БНСУ-ын зээлжих зэрэглэлийг өсгөлөө
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Standard & Poor” агентлаг эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн таатай байдал, мөнгөний уян хатан бодлого зэргийг нь үндэслэн БНСУ-ын зээлжих зэрэглэлийг "-AA"-аас "AA" болгон өсгөлөө. Ингэснээр БНХАУ, Япон зэрэг хөрш орнуудынх нь зээлжих зэрэглэлийг давж гарсан бол энэ нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагаас авсан гурав дахь өндөр үнэлгээ нь болж байгаа юм.
Тодруулбал үүний өмнө буюу 2015 оны 12 дугаар сард “Moody’s” агентлаг БНСУ-ын зээлжих зэрэглэлийг "Aa2" болгон нэг түвшнээр нэмж байсан. Азийн дөрөв дэх том эдийн засагтай улсад тооцогддог БНСУ-ын эдийн засгийн өсөлт 2015 онд 2.6 хувийн өсөлттэй гарсан байна. Харин энэ онд 2.7 хувийн өсөлттэй байна гэж БНСУ-ын Төв банк таамаглаж байгаа юм. Үүний зэрэгцээ тус улсын Төв банк компаниудын бүтцийн өөрчлөлтөөс ирэх эрсдэлийг бодолцож үзэн зургадугаар сард бодлогын хүүгээ 1.25 хувь болгон бууруулах шийдвэрийг гаргасан бол Засгийн газрын зүгээс төсвөө 11 их наяд воноор нэмэгдүүлэх саналыг дэвшүүлээд байгаа юм. Австрали, Их Британи, Япон зэрэг томоохон орнуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан, мөн дэлхийн эдийн засаг сэргэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед БНСУ-ын зээлжих зэрэглэлийг өсгөх нь хөрөнгө оруулагчдыг татах, тэдний итгэлийг сэргээх боломжийг олгохоороо давуу талтай юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй