АНУ-ын нэрд халтай сонгууль

Нийтлэл

Охайо, Мэйн, Нью Хэмпшир, Юта муж улсуудад өрсөлдөөн ид өрнөж байна

АНУ-ын 50 муж улс, нэг тойрог, таван газар нутагт 2016 оны хоёрдугаар сараас эхэлсэн Ерөнхийлөгчийн суудлын төлөөх нэр дэвшигчдийн сунгаа шувтаргын шатандаа орлоо.

Дэлхийн ДНБ-ий 17 орчим, нийт цэргийн зардлын гуравны нэг гаруй хувийг дангаар хангаж, олон улсын худалдааны гол валютыг эзэмшдэг улсын Ерөнхийлөгч хэн болох нь хүн бүрт хамаатай асуудал. Ялангуяа олон улсын цагийн байдал хурцдаж Ойрх Дорнодод дайны гал дүрэлзэж буй өнөө үед АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхаас ертөнцийн дайн, энхийн асуудал хамаарна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон сонгогдсон тохиолдолд Америкийн өнөөгийн либерал бодлогод онцын өөрчлөлт гарахгүй бөгөөд харин олон улсын тавцанд их гүрнүүдийн сөргөлдөөн хурцдаж болзошгүй. Бүгд найрамдах намаас нэр дэвшээд буй тэрбумтан Дональд Трамп Цагаан ордонд эзэн суувал АНУ-ын цагаачлалын бодлого чангарах, худалдааны хориг саад нэмэгдэх зэрэг өөрчлөлт гарч магадгүй. Гэвч тэрбээр Америкийн идэвхтэй гадаад бодлогоос татгалзах төлөвтэй байгаа тул Орос, Хятад зэрэг улсуудтай хурцадмал байдал намжих боломжтойг ажиглагчид онцолж байгаа.

Ийм хэтийн төлөвийн дунд АНУ-ын түүхэнд хамгийн хэрүүл шуугиантай сонгууль оргил үедээ хүрч, маргааш санал хураалт явагдана. Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд өрсөлдөгчөөсөө хол тасарч чадахгүй байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон “хүнд их буугаар галлаж” урлаг, спортын одод, Обамагаас эхлээд улс төрийн хүнд жингийнхнийг оролцуулан сонгогчдын саналыг татах сүүлчийн оролдлогоо эрчимжүүлж байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ганц дайчин ганцаардахгүйн жишгээр тэмцэж, өчигдөр Невада муж улсад болсон уулзалт дээр “Би АНУ-ын тусгай албад болон тус мужийн хууль хэрэгжүүлэгч байгууллагад талархаж байна. Биднийг хэн ч зогсоож чадахгүй. Америкийг дахин агуу болгоё” хэмээн уриалав.

Энэ нь ч бас учиртай. Ирэх лхагва гарагт санал хураахаас 11 хоногийн өмнө буюу аравдугаар сарын 29-нд Холбооны мөрдөх товчоо (ХМТ) Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийн цахим шуудан ашиглаж байсан хэргийг дахин шалгахаа зарласан. “Ор хөнжлийн явдал” энэ сурталчилгааны гол онцлог болоод буй нь энэ удаад дахин нотлогдов. Клинтоны хувийн туслах араб бүсгүй Хума Абединий нөхөр Сенатор асан Энтони Винерийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн сэжиглэж шалгах үеэр компьютерээс нь Хилларитай холбоотой и-мэйлүүд илэрснээс уг хэрэг манджээ.

Х.Клинтон сонгогчдын зөвлөлийн 268, Д.Трамп 204 гишүүний дэмжлэг аваад буйг CNN мэдээллээ

И-мэйл илэрсэн гээд байгаа ч үнэн хэрэгтээ бүгд гадарлаж байсан биз. Гагцхүү яагаад сонгууль тулчихсан эмзэг үед тэргүүлж яваа нэр дэвшигчийн хэргийг шинээр сөхөх болсон нь асуудлын гол зангилаа юм. Энэ талаар олон зүйл яригдаж буйн нэг нь Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми сонгуульд хөндлөнгөөс оролцож, өөрийн намын нэр дэвшигч Трампын талд тоглолоо гэх шүүмжлэл. Холбооны мөрдөх товчоо Кремлийн заавраар ажиллаж байгаа, Путины гар, хөл бологч нь Трамп гэх мэтийн инээдтэй яриаг эс тооцвол энэ шүүмжлэл үндэслэлтэй байж болох.

Гэхдээ Холбооны мөрдөх товчоо бол төрийн байгууллага агаад АНУ-ын сөрөх тагнуулын алба. Энэ байгууллагын захирал ноён Коми “Хиллари хувийн и-мэйлээ ашигласан нь гэмт хэргийн чанартай бус, хайнга хандсан явдал” гэж дүгнэсэн. Ийнхүү мөрдөн байцаалтыг гурван сарын өмнө зогсоосноо зарлаж байлаа. Гэвч гэнэт сэргээсэн нь “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг үгийг санагдуулам явдал болов. Ардчилсан намын нэр дэвшигчийн талаар Холбооны мөрдөх товчооныхон ноцтой баримт олсон тул дуугарахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн зарим шинжээч үзэж байна. Тухайлбал, АН-ынхан энэ мэдэгдэл жингийн туухайг Трамп руу хэлбийлгэлээ хэмээн буруутгасан. Нөгөөтэйгүүр, ноцтой баримтыг чимээгүйхэн дарагдуулсан бол Холбооны мөрдөх товчоо Хилларийг хамгаалсан хэрэгт орох нигууртай байв.

