Т.Карабулут: Кембриж, IB программыг хослуулан сургалтаа явуулна

Ярилцлага

Хүүхдүүдэд заах чин хүсэлтэй, ажилдаа дуртай багш нартай бид хамтран ажилладаг

Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Эмпати” сургуулиудын олгож буй боловсролын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, төгссөн сурагчдын амжилт жилээс жилд сайжирч явааг монголчууд мэднэ. “Улаанбаатар Эмпати” сургууль долдугаар ангиас эхлэн элсэлт авдаг бол Дархан-Уул, Орхон аймаг, Баян-Өлгий дэх “Эмпати” сургуулиуд тавдугаар ангиас эхлэс хүүхдүүдийг элсүүлэн авч сургадаг. Мөн “Elite international” олон улсын сургууль дэргэдээ цэцэрлэгтэй бөгөөд 1-12 дугаар анги хүртэл Кембрижийн программаар, 100 хувь англи хэлээр хичээлүүдээ заадаг. Эдгээр сургуульд өнөөдрийн байдлаар нийт 1700 хүүхэд сурч байна. Тэгвэл тус сургууль цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Кембрижийн системээс гадна IB буюу International Baccalaureate программыг хослуулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төгсөгчдийг бэлтгэхийн зэрэгцээ олон ажил хийхээр төлөвлөжээ. Энэ талаар “Эмпати” төвийн ерөнхий захирал Тургут Карабулуттай ярилцлаа.

-”Эмпати” сургуулиуд энэ жил сургалтын хөтөлбөртөө ямар нэгэн шинэчлэл хийж байгаа юу?

-Энэ оны хичээлийн шинэ жилээс Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Бид Цөм хөтөлбөртэй танилцаад бүх “Эмпати” сургуулийн захирал, багш нартай семинар хийж, хэрхэн явуулж, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Зургадугаар сард сургуулиуд амарсны дараа монгол, гадаад бүх багштайгаа суугаад шинэ хөтөлбөрийн талаар ажилласан бол өнгөрсөн долоо хоногт захирлуудтай уулзсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн бүх багш нартай семинар хийсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд аравдугаар ангиасаа л ямар мэргэжил эзэмшихээ сонгож, тэр чиглэлээр хичээлээ түлхүү сонгоод явна. Энэ нь ч ер нь зөв байх. Жишээ нь, тухайн сурагч эмч болохоор шийдвэл хими, биологийн хичээлийг түлхүү судлах хэрэгтэй болно. Бүх хүүхэд математик, англи хэл, монгол хэлийг хангалттай үзэх ёстой. Бусад хичээлийн хувьд сонгосон мэргэжлийнх нь дагуу гүнзгийрүүлээд явна гэсэн үг. Энэ талаар илүү анхаарч, сургалтын хөтөлбөрөө гаргасан.

-Цөм хөтөлбөрийг хэр оновчтой өөрчлөлт гэж та бодож байна вэ?

-Хүүхдүүд өнөөдөр компьютер тоглоомд их хорхойсож, зурагт үзэж байна. Анхаарлыг нь сарниулах зүйл их байна. Тийм учраас хүүхдүүдийн ирээдүйн хувьд энэ хөтөлбөр харин зөв гэж бодож байгаа. Энэ талаар бид эцэг, эх, хүүхдүүдтэйгээ уулзалт хийж, хөтөлбөрийн талаар тайлбарласан. Өмнө нь ээж, аав нар хүүхдээ төгсөх ангид ороход л мэргэжлийнх нь талаар санаа тавьдаг байсан бол одоо аравдугаар ангид орохоос нь эхлээд миний хүүхэд аль улсад ямар боловсрол эзэмшиж, ямар мэрэгэжилтэй болох вэ гэдэгт анхаарч эхэлнэ. Энэ бол хөтөлбөрийн давуу тал.

Олон улсын статустай дээд сургууль байгуулна

-Танай хамт олон өнгөрсөн зун нэлээд том, нэр хүндтэй шагнал авсан. Энэ шагналынхаа талаар ярихгүй юу. Ямар үнэ цэнэтэй шагнал вэ?

-Олон улсын BID буюу Business initiative direction хэмээх 30 жилийн түүхтэй байгууллагаас “Дэлхийн чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналыг боловсролын чиглэлээр манай “Эмпати” сургуулиудад олгосон. Бид энэ талаар юу ч мэдээгүй байтал тус байгууллагаас мэндчилгээ ирсэн. Нэлээн удаан хугацааны судалгаа хийгээд боловсролын чиглэлээр танайд шагналаа олгомоор байна гэдгээ мэдэгдсэн. Ингээд бид тавдугаар сарын 29-30-нд Нью-Йорк хотноо болсон шагнал гардуулах ёслолд оролцсоноор “Эмпати” сургуулиуд чанартай боловсрол олгодгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Тэр үед сэтгэл үнэхээр өндөр байсан.

Ер нь манай сургууль 23 дахь жилдээ Монголын боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд монгол хүүхдүүд, Монголын ирээдүйн төлөө сайн боловсролтой, сайн хүмүүс бэлтгэхээр хичээж ажилласан бидний зүтгэл олон улсад ингэж танигдсанд маш их баярласан. Энэ нэр хүндтэй шагналын эзэн болсны зэрэгцээ бид хүнд үүрэг, хариуцлага хүлээж буй. “Эмпати” сургуулийг зөвхөн Монголд биш, дэлхий даяар таних болсон учраас боловсролын чанараа илүү сайжруулж ажиллах хэрэгтэй болж байна. Тиймээс ч бид энэ тал дээр илүү анхаарч ажиллах болно.

-Танай сургуулиуд гаднын сургуулиудтай хамтран ажилладаг уу?

-Бид Олон улсын сургуулиудын холбоо, Кембрижийн сургуулиудын холбоо, Европын сургуулиудын холбоо, British олон улсын сургуулиудын холбоотой хамтран ажилладаг.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад гаргасан амжилтаараа танай “Эмпати” сургуулиуд эхний байруудад эрэмбэлэгдэж, чансаа өндөртэй сургуулиудын тэргүүнд бичигдсэн байсан. Хүүхдүүдийг ингэж амжилттай сургаж байгаагийн гол нууц нь юу вэ?

-“Эмпати” сургуулиуд өнгөрсөн жил ЭЕШ-д амжилттай байсан. Энэ жилийн 2016 оны конкурсээр ч сайн үзүүлэлттэй байсан. Төгсөгчдийн сурлагын түвшин, гаргасан амжилт жилээс жилд ахиж байгаад баяртай байна. Хамгийн гол нь хүүхдүүд сургууль дээрээ ирэхэд угтаж авах багш нарыг нь сонгохдоо бид их анхаардаг. Бушуухан найман цагийн хичээлээ заачихъя гэдэг биш, ажилдаа сонирхолтой, чин сэтгэлээсээ хүүхдүүдтэй ажилладаг, зааж сургах хүсэлтэй зөв хандлагатай багш нартай ажиллаж байна. Хоёрдугаарт, хүүхдүүд маань дотуур байртай учраас хүүхдүүдэд илүү их анхаарал хандуулах боломж бүрддэг. Давтлагын цагт жижүүр багш ажилладэг тул хүүхдүүд ойлгоогүй зүйлээ багш нараасаа асуугаад, мэдлэгээ бататгаад явдаг.

Хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг төрүүлж, орчныг нь бүрдүүлж өгсөн нь амжилт гаргаж буйн үндэс болов уу. Нөгөө талаар, монгол хүүхдүүд их авьяастай, ухаантай. Хамгийн гол нь хүүхдүүдэд замыг нь зааж, чиглүүлж орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй байдаг. “Эмпати” сургуулиуд тэр орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлж өгсөн учраас хүүхдүүдийн амжилтад сайнаар нөлөөлж байна. Тухайлбал, манай сурагчид улсын хэмжээний олимпиадад оролцож, өндөр амжилт гаргаж буй. Жил бүр 10-12 медаль авдаг. Олон улсад мөн математик, физик, хими, компьютерийн олимпиадад олон медаль хүртсэн. Тухайлбал, хоёр жилийн өмнө манай сурагч Э.Төрбат Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн бол энэ жил мөнгө, хүрэл медалийг манай сурагчид авсан.

-“Эмпати” сургуулиудыг нийт хэчнээн хүн төгссөн бэ. Тэдний талаар судалгаа явуулсан уу?

-Өнгөрсөн 22 жилийн хугацаанд манай сургуулиудыг нийт 3700 хүүхэд төгссөн. Тэд яг л од шиг, дэлхийн олон улс оронд түгсэн байна. Бидний хийсэн судалгаагаар дэлхийн 42 оронд монгол хүүхдүүд маш амжилттай суралцаж, зарим нь ажиллаж байна. Нэг хэсэг нь төгсөөд Монголдоо амжилттай ажиллаж буй. Хамгийн гол нь манай төгсөгчдийг үнэхээр найдвартай, итгэлтэй, хариуцлага даах чадвартай гэдгээр нь итгэл хүлээлгж, үнэлдэг.

-Хүмүүс танай сурагчдад итгэл хүлээлгэдэг гэж та хэллээ. Үнэхээр сурлагаас гадна хүмүүжил маш чухал асуудал. Хүүхдүүдийг хэрхэн төлөвшүүлдэг талаараа ярихгүй юу?

-Хүүхдүүд ер нь дотуур байранд байрладаг. Дотуур байранд нэг өрөөнд 5-6 уулаа байдаг. Хүүхдүүд дотуур байранд байснаар нэг нэгнээсээ их зүйлийг суралцаж, нийгэмшихээс гадна биеэ даахад суралцдаг. Бага наснаасаа ийнхүү олон өөр хүнтэй хамт байж, нэг тогооноос хоол идээд, хамт суралцаж байгаа нь цаашид бусадтай нийцтэй байх үндэс болдог. Түүнээс гадна энэ хугацаанд багш нар хүүхдүүдэд яг л аав, ээж шиг нь дэмжиж, тусалж, хамт байдаг.

