Төрмөл зан чанарыг дарж болохгүй

Ярилцлага

Төрөлх араншинг нь давуу тал болгоход эцэг, эхчүүд анхаардаггүй

Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Тэрхүү зөрүүд, дураараа “хэцүү” хүүхдийг хэн төрүүлдэг вэ. Хүүхдэд алганы амт үзүүлэх нь оновчтой арга мөн үү, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх вэ. Эдгээр асуултад Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал төслийн ажилтан Э.Дуламсүрэн хариулах болно. Тэрбээр олон жил хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан, хүүхдийн хүмүүжлийн талаар мэргэшсэн нэгэн юм.

-Хүүхэд зодуулж өссөнөөр буруудахгүй гэх нь бий. Алганы амтыг хүчирхийлэл гэдэгтэй зарим эцэг, эх төдийлэн санал нийлдэггүй. Энэ талаар яриагаа эхэлье.

-Хүчирхийлэл хаана хамгийн их гардаг вэ. Энэ асуултад ихэнх нь гудамж, сургуулийн орчин, асрамжийн газар гэх мэтээр хариулж магад. Гэтэл эсрэгээрээ бидний хамгийн амар тайван гэгдэх гэр бүлд гардаг гэвэл чи итгэх үү. Тэнд л хүүхэд хүчирхийллийн золиос болж байдаг. Үүний дараа сургууль, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага, гудамж талбайд хүчирхийлэл болдог. Бодит байдал дээр хамгийн их дарамт болдог орчин нь гэр бүл гэдгийг тэр бүр анзаардаггүй. Бүгд л загнуулж, зодуулж өссөн, буруудсан юм алга гэнэ. Зодуулснаар муу зүйл болохгүй гэж ихэнх нь үйлдлээ зөвтгөдөг. Нэг жишээ авъя л даа. Ажлаа хийж байхад дарга чинь “Чи энэ үгийг буруу бичээд байхдаа яадаг юм” гээд толгой руу чинь цохиод авбал ямар санагдах вэ. Ажилдаа явахаасаа залхаад, даргадаа гомдоно биз дээ. Хүүхэд яг үүнтэй адилхан шүү дээ. Хүүхдийг оролдлого хийж байхад чадахгүй байна гэж зодвол үүнтэй л адил шантарна. Бид өөрсдөө асуудалд ач холбогдол өгч, сүр болох хэрнээ хүүхдээ загнаж, зодохдоо юмны чинээ боддоггүй.

-Хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эхчүүд ямар нийтлэг алдаа гаргадаг вэ?
-Хүүхдийн хүмүүжлийн асуудалд эцэг, эхчүүд тэнцвэрээ барьж чадахгүй байгаа нь нийтлэг. Хүүхдээ хэт эрхлүүлж, хүссэн болгоноор нь цатгаж дийлдэхээ болингуут нь засаж авах гэж гар хүрдэг. Хүссэн болгоныг нь өгснөөр хүүхдэд эцэг, эхийн цалин хязгааргүй эх үүсвэртэй юм шиг л төсөөлөгдөнө. Улмаар эцэг, эхийнхээ гэнэтийн шаардлагыг ойлгохоо байж, эсэргүүцэж эхэлдэг байна. Хүүхэд өснө, насанд хүрнэ гэдгийг бодож, ямар үед “за”, юун дээр “үгүй” гэж хэлэхийг ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид тэнцвэрийг нь олж чадахгүй байна. Хүүхдээ хүмүүжүүлэх аргад суралцмаар байгаа юм.

-Зөрүүд, сахилгагүй, дураараа хэцүү хүүхдийг хэн төрүүлээд байна вэ?
-Хүүхдийг яагаад “хэцүү” болгочихов гэдэгт эцэг, эхчүүд тогтож бодох ёстой. Буруугаа хүүхдээс бус, томчуудаас хайх нь зөв. Хүүхэд бол цагаан цаас. Гэтэл бид тэр цаасан дээр өөрсдөө сарааччихаад эцэст нь залруулж чадахгүй, хүүхдээ буруутгаж суудаг. Үүнийг л бодох хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил хамгийн ойр байгаа хүнээс шууд хамааралтай.

