Сансарт үр хөврөл бүрэлдэх боломжтой юу

Нийтлэл

Сансрын хөлөгт төрсөн хүүхэд алхаж, зогсож, гараа хөдөлгөж чадахгүй

Сансарт есөн сарыг үдсэн хулганы хөлдөөсөн үр эх дэлхийдээ ирмэгцээ эрүүл саруул үр төл өгсөн байна. Уг туршилтыг Японы биологичид амжилттай хийжээ.

Туршилтын дараа хүн төрөлхтөн сансар огторгуйд, өөр гараг ертөнцөд үр хөврөлөө бүрэлдүүлж, тээж төрүүлж, өсгөх боломжтой юу гэсэн асуултыг судлаачид уралдан тавьж байна. Онолын хувьд сансарт үр тогтоох боломжтой юм бол хүүхэд татах хүчгүй орчинд яаж төрөх вэ гээд олон асуулт ч үүний араас хөвөрч байна.

АНУ-ын Сансрын станц болон бусад сансрын агентлаг 2030 он гэхэд хүмүүсийг Ангараг гарагт хүргэхээр шаргуу ажиллаж буй. Гэвч шинжээчдийн анхааруулж байгаачлан тэнд хүн амьдарч чадах, эсэхийг орхигдуулж буй юм биш биз.

Сансрын хөлөг, пуужин бүтээгчид Ангараг гараг дээр хүн төрөлхтөн яаж амьдарч, хэрхэн амьсгалах талаар анзаарах сөхөөгүй байна. Харин аяллын 2-3 жилийн хугацаанд огторгуйн хэт ягаан туяаг хэрхэн халхавчлах, нөлөөг нь бууруулахад анхаарах нь тэдний гол ажил. Өөр гарагуудыг “колоничлох” үйлсэд цойлж буй “SpaceX”-ийн босс Элон Маск Ангараг гараг дээр хүүхэдтэй болох боломжтой хэмээн ам алдсаныг Жорж Вашингтоны их сургуулийн эрүүл мэнд, анагаахын сургуулийн эрчимт эмчилгээний туслах профессор Крис Ленхардт хэлсэн юм.

Энэ бүхэн нь сансарт буюу татах хүчгүй орчинд хүүхэд төрүүлэх боломжийг илэрхийлэх шинэ судалгааны эхлэл болж болох ч ёс суртахуунтай холбоотой түвэгтэй асуудал аж. Үнэхээр сансарт үр төлтэй болох нь цаашдын зорилго юм бол зайлшгүй судлах шаардлагатай зүйл гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Онолын хувьд сансарт үр тогтоох боломжтой юм бол хүүхэд татах хүчгүй орчинд яаж төрөх вэ гээд олон асуулт ч үүний араас хөвөрч байна.

Харин Японы биологичид үүнд анхдагчид болж чаджээ. Тэд эр хулганы үр тогтоох эсийг хуурай аргаар хөлдөөж, дэлхийгээс гадна 400 км-т орших тойрог зам буюу Олон улсын сансрын станцад илгээжээ. Тэнд есөн сар аялсан эс буцахдаа дэлхийд тусдгаас 100 дахин их хүчтэй нарны хэт ягаан туяаг туулж гарсан байна. Гэхдээ үрийн генийн түвшинд бага зэрэг гэмтсэн байсныг уг туршилтын ахлах судлаач Яманашигийн их сургуулийн профессор Терухико Вакаяма олж мэджээ. Гэсэн ч энгийн хулганы хэвлийд суулгаснаар эрүүл саруул үр төл өгсөн аж. Гэхдээ уг судалгаа сансарт есөн сарын хугацаанд юу болсон талаарх мэдээллээр ядмаг болжээ хэмээн шүүмжлэгчид үзсэн байна.

Үнэндээ үр амжилттай тогтсон, эсэх нь сонин биш юм. Харин бэлгийн эс сансарт хэр зэрэг тэсэж байна гэдэг нь чухал. Тэнд дөрөв, эсвэл найман эс өртөж байвал энэ орон зайд эс амьд үлдэх боломж туйлын бага гэсэн үг аж.

Огторгуйн туяа зөвхөн эр бэлгийн эс гэлтгүй өндгөвчинд ч муу нөлөөтэй. Хэт ягаан туяагаар лабораторийн хулганы өндгөвчийг шарахад аюултай гэмтээж байсан талаарх судалгаа олон бий. Тиймээс ч сансрын удаан хугацааны аялалд нисгэгчдийн эрүүл мэндэд онцгойлон анхаардаг. Нар болон бусад галактикаас ирдэг туяа нь өндгөвчийг эрт ажиллагаагүй болгох, хорт хавдраар өвчлүүлэх, цаашлаад зүрх судас, ясны сийрэгжилт, тархины ужиг өвчний эх үндэс болдог байна. Мөн татах хүчгүй, хэт ягаан туяатай орчныг үр тогтсон эс, үр хөврөл даван туулна гэдэг одоохондоо боломжгүй зүйл. Мөн сайнаар бодож сансрын хөлөгт хүүхдээ төрүүллээ гэхэд алхаж, зогсож чадахгүй, цаашлаад гараа хөдөлгөж чадахгүй хүүхэдтэй болно хэмээн хүн төрөлхтний шинэ ололтын болзошгүй аюулыг эрдэмтэд анхааруулж байна.

САНАЛ БОЛГОХ