ЗГМ нөөцийн удирдлагын систем нэвтрүүлсэн хамгийн анхны сонин болов

Ярилцлага

Олон улсын жишгээр нөөц төлөвлөлтөө хийнэ

“Засгийн газрын мэдээ” сонин “Microsoft” компанийн “Бизнесийн шийдэл” багцын Dynamics NAV ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй. Ингэснээр олон улсын нөөц төлөвлөлтийн цогц систем нэвтрүүлсэн анхны өдөр тутмын сонин болж байна. Тэгвэл энэ талаар “Засгийн газрын мэдээ” сонины Захиргаа, үйл ажиллагааны газрын менежер Б.Баасандэмбэрэлтэй ярилцсан юм.

-Юун түрүүнд, та Dynamics NAV ERP системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Dynamics NAV ERP буюу ERP нь байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц систем. Enterprise resource planning гэсэн үгийн товчлол. Аливаа байгууллага өөрийн нөөц, боломжоо бүртгэж, түүнийгээ үр дүнтэй ашиглах боломжийг энэ систем олгоно. Байгууллагын нөөц нь зөвхөн бараа, бүтээгдэхүүнээр хэмжигдэхгүй. Хүний нөөц, бэлэн мөнгөний болон мэдээллийн урсгал зэрэг бүх төрлийн нөөцийг удирдах, үр дүнтэй ашиглах хамгийн орчин үеийн систем нь энэ. Өөрөөр хэлбэл, байгууллагын санхүү, борлуулалт, хүний нөөц, үйлдвэрлэл зэрэг алба, хэлтсийн бүх мэдээлэл энд байршина. Хэлтсүүд тус тусдаа бус, нэг систем ашиглана. Ингэснээр байгууллагын бүх мэдээллийг нэг дороос харах боломжтой. Тухайлбал, компанийн удирдлагууд салбар, нэгжийн ажлын явц, тайланг энэ системээс нэгдсэн байдлаар харчихна. Ингэснээр удирдлагын шийдвэр гаргалт ч түргэснэ.

Энгийнээр тайлбарлавал, энэ систем нь алба, хэлтэс бүрийн үүрэг, оролцоог шаардаж байдаг. Хэсэг бүр идэвхтэй ажиллах ёстой. Тухайлбал, борлуулалтын хэлтэс мэдээллээ системд оруулаагүй бол дараагийн үйлдэл нь гацна. Ингэснээр систем бүхэлдээ зогсоно. Тиймээс алба, хэлтэс, ажилтан бүрийн идэвх, оролцоо чухал. Улмаар байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй эрчимтэй явагдах боломж олгоно. Ингэснээр “Засгийн газрын мэдээ” сонин олон улсын стандартаар үйл ажиллагаагаа удирдах боломжтой болж байна.

Энэ систем компанийн үйл ажиллагаанд хэд хэдэн давуу тал олгож байгаа. Тухайлбал, NAV ERP-д компанийн бүх төрлийн мэдээлэл төвлөрч, нэгдсэн сан үүсдэг. Ингэснээр мэдээлэл олж авахад цаг хугацаа алдахгүй. Мөн компанийн бизнесийн үйл явц нэгдэнэ. Үүнээс гадна хүний нөөцийн ажил үүргийн болон эрх үүргийн хуваарилалт зөв, зохистой болж байгаа юм.

Нэмж хэлэхэд, аж ахуйн нэгж бол амьд организм. Тиймээс зогсолтгүй ажиллах ёстой. Ямар ч компанийн хувьд шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүлээж авах нь хамгийн чухал. Тиймээс олон салангид бус, нэгдсэн нэг систем хэрэглэснээрээ мэдээллийн урсгал сайжирдаг. Шийдвэр гаргалт түргэсдэг. Үүнийг дагаад төлөвлөлт, гүйцэтгэл хурдан болж, бүтээмж дээшилнэ.

-Энэ системийг хэзээ нэвтрүүлсэн бэ?

-Манай байгууллага энэ системийн бэлтгэл ажлыг өнгөрсөн оноос эхэлсэн. Улмаар энэ оны гуравдугаар сараас албан ёсоор үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Dynamics NAV ERР нь нөөцийн болон чанарын удирдлага гэсэн үндсэн хэсгээс бүрддэг. Нөөцийн удирдлагын систем нь захиалга, борлуулалт руу түлхүү чиглэсэн. Харин чанарынх нь удирдлагын тогтолцоонд суурилсан. ERP системийг “Интер солюшнс менежмент” албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж байгаа. Тиймээс бид тус компанитай хамтран ажиллаж байна. “Интер солюшнс менежмент” компанийн мэдээлснээр одоогоор тус системийг Монгол Улсад томоохонд тооцогдох компаниуд ашигладаг.

ERP ХАРИЛЦАГЧДАА СУДЛАХ ДАВУУ ТАЛ ОЛГОНО

ERP-ийг Монголд нэвтрүүлж буй "Интер солюшнс менежмент" ХХК-ийн төслийн менежер Б.Сайнсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.

- МИАТ, "Петровис", "Оюутолгой", "Арева Монгол" болон уул уурхайн ханган нийлүүлэлтийн маш олон компани хэрэглэж байгаа. Монголд 30 гаруй компани үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Тэдгээрээс хэвлэл мэдээллийн салбартаа “Засгийн газрын мэдээ” сонин болон “Bloomberg Mongolia” телевиз анхдагч нь. Тодруулбал, “Засгийн газрын мэдээ” нөөцийн удирдлагын системийг ашиглаж буй Монголын цорын ганц сонин.

-ERP-ийг хэрэглэснээр тухайлбал, өдөр тутмын сонины үйл ажиллагаанд ямар давуу тал үүсэх вэ?

-Хэвлэл мэдээллийн компаниудын хувьд харилцагч маш чухал байдаг шүү дээ. Сонины хамгийн гол зорилго бол сайн мэдээ материал нийтэлж, сонины борлуулалтыг өсгөхөд оршдог. Энэ үүднээс нь авч үзвэл хамгийн гол нь харилцагчдаа системд төрөлжүүлж бүртгээд, тухайн харилцагч руугаа хандах, гэрээний хугацаа хэзээ дуусах зэрэг мэдээллийг авч, бүр автомат и-мэйл илгээх боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын сонины хувьд харилцагчаа судлах давуу талыг ERP системийн CRM (customer relationship management) функц олгоно.

Тэрчлэн компанийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэл, санхүү бүртгэл талдаа ач холбогдол ихтэй. Тухайлбал, онлайн захиалгын мэдээллийг багцлаад харах боломжтой. Мөн урьдчилаад ороод ирсэн орлогыг зөв хуваарилах, орлого төлөвлөлт, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулна. Нөгөө талаас хүний нөөцийн хувьд мэдээллийн сан үүсгэх, мэдээллийг хялбар, хурдан хайх боломжийг олгоно. Хэн нэгэн дээр бүх мэдээлэл төвлөрөхгүй гэсэн үг. Дүгнэж хэлбэл, мэдээллийг хурдан авч ангилах, бүтээмж сайжруулахад ач холбогдол нь оршдог учраас компанийн санхүүгийн хувьд ашигтай.


САНАЛ БОЛГОХ