Минималист Япон залуу Фумио Сасакигийн түүхийг хуваалцаж байна

UB Info

Аз жаргалыг худалдаж авах нь түр хугацааны зүйл.

Би 35 настай, ганц бие, гэрлээгүй хэвлэлийн компанид ажилладаг, энгийн залуу. Та нарын зарим нь намайг мөнгөгүй, ганц бие, азгүй амьтан гэж бодож магадгүй. Миний хуучин хувилбар энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд ичмээр байсан. Харин одоо надад энэ бүхэн хамаагүй.

Учир нь маш энгийн. Би байгаагаараа төгс, аз жаргалтай байна. Би ихэнх материаллаг эд хогшлоосоо салж чадсан. Би зөвхөн өөрт хэрэгцээтэй, шаардлагатай зүйлүүдээ байлгахаас гадна хамгийн чухал амьдралын үнэт зүйлийг ойлгосон юм. Тэр нь аз жаргалын жинхэнэ утга учир байлаа. Бид илүү их зүйлтэй байх тусмаа илүү аз жаргалтай болно гэж боддог. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс бид чадах хэмжээгээрээ цуглуулсаар л байдаг. Үүний тулд ихээхэн мөнгө шаардлагатай. Бид аажмаар хүмүүсийн мөнгөтэй, мөнгөгүйг хэмжин шүүмжилж эхэлдэг.

Би үргэлж минималист байгаагүй.

Би хэрэггүй эд хогшил цуглуулдаг байсан ч хаяж чаддаггүй байлаа. Завтай болохоор уншина гэж боддог хөглөрсөн номууд, хэдхэн удаа өмссөн ч шүүгээгээр дүүрсэн хувцаснууд, чөлөөт цагаараа сурна гэсэн хэлний CD зэрэг өрөөг дүүргэж буй бүх зүйлээс залхсан. Мөн надаас илүү амьдарч байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулдаг байв. Коллежид хамт сурсан найзынхаа гэрт зочилсон юм. Тэр томоохон компанид ажиллаж, хангалттай цалин олж, хөөрхөн эмэгтэйтэй гэрлэж, хүүхэдтэй болсон байлаа. Бид коллежид яг л адилхан оюутнууд байсан шүү дээ. Яагаад бидний амьдрал ийм их ялгаатай байна? гэж бодож эхлэв. Миний байшингаас хоёр дахин үнэтэй, шинэ, цагаан Ферари унан миний хажуугаар өнгөрөхөд би дугуйтайгаа хараад үлдсэн түүх бий.

Энэ явдлын дараа сугалаа хүртэл худалдан авч хожно хэмээн ихэд найдаж байсан. Санхүүгийн асуудлаас болоод найз охиноосоо ч салсан. Тухайн үед юунд ч анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаггүй, хий дэмий л цагаа үрдэг хүн байсан бөгөөд үүнээс зугтахын тулд архи хэрэглэдэг байв. Нэг хэсэг амьдрал минь болж байгаа мэтээр жүжиглэж байж. Би өөрийгөө болон бусдыг өрөвдөлтэй байдалд оруулж байлаа. Энэ бүх явдлын дараа би шинэ хүн болж, олон зүйлд баяртай гэж хэлсэн.

Би эмх замбараагүй, эд хогшлоосоо ангижирснаар өдөр ирэх тусам аз жаргалтай болж эхэлсэн юм. Хэрвээ та өөрийгөө сул дорой мэт мэдэрч, өөрийгөө бусадтай харьцуулж, таны амьдрал сүйрсэн мэт санагдаж байгаа бол зарим эд зүйлсдээ баяртай гэж хэлэх цаг ирсэн байна. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч аз жаргалыг худалдаж авах нь түр хугацааны зүйл. Жинхэнэ аз жаргал ирэхэд бид төөрсөн байдаг.

Сонирхуулахад Фумио Сасаки 2015 онд “Goodbye things” номыг бичиж хэвлүүлжээ.

Минималист хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүст дараах зөвөлгөөг хүргэж байна.

Хэрэгцээгүй зүйлсээ хаях

Тансаг хийцтэй нүсэр том тавилганаас илүү авсаархан, цэвэрлэхэд хялбарыг сонгож, чанартай цөөн хэдэн хувцастай байхыг эрхэмлэ. Бид хэрэггүй зүйлсийг өндөр үнээр худалдан аваад эргээд түүнийгээ хаяж чадахгүй хадгалсаар байдаг. Тэр бүхнийг эмхэлж цэгцлэх, угааж арчлахад хамаг цагаа зарцуулж, үүндээ бухимддаг. Бид үнэндээ маш олон сонголт дунд амьдардаг. Сонголт багасах тусам бухимдал арилна. Ингэснээр бид хэрэггүй зүйлд цаг зарцуулах шаардлагагүй болж, мөнгөнд ч хэмнэлттэй амьдарна.

Цахим хэрэглээг зүй зохистой ашиглах

Ихэнх хүмүүс өдөрт цахим ертөнцөд хоёр цагийг зарцуулдаг. Энэ нь твиттер, фэйсбүүк хаягаа хаа гэсэн үг биш. Бид утсан дээрх хэрэггүй аппликешнүүдээ устгаснаар маш их үнэт цагийг хэмнэж, өөрийн дотоод ертөнц, аз жаргалдаа анхаарлаа хандуулах боломжтой болно.

Олон зүйлийг зэрэг хийхээ зогсоо

Олон зүйлийг зэрэг амжуулах гэж оролдсоноор хүний тархи хэт их ачаалж, бухимддаг. Харин үүний оронд нэг зүйлд төвлөрснөөр та илүү бүтээлч байх болно.

Хувцасны шүүгээгээ төрөлжүүл

Ямар ч зүйл дээр зохидог, хэзээ ч өмсөж болохоор хувцас сонго. Тухайлбал эмэгтэйчүүдийн хувьд хар даашинзыг ямар ч үйл явдалд өмсөхөд тохиромжтой. Таны ажил, амьдралын хэв маягт тохирох энгийн, цөөхөн хувцсыг сонгоод ээлжлээд өмсөх боломжтой шүү дээ.

Бага зүйлтэй аял

Аялалд гарахдаа авч явах гэж буй хувцасныхаа талыг нь бэлд. Цөөхөн эд зүйлстэй явснаар та эрх чөлөөг мэдэрнэ.

Эх сурвалж: Zoloo Jack

САНАЛ БОЛГОХ