Инфантиногийн санал битгий дэмжигдээсэй
2026 оны ДАШТ- ээс эхлэн 48 баг өрсөлддөг болох нь
FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиногийн ДА ШТ- д 48 баг оролцдог болгох санал өдгөө хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн их маргаан дагуулсан сэдэв болоод байна. Ноён Инфантино анх Блаттерийн халааг авч, FIFA-гийн тэргүүн ээр сонгогдохдоо ДА ШТ-д орох багийн тоог наймаар нэмэгдүүлж, 40 хүргэнэ гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Харин одоо энэ тоогоо дахин нэмж, 48 хүргэхээр төлөвлөжээ. Хэрэв түүний санал дэмжигдвэл 2026 оны тэмцээнээс эхлэн 48 баг алтан цомын төлөө өрсөлддөг болох нь. Дашрамд сануулахад, тэмцээн тив тивд ээлжлэн зохиогдох хуваарийн дагуу 2026 оных Хойд Америкт болно. Тиймээс АНУ, Канад, Мексикийн аль нэг нь түүхэн ДА ШТ-ийг хүлээн авах болов уу.
Тэрбээр өөрийн дэвшүүлсэн санаачилгын талаар шийдвэр гаргах эрх мэдэл бүхий түшмэдтэй ярилцаж үзэхэд бүгд дэмжсэн гэнэ. “Тэмцээнд оролцох багийн тоог нэмэгдүүлэхийг тэд бүгд дэмжиж байгаа. Ялангуяа 40 биш, 48 баг оролцуулах хувилбар тэдэнд их таалагдсан” хэмээн Инфантино өгүүлжээ.
Ноён ерөнхийлөгч бусад улс орны дэмжлэгийг авахын тулд олон хүнтэй уулзалт хийсээр байгаа аж. Тэрбээр UEFA-гийн тэргүүн Мишель Платини Европын АШТ-д оролцох багийн тоог 16-гаас 24 болгож нэмэгдүүлснээр жишээ авч, энэ жишгийг дагахад зөвдөнө хэмээн нотолсоор явна.
“ДАШТ-д 32 баг ороход нийт 64 тоглолт гардаг. Харин 48 болгож нэмэгдүүлснээр тоглолтын тоо 80 болно. Энэ нь зохион байгуулагчдад тийм ч том дарамт болохгүй. “Евро 2016”-г хар л даа. Олон шинэ баг өрсөлдөж, тэмцээнийг сонирхолтой болголоо. Бид ч бас ДА ШТ-д оролцох багийн хүрээг нэмж, бусад оронд боломж олгох шаардлага тулгараад байна” хэмээн тэр тайлбарласан юм.
Одоо түүний санал болгож буй хувилбарыг нарийвчлан задлаад үзье. Тэмцээнд оролцох 48 баг гурав, гурваараа 16 хэсэгт хуваагдах аж. Хэсэг тус бүрээс хоёр, нийт 32 баг плей- оффт шалгарч, цааш хасагдах системээр тоглосоор аваргаа тодруулах болно. Энэ тохиолдолд хэсгийн тоглолтууд сунжирч мэдэх эрсдэл бий. Нэг хэсэгт гуравхан баг байгаа учраас биесээ тойрч хожоод, оноо тэнцэх магадлал маш их. Тиймээс нэмэлт тоглолт гаргахгүйн тулд тэнцсэн багуудыг цуврал торгуулийн цохилт хийлгэх хувилбар ч яригдаж байна. Торгуулийн цохилтод хожсон нь нэмэлт оноо авах юм. Яг хоккей шиг.
Тэмцээнд оролцох 48 баг гурав, гурваараа 16 хэсэгт хуваагдах аж
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй