг хичээгээрэй. Учир нь ийм чухал бас ховор нандин мөчүүдийг алгассандаа ирээдүйд та харамсаад барахгүй шүү.

Гацуур мод засах цаг зав өөртөө гарга, хамт кино үзэхээр яв, эмээ өвөө дээр нь дагуулж оч. Эдгээр бүх зүйлс маш чухал юм шүү. Нэг мэдэхэд л цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөх үед та тэдэнтэйгээ хамт бүтээсэн дурсамжаа ахин өгүүлэх болно.

САНАЛ БОЛГОХ