Ц.Булган: Жимс нарны шууд тусгалд найман цагийн дотор исэлдэн мууддаг

Ярилцлага

Байгалийн жимсийг ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг

Чанарын шаардлага хангасан, эсэх нь эргэлзээтэй жимс жимсгэнийг иргэд худалдан авах болон түүхдээ юун дээр анхаарч, болзошгүй эрсдэлээс өөрөө хэрхэн хамгаалах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ц.Булгантай ярилцлаа.

-Сүүлийн үед иргэд байгалийн жимсийг ихээр түүх боллоо. Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ямар хяналт тавьдаг вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага хүнсэнд хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн сав баглаа боодол, тэдгээрийг борлуулах, тээвэрлэх, тариалах гээд бүх үе шатанд хяналт тавьдаг гэсэн үг. Байгалийн дагалдах нөөц баялгийг иргэд ашиглахыг хуулиараа зөвшөөрсөн байдаг. Гэхдээ Байгалийн ургамлын тухай хуульд иргэд жимсийг түүх боломжтой хугацаанд нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авснаар түүх ёстой.

-Жимс түүх зөвшөөрөгдсөн хугацаа хэдийд байдаг вэ?

-Янз бүр байдаг. Тухайлбал, нэрсийг наймдугаар сарын 5-наас, үхрийн нүдийг наймдугаар сарын 15-наас, мөөгийг зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл түүх ёстой. Мөн гүзээлзгэнийг долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл түүхийг зөвшөөрдөг бол хусны шүүсийг тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 15 хүртэл авч болохоор хуульчилсан байдаг. Өнөөдрийн байдлаар гүзээлзгэнийг түүх боломжтой. Гэхдээ хорхой шавьжид идэгдсэн жимсийг түүж худалдахыг хориглодог.

-Жимс түүх зөвшөөрлийг хаанаас авдаг вэ?

-Иргэн жимс түүх газрынхаа харьяа нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авч, тодорхой хэмжээний төлбөрийг төлнө. Зөвшөөрөл олгохдоо жимс жимсгэний нөөцийн 60 хувийг үлдээж, 40 хувийг нь түүх зарчмыг баримтлах ёстой.

-Нэг иргэнд худалдах зорилгоор хэчнээн хэмжээний жимс түүхийг зөвшөөрдөг вэ?

-Жимс түүх хэмжээг тухайн бүс нутгийн баялгаас хамаараад 100-800 кг байх, эсэхийг Засаг дарга тогтооно. Харин тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн түүхийг хориглосон байдаг. Жимс түүх стандартууд байна. Тухайлбал, үхрийн нүдийг МNC1920 2014 гэх стандартад нийцүүлэн түүх ёстой. Гэхдээ хэт болцтой жимс түүхийг хориглодог. Хэт болцтой жимс түргэн муудах магадлал ихтэй. Учир нь дарагдаж, шүүс гоожсоноор амархан исдэг. Стандартаа мөрдөж, тээвэрлэлт хадгалалтаа сайтар баривал байгалийн баялаг гэдэг утгаараа хүний биед ашигтай амин дэм болно. Хамгийн чухал нь хадгалалт, тээвэрлэлт зэрэг нарийн горимуудаа л мөрдөж, стандартын шаардлагыг хангах ёстой. Жишээ нь, нэрсийг нэг саванд 50 кг-аас дээш хэмжээгээр хийхэд доод талдаа дарагдан шүүс гоожсон байдаг шүү дээ. Ингэснээр муудах орчин бүрддэг.

-Хувийн хэрэгцээнд хэчнээн хэмжээний жимс түүхийг зөвшөөрдөг вэ?

-Хувийн хэрэгцээнд самар 80 кг, жимс 100 кг түүх боломжтойг заасан байдаг.

-Байгалийн жимсний хадгалалт ямар байх ёстой вэ?

-Нэрс жимсийг түүсэн өдрөөсөө 12 цаг ердийн нөхцөлд үүнээс хойш 2-4 хэмд 14 хоног хадгалах хэрэгтэй. Харин түүнээс цааш хатаах технологиор хугацааг нь уртасгана. Бусад жимсний хувьд ч адилхан.

-Мөөгийг муудахаас хэрхэн сэргийлэх вэ?

-Манай орны хөрсөнд ургадаг хүнсэнд хэрэглэж болох дөрвөн төрлийн мөөгөнд стандарт мөрддөг. Тэнд хэрхэн түүхийг хүртэл зааж өгсөн. Мөөгний малгайг 2-4 см болсон үеэс түүхийг зөвшөөрнө. Түүнээс бус хэт жижигхэн байхад нь түүхийг хориглодог. Хэрэв зайлшгүй түүхээр бол малгайнаас доош нэг сантиметр ташуу огтолно. Шинэ байдлыг нь хадгалахын тулд хүйтэн усанд сойж болно. Мөн 2-4 хэм вакум орчинд байлгах, эсвэл хатаадаг. Ингэсэн тохиолдолд хадгалалтын явцад бохирдол үүсэхгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Ямар шаардлага хангасан тохиолдолд жимсийг ил задгай талбайд худалдахыг зөвшөөрдөг вэ?

-Ил задгай худалдах зөвшөөрлийг дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс олгодог. Хяналтыг харьяа дүүргийн цагдаагийн байгууллага болон мэргэжилтнүүд хийдэг. Харин бидний хувьд ил задгай худалдаа нэмэгдэх үед болон иргэдийн гомдлын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг явуулна. Жимс худалдах хүнд дараах шаардлагыг тавина. Тухайлбал, жимс худалдагч эрүүл мэндийн үзлэгт орж халдварт өвчний нян тээгч бусыг баталсан эрүүл мэндийн дэвтэртэй байх, ажлын байрны нөхцөлийг хангасан болон дүрэмт хувцас өмссөн байх ёстой. Мөн жин хэмжүүр нь шаардлага хангасан байх хэрэгтэй. Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд жимс ил задгай талбайд зарах зөвшөөрлийг өгдөг.

-Хуульд заагаагүй хугацаанд жимс их хэмжээгээр түүсэн тохиолдолд иргэдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Зөрчлийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай зэрэг хуульд зааснаар 10-50 мянган төгрөг эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуул ногдуулдаг.

-Халууны улиралд ил задгай талбайд худалдаалж буй жимс жимсгэнэ нарны шууд тусгалд хэдий хэрийн хугацаанд исэлдэж чанараа алддаг вэ?

-Ургамлын гаралтай бүтээгдэхүүн нь өөртөө их хэмжээний ус агуулдаг учраас нарны шууд тусгалд найман цагийн дотор исэлдэн муудаж эхэлдэг. Бидний нүдэнд харагдахгүй төрөл бүрийн химийн процесс тэнд явагдаж байгаа шүү дээ. Түүнээс гадна ил задгай худалдааны дэргэдүүр автомашины хөдөлгөөн ихтэй учраас үргэлж тоос шороонд дарагдаж байдаг. Тиймээс авсан жимсээ заавал угааж идэх шаардлагатай.

САНАЛ БОЛГОХ