Санчир гарагийн дагуул Титан руу дрон-робот явуулахаар болжээ

UB Info

НАСА-гаас Санчир гарагийн дагуул Титан руу дрон-робот явуулахаар болжээ. Уг ажиллагааг Dragonfly хэмээн нэрлэсэн бөгөөд бусдаас ялгаатай нь буусан газраа зүгээр нэг явах биш нисэх боломжтой байгаад оршино.

Манай нарны аймгийн биетүүд дундаас дэлхийгээс гадна зөвхөн Титаны гадарга дээр их хэмжээний шингэн оршдог. Гадаргын температур нь -180 градус байдаг учраас тэр шингэн нь ус биш метан болон этанаас бүрдсэн байдаг. Тэгсэн хэдий ч Титаны агаар мандал ч манай дэлхийтэй адил азотаар баялаг байдаг тул амьд биет уг орчинд байх боломжтой гэж үздэг.

Өмнө нь Кассини хөлөг Хойгенс аппаратыг Титан дээр буулгаж байсан ч Хойгенс ердөө хэдхэн цаг л ажилласан байдаг. Харин Dragonfly дрон нь 2,7 жил ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Уг төхөөрөмж нь 400 кг жинтэй хэрнээ 36 км/цаг хурдтай нисэх боломжтой. Хэдий хүнд жинтэй боловч Титаны өтгөн агаар мандал болон бага татах хүчний улмаас үр дүнтэй нислэг хийх боломжтой болно.

Гэвч уг төхөөрөмж нь 2026 онд хөөрөх бөгөөд Титан дээр 2034 онд очих төлөвлөгөөтэй байгаа ажээ. Удаан хүлээх хэдий ч бид сонирхолтой мэдээллийг сонирхолтой аргаар олж авч болох нь ээ.

САНАЛ БОЛГОХ