Ийм чухал үед нам үл харгалзан төрийн хүний зангаргийг харуулж, үүргээ гүйцэтгэж чадсан гэх үзлээр Жеймс Комийг магтах хүн нэлээд бий. Хэрэв Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Хилларийн тухай мэдээллийг нуусныг мэдвэл Комигоос хариуцлага нэхэх нь ойлгомжтой. Тэр цагт Жеймс Комийн улс төрийн ирээдүй баларч болзошгүй. Бас Хиллари Клинтон Цагаан ордонд суувал түүнийг Америкийн тусгай албад дураар нь дургиулахгүй. Жолоо цулбуурыг нь атгах шижимтэй болж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилснээр шинэ Ерөнхийлөгч Хилларид үл итгэх асуудал тавигдаж болох юм. Бүгд найрамдах нам Конгресст олонх байгаа цагт үүн шиг хялбар зүйл алга гэх мэдээлэл хөвөрсөөр байна.

Ерөнхийдөө намаар талцаж, улайран тэмцэлдэж буй сонгуулийн өмнөх өрсөлдөөний үед Жеймс Коми төрийн хүний үүднээс нэр төрөө хамгаалан үл оролцох байр сууринаас хандаж чадлаа гэх хандлага давамгайлж буй бололтой. Гэвч хэрэг явдал үүгээр зогссонгүй. Холбооны мөрдөх товчооноос давхар цохилт хийж, Дональд Трамп Оросын байгууллагуудтай холбоотойг нотлох ямар нэгэн баримт байхгүй гэж мэдэгдсэн. Үүний улмаас АН-ынхан сурталчилгаандаа Трампыг Путиныг шүтэн бишрэгч мэтээр харуулж, Оросын эсрэг үзлийг ашиглах оролдлого нь бүтэлгүйтэх тийшээ хандав. Иймээс сүүлийн өдрүүдэд Оросын тухай үг яриа сурталчилгаанд тэр бүр сонсогдохоо больсныг ажиглагчид тэмдэглэжээ.


Саяхан бас гурав дахь хэрэг сөхөгдсөнийг дурдах ёстой. Энэ нь Хилларийн нөхөр, 1993-2001 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой холбоотой. Тэрбээр Африкийн фермерүүдэд туслах буяны сан байгуулаад олсон хэдэн зуун сая ам.долларынхаа дөнгөж таван хувийг тусламжийн ажилд зарцуулсан хийгээд ихэнхийг өөрсдийн цалин, тээврийн зардалд зориулсан аж. Гэхдээ ХМТ-ны барьж авсан гол хэрэг бол Гай Рич хэмээх авлигад сэжиглэгдсэн бизнесмэнийг Билл Клинтон албан тушаалаа өгөхөөс хэдхэн цагийн өмнө өршөөх тушаал гаргасан явдал. Үүнээс долоо хоногийн дараа тухайн сенатын сонгуульд өрсөлдөж байсан Хилларийг дэмжих санд Гай Ричийн охиноос нэг сая ам.доллар хандивласан байдаг.

Иймэрхүү дуулиан шуугиан мэдээж Хиллари Клинтоны нэр хүндэд сөргөөр нөлөөлж, Трампыг найдвартай ялж чадах, эсэх нь тун эргэлзээтэй болгоодохов. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр Дональд Трамп эмэгтэйчүүдэд бүдүүлэг ханддаг, татвараас зугтсан гэх мэтийн ярианд ороогдоод авсан. Харин одоо ХМТ-ны ачаар Хилларийн араас гэзэг даран нэхэж буй БНН-ын нэр дэвшигч мэдээллийн бөмбөгөнд дайрагдчихгүй бол ялах магадлал мэдэгдэхүйц нэмэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг шууд бус сонгууль гэж үздэг. Тухайлбал, сонгогчид нэр дэвшигчийн төлөө бус сонгогчдын зөвлөлийн гишүүдийг сонгохоор саналаа өгнө. Уг зөвлөлд муж улсуудыг төлөөлсөн 538 гишүүн багтдаг агаад тэднээс 270 хүний дэмжлэгийг авч чадсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой. Одоогийн байдлаар хатагтай Клинтон 268, ноён Трамп 204 гишүүний дэмжлэгийг аваад байгааг CNN мэдээллээ. Охайо, Мэйн, Нью Хэмпшир, Юта муж улсууд хэнийг дэмжих нь тодорхойгүй байгаа тул энд гол өрсөлдөөн өрнөж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бас нэг идэвхтэй тоглогчийн үүрэг гүйцэтгэж буй Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж ХМТ-г Хилларитай холбоотой баримтаар “хангаж” буй. Тэрбээр саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа “Трампыг эсэргүүцэгчид нь ялуулахгүй” гэжээ. Энэ удаагийн сонгууль Америкийн түүхэнд хамгийн бохир өрсөлдөөн хэмээн хэдийнэ нэрлэгдээд буй. Гэхдээ л тэргүүлэгч гүрний Ерөнхийлөгчийн сонгууль маргааш хэрхэн өрнөх, сонгогчид ямар шийдвэр гаргахыг дэлхий дахинаа чих тавин хүлээх үлдлээ.
САНАЛ БОЛГОХ