Африкийн араас орох уу Азийн бар улс болох уу

Ярилцлага

Сүүлийн үед бизнес эрхлэгчид айдас хүйтэст автаад байна. Хувийн хэвшлийн өмчийг төр хууль бусаар булаан авч, бизнесийн дархлааг булингартууллаа. Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын талаар Үндэсний аж үйлдвэрийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхантай ярилцав.

-Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

-Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил болж байгаа энэ хугацаанд манай улсын эдийн засаг 20 дахин тэлж, ардчилсан нийгмийн харилцааны хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн шинэ суурь үндэс тавигдаж, бэхжих чиг хандлагатай байна.

Хэдийгээр эдийн засаг томорч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн социализмын он жилүүдээс нэмэгдсэн ч уул уурхай, мал аж ахуй, худалдаа үйлчилгээн дээр тулгуурласан нам технологийн, бүтээмж багатай эдийн засгийн загварчлал амь бөхтэй оршсоор байна.

Тиймээс өр үйлдвэрлэгч, импортоос хэт хамааралтай эдийн засгийн маш хэврэг тогтолцоотой болоод байна.

Олон улсын судалгааны байгууллагуудын зүгээс Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын индексийг тодорхойлсон бөгөөд энэ дүгнэлтээс харахад Монгол Улс хөгжлийн Африк загварт шилжин орсон нь тодорхой болоод байна.

Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед ард түмний итгэл найдвар хүлээж,төрийн эрх мэдлийг барьж байгаа МАН- ын зүгээс хөгжлийн алсын хараатай, өндөр технологийн аж үйлдвэржилтийн цогц хууль эрх зүй, бизнесийн орчныг яаралтай бүрдүүлж, иргэдээ ажилтай, орлоготой болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.

-Монгол Улсад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлнэ гэж сүүлийн 27 жил ярьж, төр засгийн зүгээс дэмжиж ирсэн. Харин үр дүн маш хангалтгүй байна. Энэ талаар саналаа хэлнэ үү?

-Улс орноо мал аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгох зорилт тавьж, нийгэм эдийн засгийн хөгжлийг таван жилээр төлөвлөн, салбар хоорондын уялдаа, харилцааг шинжлэх ухааны тооцоо судалгаан дээр үндэслэн цогцоор нь хөгжүүлэхээр зүтгэж байсан. Бидний аав ээж, ахмад үеийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсад суурь болон хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын 360 гаруй үйлдвэр завод ажиллаж, нийгмийн хөгжлийг манлайлагч 110 мянган ажилчин анги улс орныхоо бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан.

Шинэ нийгмийн босгон дээр хувийн өмчит шилжүүлсэн үйлдвэр заводуудтай, тогтвортой ажиллах хамгаалалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадаагүй, мөн дотоодын борлуулалтын зах зээлийг гадаадын компаниудад хувьчилж, өгснөөс Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нуран унаж, үйлдвэр, технологийн хөгжил хүй нэгдлийн үе рүүгээ ухран орсон.

Монгол Улсын дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангаж, цаашид экспортын чиг баримжаатай хөгжих байсан том үйлдвэр заводуудаа сэтгэл хөөрлөөр устган, дампууруулж, оронд нь нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлтгүй, зах зээлийн эрэлт, багтаамжийн судалгаа, тооцоогүй олон жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх гэж оролдож байгаа нь манай улсын эдийн засгийн дампуурлын нэг шалтгаан болж байна.

Мөн төрөөс жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын зээл, тусламжийг үзүүлсэн хэдий ч дотоодын борлуулалтын зах зээлийг хамгаалах хууль эрх зүй, бизнесийн орчныг бүрдүүлж өгөөгүй. Тиймээс гаальтай машинаар орж ирдэг Хятад улсын бараа бүтээгдхүүнд зах зээлээ булаалгаж, өсөж дэмжих боломжгүй, өр зээлэндээ баригдсан баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нар барайгаад сууж байна.

-Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, үйлдвэрлэлийн эдийн засгийн загварчлал бий болгохын тулд юу хийх ёстой вэ?

-Азийн бар болтлоо хөгжсөн улс орнуудаас бэлэн бүтээгдэхүүн импортлож, иргэдээ экспортлохоос илүү тухайн улс орнуудын хөгжлийн туршлага, аж үйлдвэржилтийн хуулиудыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлогт нийцүүлэн нутагшуулах замаар үйлдвэрлэлийн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Хувийн хэвшил дээр тулгуурласан ардчилсан, зах зээлийн нийгмийн харилцааг хөгжүүлэх зорилго дор төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ойлголцлыг шинэ түвшинд гаргаж, төр нь гадаадын үйлдвэрлэгчидтэй нийлж дотоодын зах зээлийн эрэлтийг булаан авах, хувийн хэвшлийхний бизнесийг дампууруулах, дарамтлах, оролцох зэрэг коммунист арга барилаасаа салах ёстой.

Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркыг 1000 автобусаар шинэчлэх дотоодын зах зээлийн нэг тэрбум ам.долларын эрэлт, хэрэгцээ гарч ирээд байна. Энэ алтан боломжийг ашиглан Монгол Улсад машин байгууламжийн цоо шинэ салбар хөгжүүлж 2000-3000 шууд болон дамнасан ажлын байр бий болгох боломжоо үгүйсгэж Солонгос улсын автобусны үйлдвэрлэл, солонгос хүний ажлын байрыг дэмжсэн борлуулалт, зээлийн худалдан авалт хийх талаар яригдаж байна. Улс орны хөгжлийн язгуур эрх ашиг, монгол хүний ажилтай, орлоготой эх орондоо амьдрах Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөг боогдуулж байна.

Монгол төрөөс үйлдвэржилтийн талаар гарсан бодлогын найман баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүдээ үгүйсгэж, ард түмнийхээ ажлын байрыг хулгайлсан, эх орноосоо урвагч төрийн түшээ, түшмэд гарч ирэхгүй байх гэдэгт итгээд сууж байна.
Эрдэнэт үйлдвэрийн ОХУ- ын талын 49 хувийн хувьцааг эх орондоо авч ирсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн хууль эрх зүй, бизнесийн орчныг сайжруулан, эдийн засгийн үр ашгыг нэмэгдүүлж, шахааны бизнесийг таслан зогсоох чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох ёстой. Гэтэл төрийн төмөр нүүр харуулж байгаа нь хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн салбарыг айдас хүйтэст автахад хүргэж байна.

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлж байгаа татварын мөнгөөр үндэсний үйлдвэрлэл дэмжих эх оронч худалдан авалтын тогтолцоо бүрдүүлэхийн оронд манай дарга нар тендер зарлачихаад мөнгөө халааслаад хятад, солонгос хүний ажлын байрыг дэмжихээр гадаад руу зугтаад байна гэсэн яриа олон түмний дунд түгээмэл бий.

Монголчууд бид энэ мэт сэтгэлгээний буруу хандлага, үйлдвэржилтийн гажуудсан хууль эрх зүй, бизнесийн тогтолцоогоо өөрчилж чадвал улс орныхоо өр ширийг дарж, өсөж хөгжиж эхлэлээ тавих юм.
САНАЛ БОЛГОХ