АДБХОБ анхны багц зээлээ олгохоор боллоо

Мэдээ

2015 оны зургадугаар сард байгуулагдаж байсан Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банкны анхны уулзалт болсон байна. Уулзалтын үеэр Индонезийн ядуусын хорооллыг сайжруулах, Пакистаны авто зам, Тажикстаны хилийн зам болон Бангладешийн эрчим хүчний түгээлтийн системийг сайжруулах төслүүдэд зээл олгох болсноо мэдэгджээ. Уг зээл нь БНХАУ-ын үүсгэн байгуулсан 57 гишүүнтэй Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банкнаас олгож буй анхны багц зээл гэдгээрээ онцлог болж байна. Тодруулбал дөрвөн төслийн хүрээнд нийт 509 сая ам.долларын зээл олгохоор баталжээ. Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк нэг төслийг дангаараа санхүүжүүлэх бол бусад гурван төслийн зээлийг Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк болон Европын Шинэчлэл, Хөгжлийн банктай хамтран олгохоор болж байгаа юм. Түүнчлэн Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк уг төслүүдийн хүрээнд 1.2 тэрбум ам.долларын зээлийг энэ онд олгохоор төлөвлөөд байна. Эрчим хүч, хотын хөгжил, тээврийн салбарын хүрээнд хийгдэх эдгээр төслүүд нь бүс нутгийн дэд бүтцийн санхүүжилтийг эхлүүлэх, бүс нутгийн харилцаа холбоог сайжруулахад тусална гэдгийг Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личун онцоллоо. Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк нэгдүгээр сарын байдлаар 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бүртгэгдсэн байна. Тиймээс БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин уг банкийг хөрш улсуудтайгаа эдийн засгийн харилцаагаа сайжруулах, дэлхийн үйл хэрэгт голлох үүрэг гүйцэтгэх зорилгынх нь гол түлхүүр хэмээн үзэж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