“Temasek Holdings”-ийн үнэт цаасны ханш унав

Мэдээ

Сингапурын хөрөнгө оруулалтын фирм “Temasek Holdings”-ийн үнэт цаасны ханш сүүлийн долоон жилд анх удаа хамгийн доод түвшин рүү уналаа. Энэхүү фирмийн нийт хөрөнгийн үнэлгээ гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болсон санхүүгийн жилд 13 хувиар унаж, 231 тэрбум сингапур доллар болсон байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тодорхойгүй байдлаас үүдэн сүүлийн үед хөрөнгийн зах зээл уналтад ороод байгаа юм. Тухайлбал 2015 оны гуравдугаар сараас хойш БНХАУ-ын CSI 300 индекс 21 хувиар унаж, Сингапурын “Straits Times” индекс 18 хувиар унасан байна. БНХАУ болон Сингапурын хөрөнгийн зах зээлд “Temasek Holdings” хөрөнгө оруулалтын фирмийн нийт хөрөнгийн 50 гаруй хувь нь бүртгэлтэй байдаг аж. “Straits Times” индексэд бүртгэлтэй “Temasek” фирмийн хөрөнгө энэхүү зах зээлийн гуравны нэгийг эзэлж байгаа юм. Үүнээс хөрөнгийн зах зээлийн уналт “Temasek”-ийн үнэт цаасны ханшид хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг харж болно гэж Сингапурын “CIMB” банкны эдийн засагч Сонг Сенг Ван мэдээлжээ. “Temasek Holdings”-ийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг “Singapore Telecommunications” компанийн зэх зээлийн үнэлгээ 13 хувиар буурч, 4.5 тэрбум сингапур доллар болсон байна. Түүнчлэн энэхүү фирмийн 30 хувийг эзэмшдэг “DBS” группийн үнэлгээ 3.7 тэрбум сингапур доллар болж унажээ.


САНАЛ БОЛГОХ