-Монголд боловсролын шинэчлэл явуулж байгаа талаар та мэдэж байгаа байх. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Бидний хувьд Цөм хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа учраас энэ талаар илүү мэдээлэлтэй байгаа. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа болохоор одоогоор ямар нэгэн дүгнэлт хэлэхэд эрт байна. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг явуулах гол субьект нь хүн учраас сургуулиуд өөрсдөө сайхан ивхтэй, сэтгэлтэй ажиллах нь чухал байх. Бид багш, захирлууд, эцэг, эхчүүдтэй хамтран ажиллаж байгаа. Хүүхдүүдэд зөв зам заахад нь туслах тул амжилттай хэрэгжинэ гэж итгэж байна.

-Цаашид сургуулиудын системд багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаараа танилцуулахгүй юу. Үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ?

-Юуны өмнө бид Монгол дахь сургуулиудынхаа техник технологийг илүү шинэчилж, сайжруулахын төлөө юу хийж болох талаар эрэл хайгуул хийж байна. Үүний зэрэгцээ “Elite international” сургуулийн байрыг өргөжүүлэх зорилготой байгаа. Ирэх хоёр жилийн дотор “Elite international” сургуулийг шинэ дүр төрхтэй болгосон байна. Сургалтын хувьд бид бэлтгэл ангид монгол, англи, түрк хэлээр зааж буй бол “Elite international”-д англи хэлийг түлхүү ашиглаж, бүх хичээлийг англиар зааж байгаа. Тэгвэл бид цаашид Кембрижийн системийг илүү өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна IB программыг дахин нэвтрүүлж, энэ хоёр системийг хослуулах бодолтой байгаа. IB бол International Baccalaureate буюу олон улсын төгсөгч гэсэн утгатай. Дэлхий даяар 2000 орчим сургууль энэ программд нэгдсэн тул IB програмаар хичээллэж төгссөн хүүхэд гаднын их сургуульд шууд орох боломжтой, сургалтын чанартай систем юм. “Эмпати” сургуулиуд 3-4 жилийн өмнө энэ сургалтыг нэвтрүүлэх эрх авсан ч Кембрижийг монголчуудад арай хэрэгтэй гэдэг утгаар нь түлхүү оруулсан. Үүний зэрэгцээ манай сургуулиудын өөрийн гэсэн сургалтын онцлог систем байдаг. Тэр системээ илүү хөгжүүлж, гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ маягаар бүх “Эмпати” сургуулийг олон улсын стандартад нийцүүлж, “Elite international”- ийн хэмжээнд хүргэх төлөвлөгөөтэй байна.

-Өөр шинээр сургууль нэмж байгуулах ямар нэгэн төлөвлөгөө бий юү?

-Монголын боловсролын системийг ашигласан, гэхдээ англи хэл илүү давамгайлсан салбар сургууль нээх бодолтой байгаа. Энэ нь дунд сургууль байх болно. Мөн зарим сургуулийнхаа дэргэд бага сургууль нээх бодол бий. Үүнээс гадна бид дээд сургууль нээх төлөвлөгөөтэй байна. Энэ сургуулиа АНУ юм уу, гаднын томоохон сургуультай хамтарсан сургууль хэлбэрээр байгуулах бөгөөд олон улсын статустай байх юм. Нийгмийн ухаан болон боловсролын чиглэлээр энэхүү дээд сургуулиа нээнэ. Одоогоор боловсон хүчнээ бэлтгээд явж байна. Монголын их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалаад явж байгаа манай багш нараас гадна магистр, доктрын зэргээ хамгаалаад их, дээд сургуулиудад багшилж буй төгсөгчидтэйгөө хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Одоогоор төлөвлөгөө, төслөө гаргаад явж байна. Дөрвөн жилийн дараа гэхэд бид дээд сургуулиа байгуулчихсан байх болно. Энэ мэтчилэн бид сургалтын төлбөрийг сургалтын чанараа илүү сайжруухад зарцуулж, ашиг олбол түүнийгээ хүүхдүүдийнхээ төлөө зарцуулдаг. Дөрвөн жилийн дараа гэхэд өөр олон зүйл хэрэгжүүлэх ч энэ талаар тухайн үед нь ярилцъя.

Нью-Йорк хот. 2016 оны тавдугаар сарын 30. BID-ийн гүйцэтгэх захирал Хосе Э.Прието “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналыг “Эмпати” сургуулиудын хамт олонд гардуулав.


Энэхүү шагналыг манлайлал, чанарын удирдлага, шинийг эрэлхийлсэн байдал, технологийн дэвшил, нэр хүнд, байнгын хөгжүүлэлт зэрэг шалгуурыг харгалзан олгодог аж.


САНАЛ БОЛГОХ