Намын лидерүүдийн дүрэмгүй тоглолтын алдаа

Ярилцлага

АН-ын дүрэм муу биш. Гагцхүү намын дүрмээ сөхөж хараагүйн улмаас л алдаа гаргасан

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ардчилсан намын залуучууд намаа шинэчлэхээр “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. Энэ талаар тус хөдөлгөөний Зохицуулах зөвлөлийн гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Хажидмаатай ярилцлаа. Тэрбээр нам доторх фракц хоорондын утга учиргүй зөрчилдөөн Ардчилсан намыг 2016 оны сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн хэмээн үзэж байгаа аж.

-УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намд юу юунаас илүү шинэчлэл хэрэгтэй гэдгийг олон хүн мэдэж байгаа. Гэхдээ тэд үнэхээр шинэчлэл хийж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Ардчилсан намыг шинэчлэх үйл явц хэрхэн өрнөж байгаа вэ?

-УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнд манай намын олон залуучууд гайхсан. Үүнээс үүдэн Ардчилсан намд томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэсэн үзэл бодол намын залуучуудын дунд дэлгэрч, хэлэлцүүлэг зохион байгуулахад хүргэсэн. Хэлэлцүүлэгт намын 160 гаруй залуу гишүүн, дэмжигч оролцож, Ардчилсан намд шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн үзсэн. Ингээд “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс энэ удаагийн сонгуулийн ялагдлын алдаа дутагдлыг дотооддоо нээлттэй хэлэлцэж, намаа шинэчлэхийг уриалж мэдэгдэл гаргасан. Үүний дараа намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Шаардлагад Ардчилсан намыг эдийн засгийн бүлэглэл, фракц, ёс зүйгүй гишүүдээс бүрэн цэвэрлэж, хариуцлага ёс зүйн тогтолцоог нэвтрүүлэн, Их хурлаа хуралдуулан үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн манлайлах бодлогын нам болгон эрс шинэчлэхийг тусгасан.

-“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн байгуулагдах үед мөн л хэн нэгэн дарга, бүлэг фракц намын эрх мэдлийг авахын тулд залуучуудыг хөдөлгөж байна хэмээн шүүмжилсэн.

-Бид ардчиллын үнэт зүйлийг хамгаалан бэхжүүлэх, Ардчилсан намыг шинэчлэн, нээлттэй, эв нэгдэлтэй, олон ургальч, хариуцлагатай, ёс зүйтэй бодлогын нам болон төлөвшихөд дуу хоолойгоо нэгтгэж, гар бие оролцохоор шулуудсан. Бид намаа шантаажилж, ямар нэг туйлширсан шахалт шаардлага үзүүлэхээс татгалзаж, хагарал бутралгүйгээр зөвшилцлийн зарчмаар хөдөлгөөнөө өрнүүлэх бодлогыг барьж байгаа. Магадгүй намаа шинэчлэхээр нэгдсэн залуучуудын зарим нь хэн нэгэн даргын удирдлага дор ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд Ардчилсан намыг шинэчлэе гэсэн байр сууриндаа баттай зогсож байгаа.

-Таны хувьд 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ялагдлын шалтгааныг юунаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа вэ?

-Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан намд их итгэл хүлээлгэсэн. Үүний үр дүнд ч Ардчилсан нам УИХ-д олонхыг бүрдүүлж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн эрхийг барьсан. Улмаар манай нам сонгогчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх олон сайн ажлыг санаачлан хийж, хэрэгжүүлсэн. Улс орон даяар их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Эдийн засгийн хямрал болж, улсын төсвийн орлого тасарсан үед Ардчилсан намынхан гараа хумхиж зүгээр суугаагүй. Олон улсын зах зээл дээрээс бонд босгож, иргэдээ ажилтай байлгаж хүнд хэцүү үеийг сайн даван туулсан гэж үзэж байгаа.

