БНХАУ-ын нүүрс болон байгалийн хийн импорт буурчээ
Мэдээ
Эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын түүхий газрын тос, нүүрс болон байгалийн хийн импорт долдугаар сард буурсан үзүүлэлттэй гарсан байна. БНХАУ-ын эрчим хүчний импорт өссөн нь энэ оны эхний зургаан сартай харьцуулахад долдугаар сарын үзүүлэлт таагүй дүнтэй байгаа юм. Тодруулбал долдугаар сард БНХАУ өдөрт 7.35 сая баррель газрын тос импортолсон нь нэгдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон гэж БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газраас мэдээлсэн байна.
Түүнчлэн нүүрсний импорт зургадугаар сараас хойш 2.5 хувиар буурч, байгалийн хийн импорт 13 хувиар багасчээ. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын эдийн засгийн өсөлт саарч байгааг харуулж байна. Харин энэ оны эхний хагаст түүхий газрын тосны борлуулалт 14 хувиар буурсан ч нүүрсний борлуулалт 8.2 хувиар, байгалийн хийн борлуулалт 23 хувиар өссөн байна. Үүнийг шинжээчид тайлбарлахдаа БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэл буурснаар гадаадын хямд үйлдвэрлэгчдээс импортлох сонирхол нэмэгдсэн гэж таамаглажээ. Олон улсын үйлдвэрлэгчид БНХАУ-ын эрэлт өснө гэсэн хүлээлттэй байсан боловч шинжээчид эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт дэлхийн хэмжээнд илүүдэлтэй байгаа энэ үед дээрх үзүүлэлт эерэгээр нөлөөлж болох юм гэсэн таамгийг дэвшүүлээд байна. Энэхүү таамгийг Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлан баталж байгаа бөгөөд байгалийн хийн нийлүүлэлт 2018 оныг хүртэл дэлхийн хэмжээнд илүүдэлтэй байх төлөвтэй байгаа бол 2021 оныг хүртэл байгалийн хийн экспорт 45 хувиар өснө гэжээ.
Түүнчлэн байгалийн хийн эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ 2021 оныг хүртэл хэвийн түвшинд очихгүй гэдгийг онцолсон юм. Энэ оны эхний хагаст БНХАУ-ын түүхий газрын тос болон нүүрсний эрэлт өссөн нь дэлхийн хэмжээнд ханшийг өсгөсөн байна. Газрын тосны ханш нэгдүгээр сард 12 жилийн доод цэгт унаад байсан бол зургадугаар сард үүнээс 90 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин байгалийн хийн доод үнэ Зүүн Өмнөд Азийн зах зээлд 40 орчим хувиар сэргэсэн байна. Эдгээр үзүүлэлтийг хоёр жилийн өмнөх үетэй харьцуулбал 60 орчим хувиар буурсан дүнтэй байгаа юм. “Citigroup”-ийн мэдээлснээр БНХАУ-ын нүүрсний салбарын үйл ажиллагаа буурсантай холбоотойгоор нүүрсний хэрэглээ нь энэ онд 3.4 хувиар буурах төлөвтэй байна.
Харин тус улсын нүүрсний импорт III улиралд буурч, энэ нь Азийн зах зээлд үнийн дарамт учруулна гэж "CICC" компанийн тайланд дурджээ. Түүнчлэн агаарын бохирдлын хэмжээгээ буруулах зорилгоор байгалийн хийн хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа нь улирлын онцлогоос шалтгаалж саарах төлөвтэй байна гэж мэдэгдсэн байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй