Охид ч баатарлаг байж чадна!

UB Info

- Женьи Ван - Одон орон судлаач/астрономич (1768 - 1797)

Эрт урьд цагт Хятад улсад юм бүрийг сурах дуртай нэгэн охин байжээ. Тэр математик, шинжлэх ухаан, газар зүй, анагаах ухааны талаар судалж, шүлэг бичих дуртай байв. Түүгээр ч зогсохгүй морийг гаргууд унаж, нум сумаар харвах, тулааны урлагаар хичээллэнэ.

Түүний нэрийг Ван гэнэ. Ван хаа сайгүй аялж, бүх зүйлийг сонирхдог ч одон орон судлах хамгаас илүү дуртай ажээ. Тэр гараг эрхэс, дэлхий ертөнц, нар, од, сарыг судлахад хамаг цагаа зарцуулдаг байв. Тэр үеийн хүмүүс сар хиртэх нь бурхад уурласны дохио гэдэгт итгэдэг байжээ. Ван харин үүнд итгэдэггүй тул худал гэдгийг туршилтаар батлахаар шийдсэн байна.

Тэр цэцэрлэгт хүрээлэн дэх асартаа дэлхийг дугуй ширээгээр, нарыг таазнаас зүүсэн гэрлээр төлөөлүүлэн нэг талд нь сарыг том дугуй толиор орлуулав. Тэгээд тэдгээр зүйлсээ бодит мэт хөдөлгөхөд нар, дэлхий, сар гурав нэг шугамд орохыг хараад "Тийм ээ! Сарны хиртэлт гэж сар дэлхийн сүүдэрт орохыг хэлдэг юм байна шүү дээ" хэмээн сэтгэл догдлон хэлжээ.

Ван математик, шинжлэх ухааныг эгэл хүмүүст ойлгуулахын ач холбогдлыг ухамсарлаж, газрын татах хүчийг энгийн үгээр тайлбарласан өгүүлэл бичсэн юм. Түүний нэр алдар дэлхий дахинд цуурайтаж, олонд түгсэн билээ. Ван шүлэгтээ ихэвчлэн эрчүүд, эмэгтэйчүүд тэгш эрхтэй байхын ач холбогдлын тухай бичдэг байв.’

Бичвэр, зургийг: "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номоос

САНАЛ БОЛГОХ