Олимпийн дараах Бразилын төрх

Нийтлэл

Ядуу иргэд болон дундаж давхаргынханд олимп өгөөжөө өгсөнгүй

40 настай Гилмара Силвейра Рио де Жанейро хотын ядуусын дүүрэгт амьдардаг нэгэн. Гэрийнх нь ойролцоо бохирын ус урсах тул үнэр гэж авахын аргагүй. Тэвчихэд хэцүү ч нүүх бэл бэнчингүйгээс эндээ үлдэхээс өөр сонголтгүй байлаа. Харин одоо түүний амьдрал өөрчлөгдсөн. Бохир заваанаараа алдаршсан дүүрэг нь өнгө зассан мэт болжээ. Тэрбээр олимпийн дараа хүүхдүүдээ дагуулан цэцэрлэгт хүрээлэнд ирэв. Цэцэрлэгийн зүлгэн дээр тухлан сууж, том дэлгэцээр зурагт үзэж, хүүхдүүдтэйгээ тоглох нь түүнд үлгэрийн мэт санагдана. Олимпийн наадмын бүтээн байгуулалтын хүрээнд Рио хот багагүй өөрчлөгдсөний нэг жишээ нь энэ. Мадурейра цэцэрлэгт хүрээлэн өмнө нь хогондоо дарагдсан энгийн л нэг газар байв. Харин олимпийн наадамд бэлдэх төслийн хүрээнд энд гурван км.кв талбайг тохижуулан, орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болгожээ. Өдгөө тус цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс, чөлөөт цагаа өнгөрөөдөг олны хөлийн газар болоод байна.

“Үнэхээр сайхан газар юм. Хүмүүс энд цагийг өнгөрөөхдөө их баяртай байна. Гэвч зам хөндлөн гарахаар ганц минут саатан зогсох үед юмаа дээрэмдүүлчихлээ. Гэмт хэрэг бол цэцэрлэгт хүрээлэнг муухай болгож буй ганц зүйл юм даа” хэмээн Силвейра өгүүлжээ.

Силвейрагийн хэлсэнчлэн Рио хот олимпийн наадмын дараа нүүрээ угаасан мэт огт өөр төрхтэй болсон нь үнэн. Том том цогцолборууд энд тэндгүй сүндэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгүүд шинээр баригдаж, нийтийн тээвэр, метроны сүлжээнд ахиц дэвшил гарсан гээд олимпийн хаялга их байв. Харин олимпийн наадам энгийн иргэдийн амьдрал болон Бразилын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бол. Харамсалтай нь энэ асуултад эерэг хариулт өгөх хүн тун ховор.

Бразилд өдгөө ч сая сая хүн өлөн зэлмүүн амьдарч, хоногийн бор хоолоо аргацааж ядан байна. Багш, эмч нарын цалин урьдын адил бага хэвээр. Тэд заримдаа цалингаа цагт нь авч чадахгүй тул Засгийн газраа эсэргүүцэж жагсана. Ядуусын дийлэнх нь олимп зохион байгуулах гэж их зардал гаргахын оронд түүнийгээ улс орныхоо хөгжилд хэрэгтэй өөр зүйлд зарцуулах ёстой байсан гэж боддог.


Харин бразилчууд олимп зохион байгуулаад ашиг олсон уу, алдагдал хүлээсэн үү гэдгийг одоо тооцоход эрт. Гэхдээ эдийн засгийн мэргэжилтэн, шинжээчид өөдтэй хариу сонсоно гэж найдахгүй байна. Уг нь бразилчууд анх олимпийн наадмыг 12 тэрбум ам.долларт багтаан явуулахаар төлөвлөсөн. Гэтэл явцын дунд зардал нэмэгдсээр 20 тэрбумд хүрсэн юм. Бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь олимпийг эцсийн дүндээ хасах баланстай гарна гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.

Олимп зохиогоод алдагдал хүлээсэн хамгийн сонгодог жишээ нь Грек улс. Тэд анхны олимпийг хүлээн авснаас хойш 100 гаруй жилийн дараа буюу 2004 онд Афин хотдоо олимпийн наадам дахин явуулсан. Гэвч сүүлийн зочид Афиныг орхин одсоноос хойш зарим цогцолбор, барилга байгууламж огт ашиглагдаагүй юм. Асар их өртгөөр боссон дээрх үхмэл барилгууд таван жилийн дараа Грекийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралд хөтөлсөн түүх бий. Саяхны ийм жишээ байдаг болохоор бразилчууд босгосон барилга байгууламжаа дахин ашиглах асуудалд ихэд анхаарчээ.

Тухайлбал, гандболын тэмцээн явагдсан “Future Arena”-г их сургуулийн зориулалтаар ашиглах бөгөөд энд 500 оюутан номын дуу сонсох юм. Харин усан спортын цолцолбор болон хэвлэл мэдээллийн төвийг ахлах сургуулийн дотуур байр болгохоор төлөвлөсөн. Түүнчлэн 120 га талбай эзлэн орших “Barra Olympic park” өдгөө олон нийтэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн болжээ. Албаны хүний хэлснээр олимпийн цогцолборуудынхаа 80 хувийг нь тогтмол ашиглах юм байна. Хэрэв энэ үнэн бол бразилчууд ямар ч байсан Грекийн алдааг давтахгүй нь.

Хэдийгээр Зохион байгуулах хороо ийм төлөвлөлттэй ажиллаж буй ч олны зүгээс ирэх шүүмжлэл тасрахгүй байна. Хамгийн хүчтэй шүүмжлэл өрнүүлдэг байгууллага нь “The Exclusion Games” групп. Тус группийн ажилтан Ж.Танака “Олимпийн дуулианаар улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсаар дууслаа. Эзгүй хээр газар барилга байгууламж босгох нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй. Үнэнийг хэлэхэд олимпийн буянаар барилгын цөөн хэдэн компани л баяжсан. Харин ядуу иргэд болон дундаж давхаргынханд олимп өгөөжөө өгсөнгүй” хэмээн ярьжээ.

Энэ мэт шүүмжлэл эрчээ авч байхад барилгын ажил гүйцэтгэж байсан нэгэн залуу амиа алдсан нь гал дээр тос нэмж орхив. Олимпийн тэмцээн уралдаан явагдсан цолцолборыг буулгах ажлын үеэр нэгэн ажилчин цахилгаанд цохиулж нас барсан юм. Энэ явдалтай зэрэгцэн хэвлэлүүд олимпийн алдаа дутагдлыг эргэн сөхөж, бараан мэдээлэл цацаж эхэлээ. 2013-2016 онд наадмын бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан ажилчдаас 11 хүн амиа алдсаныг тэд сөхөн бичиж, барилгын аюулгүй ажиллагааны зааврыг сайн биелүүлдэггүй хэмээн бразилчуудыг шүүмжилж эхэлсэн юм.

Олимпийн наадам Бразил улсад энэ мэт сайн, муу аль алинаар нь нөлөөлжээ. Гэхдээ муу нь сайнаасаа их байгаа нь харамсалтай.


САНАЛ БОЛГОХ