-Эцэг, эхчүүд санамсаргүй байдлаар хүүхдээ хүчирхийлэгч болох эхлэлийг нь тавьдаг гэдэг?
-Хамгийн энгийн жишээ. Нэг ээж хүүхдээ цэцэрлэгт өгөх үедээ “Хүүхдэд зодуулж болохгүй шүү. Нэг бол зодолд, эсвэл зугтаа” гэж хэлжээ. Тэр бол хүчирхийллийг дэмжиж байгаа хамгийн энгийн жишээ.

-Манай найзын охин нэг удаа цэцэрлэгийнхээ хүүхдийг хазаад иржээ. Гэтэл өнөөх хүүхэд үе тэнгийн жаалын гарын базалтыг тавиулахын тулд хазсан байв. Эцэг, эхчүүд үүнд янз бүрийн л хандлага гаргах байх. Зарим нь адилхан хариу барих нь зөв гэсэн бол өөр бусад нь охиныг буруутгаж магад. Таны хувьд аль нь зөв сонголт байсан бэ?
-Охины зөв. Гаднын халдлага болоход өөрийгөө хамгаалах хүний хариу урвал үйлчилнэ. Базалтыг тавиулах, өөрийгөө хамгаалах гэж байгаа хэлбэр. Тэгэхээр эцэг, эхчүүд аргыг нь зааж өгөх хэрэгтэй. Заавал хүч хэрэглэх бус, зайгаа барих, холдох, дургүйгээ илэрхийлэх, багшдаа мэдээлэх зэрэг зөвлөгөөг хэлэх нь зөв. Түүнээс бус хүүхэд чамайг хазвал хаз, базвал баз, зодвол зод гэж сургаж болохгүй.

-Хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал үе хэзээ байдаг вэ. Японд бол гурван нас оройтно гэдэг юм билээ?
-0-5 насандаа хүн 70 хувийн төлөвшлөө олдог нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл тэр үед нь хүүхдийн шийтгэлийг дэмжээд, буруу үлгэрлээд байвал асуудлыг хүчээр шийддэг болно. Хүүхдийг 0-5 насанд эцэг, эхчүүд яагаад алддаг вэ гэхээр дийлэнх нь цэцэрлэг, эмээ, өвөөд найддаг. Боловсрол олгох үе нь болоогүй гэж боддог. Боловсрол, хүмүүжлийн асуудлыг сургуульд авч байгаа дүнгээр дүгнэдэг.

-Өнөөдөр хүчирхийлэл газар авч, хүүхдүүд гэмт хэрэгт илүүтэй холбогдож буй нь юутай холбоотой вэ?

-Бид нэг үеэ алдсантай холбоотой гэж би боддог. 1990-ээд оны үед хүн бүр л амьдрахын тулд наймаанд явсан, архинд ч орсон. Тэр үед хүүхдүүдээ орхигдуулсан юм болов уу. Тэр алдаа нь өнөөдрийн амьдралд илрэлээ олж байна. Шведийн туршлага бий. 1976 онд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, шийтгэлийг бүх орчинд хориглосон. Өнөөдөр энэ орон хамгийн амар тайван орон болчихсон явна. Шийтгэлгүй орчинд хүүхэд асуудлыг эерэг аргаар шийдэх хандлагад суралцдаг. Нам тайван орчин, хүнийг хүндлэх ёсонд багаасаа суралцсан хүүхэд ирээдүйд хүүхдэдээ хүч хэрэглэхгүй шүү дээ. Хүчирхийллийн тойрог гэж бий. Аавыг өвөө, өвөөг аав нь зодож байсан гэх хүчирхийллийн урсгал үеийн үед дамжсаар ирдэг. Тэгвэл үүнийг таслах ёстой.

Хамгийн амар тайван гэгдэх гэр бүлд хамгийн их хүчирхийлэл гардаг

-Эцэг, эхчүүд хүүхдээ бие хүн гэж үзэлгүй өөртэйгөө харьцуулж, өөрийнхөөрөө байлгах гэж хичээдэг нь нийтлэг юм шиг?

-Хүүхдийн нас биеийн онцлогт таарсан хүмүүжлийн аргуудыг эцэг, эхчүүд хийх ёстой. Чи бид хоёр л гэхэд огт өөр хүмүүс. Хэн нэгэн чанга дуугарахад чи айх бол, надад ямар ч цочроо өгөхгүй байж болно. Үүгээрээ бид өөр. Эцэг, эхчүүд биднээс зөвлөгөө авах гэж их ирнэ ээ. “Манай хүүхэд үнэхээр хэцүү юм аа” гээд нэгэн эх бидэнд хандав. Тэрбээр маш тайван, удаан хөдөлгөөнтэй хүн байлаа. “Манай хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Би сүүлдээ тэсэхгүй гар хүрч байна. Хэнийгээ дуурайсан юм бүү мэд” гэж тэр эх зовлонгоо тоочив. Хүүхдийн зан төлөв ээжийнхээс газар тэнгэр шиг зөрүүтэй. Удаан ээжийн урдуур хойгуур хүүхдүүд гүйлдэх нь ядаргаатай санагдаж, өөр шигээ байлгахыг хүсэж эхэлдэг. Хүүхдийн төрмөл зан чанарыг яагаад ч дарж болохгүй шүү дээ. Харин яаж зөв зохистой зүйл рүү нь дэмжих вэ гэдэгт толгойгоо гашилгах хэрэгтэй. Түүнээс биш өөрийнхөө хэмнэлд тааруулж хүүхдээ “Чимээгүй бай. Хөдөлгөөнгүй суу” гэж дарангуйлж болохгүй.

Дэлхийд гоц ухаантан, Нобелийн шагналтнууд цөөн төрж байгаа нь үүнтэй ч холбоотой байж магад. Би бодохдоо 300 сая эсээс шалгарч гарсан эс хүн болдог гэхээр тэрхүү ген сайтай эс хэн болох нь эцэг, эхээс шалтгаалж байна. Бид өдөр тутмын хэвийн үйлдэл, дарангуйллаараа хүүхдийг нэг хэвд цутгаж байна. Үргэлж “Чи чадна, бүтээнэ” гэж урамшуулбал тэд өөрийнхөө нөөц бололцоог ашиглан мэрийж эхэлнэ.

Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамбын аав нь телевизээр “Манай хүүхэд их хөдөлгөөнтэй байсан. Хүүхдүүдтэй их зодолдоно. Тэгэхээр нь боксын дугуйланд оруулсан” гэж ярьж байхыг сонссон. Энэ маш сайн жишээ. Хэрэв томоотой байлгах гээд шатрын дугуйланд явуулсан бол өдийд амжилт гаргахгүй байлаа. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ дарах л арга боддог болохоос төрөлх араншинг нь хэрхэн давуу тал болгон хөгжүүлэхэд ер анхаардаггүй.

-Тэгэхээр хүүхдийн сахилгагүйг дарах бус, хэрхэн юунд чиглүүлэхийг хичээх хэрэгтэй юм байна. Тийм үү?

-Зарим хүүхэд шинж чанарын хувьд төрөлхийн загас байдаг бол өөр бусад нь яст мэлхий, морь байх жишээтэй. Морийг мориор нь л байлгаж дэмж. Бусдаас тусгаарлагдмал хүүхдийг нийгэмшүүлнэ гээд олон хүүхэд дунд хүчээр байлгах нь буруу. Магад тэр хүүхэд ганцаараа байхдаа илүү тайван байж болно.

-Эцэг, эхчүүдийн харилцаа хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлөх үү?

-Тэгнэ. Эцэг, эхчүүдийн харилцаанаас хүүхэд ихийг сурч байдаг. Та нас өтөл үедээ хүүхдээсээ ямар харилцааг хүснэ, тэр л уур амьсгалаар хүүхэдтэйгээ хандаж байгаарай. Хүүхдэдээ үргэлж уцаарладаг бол таныг өтөлсөн хойно хүүхэд тань тэгж л харилцах болно.

Сэтгэгдэл
Зочин
Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа
САНАЛ БОЛГОХ