Харамсалтай нь, эдийн засгийн бүлэглэл, нам доторх фракц хоорондын утга учиргүй зөрчилдөөнд хэт автан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулсан. Мөн алсын хараагүй шийдвэрүүд гаргаж, жирийн шударга гишүүдийнхээ дуу хоолойг боож, үнэт зүйл, зарчмуудаа уландаа гишгэсэн, ёс зүйгүй гишүүдийн дүрэмгүй улс төрийн тоглолтыг өөгшүүлсэн. Үүнээс гадна улс төрийн алдаатай бодлого явуулсан удирдлагуудын байр суурь зэрэг нь намын нэр хүндийг ихээр унагааж, энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд Ардчилсан намыг бүрэн ялагдуулсан гэж бодож байна. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг хүмүүс олон янзаар тайлбарлаж байна. Тухайлбал, нам боловсон хүчнээ сайн бэлтгээгүй, сонгогчийн сэтгэл зүй буруу байна гэж дүгнэхийн сацуу намын удирдлагын үйл ажиллагааны арга барилыг буруутгасан хүн цөөнгүй бий. Мөн МА Н сонгуулийг луйвардлаа гэсэн байр суурийг ч илэрхийлж байна. Товчхондоо, намын лидерүүдийн дүрэмгүй тоглолтын маш том алдаа.

-Ардчилсан намын сонгуульд ялагдсан нэг шалтгаан нь залуучуудаа сонсоогүйтэй холбоотой хэмээн бодож байна. Учир нь намаа шинэчлэх асуудлыг залуучууд эртнээс ярьж байсан шүү дээ?

-Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн хоёр жилийн өмнө байгуулагдаж байсан. Гэвч энэхүү хөдөлгөөнийг байгуулсан залуучуудыг албан тушаалын төлөө тэмцэж байна хэмээн буруутгаж, шүүмжилж байсан. Тухайн үед залуучуудын дуу хоолойг намын удирдлагууд сонсох л ёстой байсан. Магадгүй нэг талаасаа намын эв нэгдлийг хангах нь зөв. Гэхдээ улс төрийн хүчин байнга шинэчлэгдэж, хөгжиж байх ёстой. Үүний тулд намын дотоод сонгуулийг тогтмол явуулж, шинэчлэл хийх хэрэгтэй. Миний бодож байгаагаар намаа шинэчлэхээр дуугарч байгаа залуусын дуу хоолойг тухайн цаг үед сонссон бол ийм хэмжээний том алдаа гаргахгүй байсан гэж бодож байна.

-ҮЗХ-ноос намын Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийж, намын даргаа томилохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт намын зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Анх ҮЗХ-ноос ийм шийдвэр гаргахад гайхаж байсан. Гэвч “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучууд Их хурлыг яаралтай хуралдуулах нь тийм ч зөв шийдвэр биш гэсэн байр суурийг илэрхийлсэн. Учир нь арванхоёрдугаар сар хүртэл намын анхан шатны нэгжээс эхлүүлээд бүхий л шатанд шинэчлэлийн асуудлыг ул суурьтай хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэж үзсэн.

-Намын дүрэмд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа вэ?

-Манай намын дүрэм муу биш. Гагцхүү намын дүрмээ сөхөж хараагүйн улмаас л алдаа гаргасан. Уг нь Ардчилсан нам цөөнх байхдаа дүрмээ маш сайн хэрэгжүүлдэг байсан юм. Гэтэл нам ялалт байгуулсан тэр л өдрөөс хойш намын дүрмийг сөхөж хардаг дарга байхгүй болсон. Үүнд тухайн үед дарга болж байсан бүх хүн буруутай. Тиймээс манай шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс намын дүрмээ мөрддөг болох хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа. Ямар ч дүрэм байсан түүнийг мөрдөж чаддаг байх ёстой. Нөгөөтэйгүүр, энэ удаагийн шинэчлэлийн хүрээнд намын дүрэмд хариуцлага болон шинэчлэлийн асуудлыг тусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. АН-ын дүрэмд ротаци хийхээр тусгасан ч бид сүүлийн долоон жилд хийгээгүй.

САНАЛ БОЛГОХ