Эрвээхийн мананцар

UB Info

Уг огторгуйн биет яруу тансаг эрвээхий шиг харагдаж байж болох ч тийм ч тогтуун, амгалан оршихуй биш юм.

Эрвээхийн чамин далавч мэт харагдаж буй зүйл яг үнэндээ бол эмх замбараагүй үймэх, 20'000°С хүртэл халсан хий аж. Мөн 950'000 км/ц-ийн хурдтай тал тал тийш цацарч буй бөгөөд энэ нь Дэлхийгээс Сар хүртэл 24 минутын дотор хүрч очих хурд билээ.

Нэгэн цагт манай нарнаас 5 дахин их масстай явсан, үхэлтэй нүүр тулж буй од уур хилэнгийхээ тэг дунд буй нь энэ. Хийн бүрхүүлээсээ ангижирчихаад илүүдэл материалаа гялтгануулсан нил ягаан цацрагийн урсгалаа чөлөөлж байна. Уг биет нь гарагийн мананцарын (planetary nebula) тод жишээ бөгөөд тэднийг жижиг телескопоор харахад ихэнх нь тойрог хэлбэртэй, ямар нэг гарагтай төстэй харагддаг тул ийн нэрийддэг ажээ.

НАСА Хабл дуранд байрлах The Wide Field Camera 3 (WFC3) хэмээх дурангаар уг NGC 6302 мананцар буюу олны хэлж заншсанаар Цохон мананцар эсвэл Эрвээхийн мананцарыг буулгажээ. WFC3 дуранг анх 2009 онд НАСА-ийн сансрын нисгэгчид 19 настай Хабл дуранг засаж, шинэчилж байхдаа суурилуулсан байна.

NGC 6302 манай Сүүн Зам оддын айд байрлах ба Хилэнцийн одны ордоос 3800 гэрлийн жилийн зайд оршино. Гялалзаж буй хий нь одны гадна давхарга ба 2200 жилийн өмнө тэсэрчээ. "Эрвээхий" нь хоёр гэрлийн жилийн зайд сунаж байрлах ба энэ нь ойролцоогоор Нарнаас Альфа Центаури (Нартай хамгийн ойр орших од) хүртэлх зайн хагастай тэнцэхүйц хэмжээ юм. 

Цөмд байх од, мананцарыг голоос нь чимхэж буй мэт бараан тууз шиг цагираг хэлбэртэй тоосонцороос болж харагдахгүй ажээ. Тоосонцорон бүслүүр одноос үүсэх урсгалыг шахаж классик - "хоёр туйлт", элсэн цаг хэлбэрт оруулах аж. 

Одны гадаргын хэм ойролцоогоор 220'000°C байгаа нь түүнийг манай оддын айн хамгийн халуун од болгоно. Газар дээрх одон орны дурангаар (ground-based telescope) спектроскопийн ажиглалтуудыг хийхэд уг мананцарын хийн хэм ердийн гарагийн мананцарынхаас илт халуун байгаа юм. (Дээр дурдсанаар, ойролцоогоор 20'000°C)

Од эхлээд Нарнаас 1000 дахин том диаметртэй асар том улаан аварга од болж хувирав. Дараа нь сунасан гадна давхаргаа алдана. Зарим хий бага хурдаар (32'000 км/ц) экватор орчмоос алдагдаж цагираг хэлбэрт бүслүүр үүсгэх бол харин бусад хий нь бүслүүрт перпендикуляр байдлаар цацагдаж эрвээхийн далавчийг үүсгэх аж. Улмаар, цөм дэх од халсаар байх үесд, 3,2 сая км/ц-ийн хурдтай аялж яваа цэнэглэгдсэн бөөмийн урсгал болох сансрын салхи далавчит хэлбэрийн дундуур зам гаргах ажээ.

Зурагт мөн хэдэн хуруу мэт дүрсүүд од руу заах мэт байрлаж байгаа нь сансрын салхийн даралтыг эсэргүүцсэн, нягт ихтэй хэсгүүд байж мэдэх юм.

Мананцарын гадуур орших улаавтар ирмэгээр зурагт хамгийн хүйтэн хийг дүрсэлнэ. WFC3 дуран төрөл бүрийн химийн элементийн өөрсдөөсөө ялгаруулах гэрлийг салгаж харуулах боломжтой олон төрлийн филтертэй аж. Энэ нь сансар судлаачдад мананцарын хийн найрлага, нягт болон хэм зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Цагаан өнгөөр хүхрээр баялаг гэрлийг харуулжээ. Хурд ихтэй хий нь одноос арай эрт салж одсон хурд багатай хийтэй мөргөлдөж, шок давалгаа үүсгэнэ (төвд байрлах одтой ойр орших тод цагаан ирмэгүүд). Баруун дээр харагдах хурц ирмэгтэй цагаан хэсгүүд нь уг шок давалгаа аж. 

NGC 6302 мананцарыг 2009 оны 7 сарын 27-нд буулгажээ. 

Эх сурвалж: NASA, ESA and the Hubble SM4 ERO Team

САНАЛ БОЛГОХ