Техникийн гачигдал, сэтгэлгээний гажуудал

Нийтлэл

Япончуудын цас цэвэрлэх аргаас санаа авмаар зүйл их бий

Монголчууд зундаа уртын харайлт, өвөлдөө уран гулгалтаар хичээллэдэг гэж бичсэн нь тун оносон хошигнол байв. Зуны турш энд тэнд тогтсон усан дээгүүр харайсан бид өдгөө халтиргаатай зам дээгүүр тэнцвэрээ олох гэж үйлээ үздэг цаг иржээ. Цас их орсон даруйд хот тохижуулахын хэд хэрэндээ л цэвэрлэх юм. Гэвч хүн хүч, техник хэрэгсэл, шаардлагатай бодис нь хүрэлцдэггүй бололтой. Хотын төв хэсгийн замуудаа ч нэг юм цэвэрлээд байна. Харин зах хэсгээр байдал өөр. Их цасыг цэвэрлэхгүй удсанаас дагтаршиж, мөсөн каток тогтох нь энүүхэнд. Өвөлдөө цастай, жавартай улсын л зовлон юм даа.

Гэхдээ зөвхөн Монгол ийм асуудалтай биш. Манайхаас ч их цас унадаг улс олон бий. Харин тэд манайх шиг цасандаа дарагдаад сууна гэж үгүй. Ингэхэд цас мөсний орнууд асуудлаа хэрхэн шийддэг юм бол.

Хойд зүг рүү, Скандинавын орнуудын өвлийг цасгүйгээр төсөөлөх аргагүй. Ялангуяа нэг, хоёрдугаар сард нэвсийтэл дардаг тогтоцтой. Шведүүдийн хувьд цасаа хөлдөж дагтаршихаас нь өмнө заавал цэвэрлэж дуусгадаг хэмээн тэнд 10 жил амьдарсан Б ярилаа. “Гудамжнаас гадна айлуудын гаднах цасыг хүртэл зориулалтын машинаар цэвэрлэдэг. Цасны машин гэж трактор шиг жижиг юм бий. Тэрүүгээр цэвэрлэж байгаад нэг газар овоолоод орхино. Дараа нь машинаар ачаад явж байгаа харагддаг. Зөвхөн гудамж талбай ч гэлтгүй байшингийн дээвэр дээрх цасаа бас хурдан арилгана. Дээврийн цас хөлдөөд мөс болж, хүний толгой дээр унаж, аминд нь хүрсэн тохиолдол ч бий. Тиймээс цас орсон л бол албан байгууллагууд тусгай ажилчид хөлслөөд дээврээ цэвэрлүүлдэг” хэмээн сонирхуулсан юм.


Цас их унадаг өөр нэг улс бол Япон. Япончуудын цас цэвэрлэх аргаас санаа авмаар зүйл их бий. Тэнд цас орсон л бол тусгай цэвэрлэгч машинууд үүр гэгээрэхээс, 04.00 цагаас цагаас эхлээд ажилдаа гарна. Үүнээс гадна цас цэвэрлэх ажилд иргэдийн оролцоо их. Тухайлбал, нийтийн орон сууцны орц болгонд цэвэрлэгээний хүрз болон бусад багаж хэрэгсэл бий. Ажлаа тараад гэртээ орох гэж буй хэн ч гэсэн өнөөх хүрзийг аваад эргэн тойрноо цэвэрлэчихнэ. Энэ ажлыг хэн ч албадаагүй хэдий ч өөрийн ухамсраар хийгээд нэгэнт хэвшжээ.

Олон хүний хүчийг ашигладаг болохоор цас дагтаршиж, мөс тогтох аргагүй

Цэвэрлэх машин тэр бүр очиж чаддаггүй хотын алслагдсан хэсэгт цаснаас салахдаа иргэдийн туслалцааг авдаг аж. Тодруулбал, замын хажууд хүний эрүүл мэндэд хоргүй цас хайлуулах тусгай бодис бүхий хайрцаг байрлуулдаг байна. Дэргэдүүр нь өнгөрч яваа хүн тэрхүү бодисноос хүрзээр хутгаж аваад халтиргаатай хэсэг дээр асгана. Ингэж олон хүний хүчийг ашигладаг болохоор тухайн замд цас дагтаршиж, мөс тогтох аргагүй юм.

Японы албан байгууллагуудын тухайд дээврийн цасаа цэвэрлэх нь байнга хийдэг ажлын нэг. Цас их орсон л бол дарга, цэрэггүй дээвэр дээрээ гарч, цэвэрлэгээнд нэгдэнэ. Цас их хуримтлагдаад байвал тааз цөмрөх аюул бодитоор оршдог тул ийн сэтгэл гаргахаас ч аргагүй.


Эндээс харвал их цаснаас салах нь зөвхөн төрийн байгууллагын хийх ажил биш байгаа биз. Харин албан байгууллагаас авахуулаад жирийн иргэд хүртэл зүтгэж байж цасаа цэвэрлэж, замаа аюулгүй болгох нь. Уг нь манайд байгууллага бүр эргэн тойрныхоо 50 метр хэсгийг цэвэрлэх журамтай. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг газар улам л цөөрсөөр байна. Техникийн гачигдал, сэтгэлгээний гажуудалтай ийм нөхцөлд тохижилт үйлчилгээний цөөн хэдэн хүн хэчнээн ажиллаад ч дагтаршсан цасаа арилгаж хүчрэхгүй нь тодорхой. Тэрчлэн хүрз, хусуураас өөр “зэвсэг” алга, тэдэнд.


САНАЛ БОЛГОХ