ОХУ-ын төсвийн алдагдал 92.2 тэрбум рубль болов

Мэдээ

ОХУ-ын төсвийн алдагдал энэ оны эхний долоон сард дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 3.3 хувьтай тэнцэж ирлээ. Энэ нь оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 4 хувьтай тэнцэж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болж байгаа юм. ОХУ-ын Сангийн сайдын мэдээлснээр долдугаар сарын байдлаар төсвийн алдагдал 92.2 тэрбум рубль болсон байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 1.3 хувьтай тэнцэж байгаа ажээ. Түүнчлэн энэ оны эхний долоон сарын төсвийн орлогыг аваад үзвэл жилийн орлогын гүйцэтгэлийн 50.7 хувьд хүрсэн байгаа бол зарцуулалт нь 52.7 хувьтай байна. Харин ОХУ-ын Засгийн газар төсвөө дахин 1.43 их наяд рубль болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 3.7 хувьтай тэнцэж байгаа юм. Газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн татвар долдугаар сард нийт төсвийн 41 хувийг бүрдүүлсэн байна. Харин эхний долоон сарын байдлаар дунджаар 37 хувийг нь эзэлж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ онд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурав хүрэхгүй хувьд барих даалгаврыг Засгийн газарт өгсөн аж. Улмаар энэхүү зорилгодоо хүрэхийн тулд Засгийн газраас улсын томоохон компаниудад эзэмшдэг хувиа арилжих, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээлээ нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч эхэлсэн байна.


САНАЛ БОЛГОХ